ЦЭЦЭРЛЭГ: Харьяаллын хүүхдээс хандив, хураамж авах хориотой!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 14

"Таньдаг цэцэрлэгийн багш, эрхлэгч байна уу", "За байз хүүхдээ яаж нэг цэцэрлэгтэй болгоно оо" гэх яриа ойрын өдрүүдэд олны дунд нэлээд яригдах болов. Ярихаас яахав, намрын ажил эхэлж, наймдугаар сар дундаа орж байгаа энэ үед сургууль, цэцэрлэгийн асуудал сөхөгдөх нь зүйн хэрэг. Тэртусмаа цэцэрлэгт хүүхдээ оруулна гэдэг эцэг, эхчүүдийн "Толгойны өвчин" болдог. Энэ жил ч мөн ялгаагүй урьдын адил Улсын цэцэрлэгт хүүхдээ өгөхийг хүссэн иргэд эртнээс танил тал, хандив нэртэй хахуулийн мөнгөө бэлдээд эхэлжээ. Хүүхдээ цэцэрлэгт явуулах гэсэн эцэг, эхчүүдийн энэ байдлыг буруутгах аргагүй. Харин сургуулийн өмнөх боловсролын нөөц боломж ийм доройтолд хүрснийг хэн, хэзээ залруулах вэ.

Хахуулийн мөнгө хаашаа ордог вэ?

"Танилгүй нэгэнд хаалттай, танилтай нэгэнд нээлттэй" гэсэн орчин үеийн зүйр цэцэн үг бий болжээ. Үнэхээр цэцэрлэгт та танилгүй бас мөнгөгүй бол хүүхдээ өгнө гэдэг санасны гарз. Харин танилтай байгаад мөнгөтэй бол хүүхдийн цэцэрлэг нээлттэй. Баримт түшье.

Нэгэн танил маань өнгөрсөн жил хүүхдээ Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны цэцэрлэгт өгөхийн тулд 500 мянган төгрөг эрхлэгчид нь атгуулж байжээ. Хэдий харьяаллынхаа дагуух Улсын цэцэрлэг ч, эрхлэгчийн "Хүүхдийн тоо дүүрсэн. Хандивын ангид л ганц нэг хүүхэд авна" гэсэн үгнээс зөрөх өөр арга танилд маань байгаагүй аж. Ийм жишээг нэрлээд байвал маш олон. Бараг цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүн болгонд дээрх асуудал тулгардаг гэдгийг баттай хэлчихье. Харин "хандив" нэрийн дор халхавчилж авдаг хахуулийн мөнгө хаачдаг вэ. Улсын төсвөөс цэцэрлэгийн урсгал засварын мөнгийг гаргадаг. Ойр зуурын анги тохижилтын зардлыг тухайн ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс гаргуулчихдаг. Ийм байхад хүүхэд цэцэрлэгт ороход "хахуульд" авдаг 500-800 мянган /1 хүүхэд цэцэрлэгт орох ханш/ төгрөг хаачдаг хэрэг вэ.  Нэг хүүхдээс дунджаар 600 мянган төгрөг гэж бодохоор нэг ангийн 10 хүүхэд хахууль өгч орлоо гэхэд багагүй мөнгө "Хандив"-аар цугларна. Энэ мөнгөний зарцуулалтын тайланг гаргаж, олон нийтэд ил үзүүлсэн цэцэрлэгийн жишээ одоогоор лав алга. 

"Хандив" нэрээр халхавчилсан Хахууль

Энэ нийгэмд бугшсан бузар булай үзэгдэл бол авлига буюу хээл хахууль. 

Монгол хэлний тайлбар толь бичгээс үзэхэд “Авлига” гэдэг нь  есөн бусаар шунаж авсан эд юм хэмээх тайлбартай байдаг юм байна. Харин 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуульд “Авлига” гэдгийг “төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо  олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх эрх зүйн зөрчлийг хэлнэ” гэж томъёолжээ.

Төрийн албан хаагч хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа хийснийх нь төлөө иргэд бэлэг, урамшуулал өгч давраадаг гэж хуулийн байгууллагынхан үздэг юм билээ. Ингэж урамшуулал авч сурсан хүн дараа нь иргэдээс хахууль авахаар хясан боогдуулдаг. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтнууд өөрийн эрх мэдлээ хууль бусаар ашиглан, бусдыг хясан боогдуулах, эсвэл айлган сүрдүүлж хахууль авна гэсэн үг.

