Дорноговийн Прокурорын газар зөрчлийн хэрэг бүртгэлийн 1160 материал хянажээ

Дорноговь аймгийн прокурорын газар прокурорын хяналтын ажлын арга барил, чанар, үр нөлөө, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, прокурорын гаргаж буй шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх, хүний эрх, эрх чөлөөг тууштай хангахад прокурорын хяналтын ажлыг чиглүүлэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, аймгийн болон сум дундын прокурорын газраас нийт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 10 шалгалт, 3 судалгаа хийж,138 зөрчил илрүүлжээ. Зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 6 бичиж, захиргааны хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 13 шалгалт ,3 судалгаа хийж 222 зөрчил илрүүлж, захиргааны 6 шийтгэврийг хүчингүй болгож, 11 шийтгэврийг өөрчилж, зөрчлийг арилгуулахаар прокурорын 8 шаардлага бичсэн, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр 21 шалгалт хийж, 146 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 8 прокурорын шаардлага бичиж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр 11 шалгалт, 4 судалгаа хийж, прокурорын мэдэгдэл 52-ыг тус тус бичиж биелэлт үр дүнг тооцон ажилласан нь ажлын чанар, үр дүнд эергээр нөлөөлсөн ач холбогдолтой ажил болсон гэж дүгнэжээ.

Прокурорын үндсэн хяналттай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос нийт 130 гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авснаас 9 буюу 6,9 хувийг харъяаллын дагуу шилжүүлж, 121 буюу 93 хувийг нь байгууллага өөрөө шийдвэрлэсэн байна. Хүлээн авсан гомдол, хүсэлт, мэдээллийн 46 буюу 35.3 хувь нь гомдол, 82 буюу 63.0 хувь нь хүсэлт, 2 буюу 1.5 хувь нь мэдээлэл байна. Прокурорын үндсэн хяналттай холбогдуулан гаргасан гомдол, хүсэлт өмнөх оны мөн үеэс 31 буюу 31.9 хувиар өссөн байна.

Гомдол, хүсэлт, мэдээллийг холбогдох заавар журмын дагуу хүлээн авч хуулийн хугацаанд нь шалган шийдвэрлэж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт холбогдох заавар журмын дагуу хариу мэдэгдэж гомдол гаргах эрхээр хангаж ажилласан байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан хэргийн 222 хэрэг буюу 43,0 хувийг шүүхэд шилжүүлж, 120 хэрэг буюу 23,2 хувийг хэрэгсэхгүй болгон хэргийн эцэслэн шийдвэрлэлт 66,2 хувьтай байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,2 хувиар өссөн,үүнээс шүүхэд шилжүүлсэн хэрэг 54,9 хувиар, түдгэлзүүлснээс сэргээн шүүхэд шилжүүлсэн хэрэг 3 дахин, ажиллагааны хэрэгт бичсэн даалгавар 1,2 хувиар тус тус өссөн, түдгэлзүүлсэн хэрэг 1,5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарчээ.

Мөн Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт хийх 32 объектын 535 эрх бүхий албан тушаалтан, тэдний 2016 онд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан талаарх судалгааг оны эхэнд гарган хяналт тавих объект бүрт хүрч ажиллах үүднээс хэрэг бүртгэлтийн ажиллагааг төлөвлөгөөний дагуу болон төлөвлөгөөт бусаар шалгах, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж шийтгэл ногдуулсан материалыг хянах замаар хяналтын ажлыг зохион байгуулжээ. Аймаг болон сум дундын прокурорын газраас цагдаа, мэргэжлийн хяналт, гааль, татвар, багийн засаг дарга, гадаадын иргэн, харъяатын газар зэрэг газруудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд нийцэж буй исэхийг 13 удаа шалгасан нь өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад шалгалтын тоо 3 буюу  23 хувиар, шалгалтын явцад 146 зөрчил илрүүлэн түүнийг арилгуулахаар прокурорын шаардлага 8-ыг бичиж биелэлтийг нь тооцож ажилласан байна. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу болон шалгалтын явцад захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн  1160 материал хянаж хууль зөрчиж захиргааны шийтгэл ногдуулсан 6 шийтгэврийг хүчингүй болгож, 11 шийтгэвэрт өөрчлөлт оруулсаныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хянасан материал 37,4 хувиар, хүчингүй болгосон шийтгэвэр 83,3 хувиар  нэмэгдсэн байна.

Эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанд 168 удаа, Давж заалдах шатны шүүх хуралдаанд 29 удаа прокурор оролцож, санал дүгнэлт гаргаж чиг үүргээ хэрэгжүүлжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар хүлээлгэсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар төрийн 25 байгууллагын нэхэмжлэлтэй 407.286.811 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс шүүхээр нэхэмжилсэн нэхэмжлэлийн тоо 24-өөр шүүхээр шийдвэрлүүлсэн нэхэмжлэлийн мөнгөн дүн 300.179.975 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 6 сарын байдлаар хорих, баривчлах ялтай 9, торгох ялтай 8, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялтай 24, албадан ажил хийлгэх ялтай 10, ял тэнсэгдсэн 171, ял хойшлогдсон 14 ялтан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 2 этгээдийн /нийт 238/ ял, албадлагын арга хэмжээнд прокуророос хяналт тавьсан байна. Дээрх 238 ялтнаас ял бүрэн биелэгдсэн 48, дахин гэмт хэрэг үйлдсэн 2, шүүхийн шийдвэрээр ял нэгтгэгдсэн 1, одоогоор ажиллагаанд 187 ялтан байгаагаас 1.100.000 төгрөгийн торгох ялтай 1, хорих ялтай 7, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялтай 23, албадан ажил хийлгэх ялтай 3, ял хойшлогдсон 12, ял тэнсэгдсэн 140 ялтан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 этгээд шүүхээс оногдуулсан ялыг хууль, журамд заасны дагуу эдэлж байгаа юм байна. Прокуророос хяналт тавьсан хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтны тоог урьд оны мөн үетэй харьцуулахад 146 буюу 63.7 хувиар өссөн нь 2015 онд Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хууль гарч, хорихоос өөр төрлийн ялаас эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэнтэй холбоотойгоор 2016 онд ялтны тоо цөөн байсантай холбоотой гэж дүгнэжээ.

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )