Хятадын хамгийн баян хүнээр нэрлэгдэж буй Пони Ма

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 14
"Алибаба" цахим сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Жак Ма Хятадын хамгийн баян хүн байхаа болилоо. Түүний оронд Хуатен Ма баячуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. 
Пони Ма гэдгээрээ олонд илүү танигдсан тэрээр интернэт ертөнцийн томоохон компани болох "Tencent"-ийг үүсгэн байгуулагч юм. Хонгконгийн зах зээл дээр Тенсентийн хувьцаа 2,9 хувийн өсөлт үзүүлснээр түүний нийт хөрөнгө 36,4 тэрбум долларт хүрсэн нь түүнийг Хятадын хамгийн баян хүнээр нэрлэх үндэс нь болсон юм.
Өнгөрсөн 5-р сард Тенсентийн зах зээлийн үнэлгээ 343 тэрбум долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 компанийн жагсаалтад багтах болсон билээ. 
"Tencent" компани цахим ертөнцөд онлайнаар худалдаа хийх, тоглоом тоглох зэрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд “QQ.com” нь дэлхийн хамгийн том 10 вэб хуудсанд багтдаг байна. Мөн Хятад даяар 1 тэрбум орчим хүн хэрэглэдэг "WeChat" аплэкшнийг хөгжүүлсэн билээ. Тэд 2011 оны нэгдүгээр сараас хойш тус програмыг хөгжүүлж, өдгөө 938 сая хэрэглэгчтэй болоод буй. Энэ аппликейшний тусламжтайгаар зөвхөн бусадтай холбогдож, мессеж бичих биш төлбөр, тооцоо хийх, үйлчилгээ захиалах, мөнгө шилжүүлэх болон дэлгүүрт төлбөр төлөх зэрэг олон янзаар ашиглах боломжтой юм.
Хятадын баячуудын тоонд зүй ёсоор багтсан Пони Ма олсон ашгийнхаа багагүй хувийн буяны ажилд хандивлаж байгаа нь чинээлэг иргэдийн дунд сайхан үлгэр дууриал болоод байгаа аж. Тэрбээр "Тенсент буяны сан"-д 2.15 тэрбум доллар төвлөрүүлэн түүнийгээ зөвхөн бусдын сайн, сайхны төлөө зориулсан байна.   Түүнээс гадна Тенсент жил бүр "бүх нийтээрээ өгөх өдөр"-ийг зохион байгуулдаг болсон. Өнгөрсөн оны есдүгээр сард болсон уг арга хэмжээний үеэр гуравхан өдрийн дотор 44 сая долларын хандив цугласан байна. 

Дээрх мэдээллээс, Хятад улсын хандивлагчдын хүрээ зөвхөн баячуудыг гэлтгүй нийгмийн бүх давхаргыг хамарч байгаа нь харагдаж байна. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ма(66.181.188.199) 2017 оны 08 сарын 15

монголд нэг монгол ма байдаггүй вм байхдаа

0  |  0
Top