Яг л энэ жишээ цэцэрлэг дээр яруу тодоор буй болоод байгаа юм. Хүний гарцаагүй хэрэгцээг зарим цэцэрлэгийн эрхлэгч нар ашиг хонжоо олох аргаа болгож байна гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй. 

Гэртээ цоожлуулж үлдсэн хүүхдүүд эрсдэлтэй нөхцөлд өсөж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Ингэж хүүхдээ эрсдэлд оруулахгүй, бас өөрөө ажил хийж өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх, ядаж л хоосон хонохгүйн тулд цэцэрлэг эцэг, эхчүүдийн мөрөөдөл болоод байна. Харин мөрөөдлөө биелүүлэхийн тул хандивын мөнгө олох хатуухан сорилттой нүүр тулна.

Ингэж хандив авахыг дотоод дүрмээрээ зохицуулсан байдаг гэж зарим цэцэрлэгийн эрхлэгч аав, ээж нарт нь хэлсэн байна. Энэ талаар нийслэлийн  Боловсролын газрын албаны эх сурвалж “Цэцэрлэгийн эрхлэгч хүүхдийн бүртгэлтэй холбоотой ямар нэг хандив, хураамж авахыг хориглосон сайдын тушаал бий.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан даалгаварт ч “хориглоно” гэж тусгасан байгаа. Тэр тусмаа харьяаллын  хүүхдээс хандив, хураамж авах хориотой” гэсэн юм.

Ер нь аль ч цэцэрлэгийн дотоод дүрэм, журамд хандив авах тухай заалт байхгүй. Харин тухайн цэцэрлэгийн Эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар байгууллагад хэрэгцээтэй эд материал авч өгөх саналыг нийт эцэг, эхийн тодорхой хувь нь дэмжиж байж л хэрэгжих учиртай. Үүнийг л байгууллагын дотоод дүрмээр зохицуулдаг. Түүнээс биш эцэг, эхээс бэлэн мөнгө, эд материал шууд авч болохгүй гэдгийг албаныхан анхааруулсаар ирсэн. Гэтэл бодит байдал дээр энэ бүхэн эсрэгээрээ байдаг нь харамсалтай.

Та бод доо, нэг ангид 50 хүүхэд авах ёстой байтал, анги дүүргэлтийг 40 хүүхдээр таслаад үлдсэн 10 хүүхдийг "Хандив буюу Хахууль" өгвөл авдаг хатуу жишгийг зарим цэцэрлэгийн эрхлэгч нар тогтоосон байдаг гэнэ. Энэ бол бодит үнэн. Өдгөө манай улсад цэцэрлэгийн хүрэлцээ хомс, хомс дээр нь ашиг хонжоо хайгчид ийм хууль бус зүйлийг дэлгэрүүлж байгаатай хэн хариуцлага тооцох вэ. Төр засаг, түмэн олон цэцэрлэгийн хүүхдээр бизнес хийгчидтэй хатуу тэмцэх цаг болсон.

Авлига хээл хахууль авсан хэнбугайг ч хатуухан донгодож, шийтгэх үүргээ төр хариуцлагатай хэрэгжүүл. Харин "Хандив буюу хахууль" өгч цэцэрлэгийн эрхлэгч нарыг давраадаг хайнга үйлдлээ эцэг, эхчүүд минь зогсоо! Тэгэхгүй бол ийм гаж тогтолцоо үргэлжилсээр, энэ нийгмийн бохир үзэгдэл нэмэгдсээр байна.   

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.6) 2017 оны 08 сарын 15

Ugaasaa l hahuuli ugch oruuldagsh dee

0  |  0
С.Сүрэнжав(202.9.42.59) 2017 оны 08 сарын 14

Өвөө.эмээ нар ач. зээ нартаа сургуулийн өмнөх боловсролыг олгохын тулд НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГЫН 2017,06,02 -ны А/40 тооттушаал , *ЗАСАГ ЗАХИРГАА НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ.ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ* хуулийн 33,5 түүнчлэн* БОЛОВСРОЛЫН ТУХАЙ * хуулийн28* 1,1 ,, 28*1,6 ,, 28*3..28*4- т заасныг үндэслэн СБД-ын 4-р хороонд амьдардагаа баталсаар байтал ач зээ нарыг минь оршин суугаа газрын 40 дүгээр цэцэрлэгт бүртгэдэгүйн учиртай юунд байна бэ ??? УИХ - гишүүн ЦОГТБААТАР,ИТХ-ын гишүүн БАТТУЛГА. СБД -ын ИТХ-ын гишүүн ОНОН та бүхнийг юуны төлөө БИД СОНГОСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА

0  |  0
Uyanga(66.181.160.24) 2017 оны 08 сарын 14

Hahuuli ogohgv l bol tsetserlegt hamruulj chadahgvi uchraas oghoos oor arga bdaggv shv de.Ilvvde garsan 500,0tog gej haana bhaw.Bolowsroliin yam zohih gazar n heleed shalguulmaar baiwch ted n bidniig hvleej awhuuda.Awlaa gd arga hemjee awhuuljigad oruullaa gehed onoo hedn bagsh n vr hvvhdiig min ad shoo vzeed ehelne shv de. Tsetserleg bvr dr bvrtgel yawah hugatsaand hyanagch suulgamaar yum.

0  |  0
Буянжаргал(103.29.144.130) 2017 оны 08 сарын 14

Нэг ангид 50 хүүхэд авах ёстой биш шүү дээ. 1 ангид 25-30 хүүхэд авах нормтой байдаг. Мөн төрөөс ангиа тохижуул гэж ганц ч төгрөг өгдөггүй учраас багш эцэг эхчүүдээ анги тохижуулах ажилд уриалан оруулж аргагүй мөнгө авахаас өөр аргагүй болдог. Ингээд мөнгө хуримтлуулсан багшийг буруутгадаг. Харин сайхан сэтгэлтэй хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй ангид нь чадах чинээгээрээ тусалдаг аав ээжүүд олон байдаг шүү

0  |  0
Бодол(182.160.1.66) 2017 оны 08 сарын 14

Давраагаад байгаан биш өөр аргагүй болоол нэхсэнийг нь өгөөд хүүхдээ оруулдаг.Цэцэрлэг элбэг байдаг бол цэцэрлэгийн дарга нар даварч чадкүй шүүдээ.Хувийн цэцэрлэгүүд нь үнэтэй.Хахууль өгч хүүхдээ оруулчаад матаал явж байдаг ээж аавууд гэж юу байхав.

0  |  0
Бодол(182.160.1.66) 2017 оны 08 сарын 14

Аль цагийн л хандив авдаг л байсан.Анх удаа орж бга хүүхдүүд хахууль өгөөл ордог болсон нь үнэншдээ.Сэмхэн мөнгө атгуулаал ок болдог.Доод тал нь 800 өгч оруулж байсан нь зөндөөшдээ.Даанч хэл балгүй цэцэрлэг олдож л байвал мөнгө төгрөг нь яахав2 гээл байж байдаг уужуу сэтгэлтэй эцэг эхүүд олоон олон.

0  |  0
zocin(49.0.218.160) 2017 оны 08 сарын 14

xubiin tsetserlegiig olnoor ajiluulsan ni deerdee gexdee mahs xiamd ortgoor ajiluulax estii eniig bolobsroliin gazar xuulicnilj zoxitsuulaxz estoi hseee bolosroliin said geed bga manuuxaigiin xiix ajil hsdee tosbiin mongoor tatbar tologcn nariin tsalingaar tsalinjij baij ajlaa xiigeecndee xvn am zyin bodlogo cn enemd orox estoi xvn amaa zob teghs osgoj baij mongol xogjino ulls ornoo xogjyylexiin tuld xyn amaa nemex estoi battulga aa

0  |  0
Зочин(202.21.117.122) 2017 оны 08 сарын 14

Байнга л татаас авдаг ш дээ хүүхдүүдээ ад үзүүлэхгүйхэн шиг харуулахын тулд нэхсэнийг нь л өгдөг Анги засварын мөнгө гэж 30000 төгрөг жил бүр авдаг 70 хүүхдийн 30 аар бодоход 2сая 100 төгрөгөөр засвар хийчээд ядаж 2 жил тэсдэггүй л юм байх даа гэж боддог ч хүүхдээ бодоод өгдөг л дөө За тэгээд жилийн дундуур ийм ч юм авна тийм ч юм авна гээд л байнга л мөнгө нэхдэг ш дээ цэцэрлэгүүдийг сайн шалгаж анхааруулах хэрэгтэй ш дээ

0  |  0
Top