СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд хулгай дээрмийн хохирогч болохоос сэргийлэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

Энэ сарын 13-наас 14-ний шилжих өдөрт хулгай дээрмийн 26 үйлдэл бүртгэгджээ. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд юм. Иргэд та бүхэн өөрийн эд хэрэгсэлдээ хянамгай хандахгүй бол гар урттай нэгний өгөөш болоход амархан билээ.

Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлж буйгаас үзвэл иргэд машин, халааснаасаа болон амралтын газарт эд хөрөнгөө хулгайд алдах, дээрэмдүүлэх үйлдэл ихсэж байна. Харин ийнхүү алдаж буй эд зүйлсийн ихэнхийг гар утас эзлэж байгаа аж.

Хулгайн хэргүүдийг тодруулбал:

robbery зурган илэрцүүд

-       Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд “Самсунг А-7” загварын гар утас алджээ. Хохирогч “Well mart’ худалдааны төвийн лангуунаас алдсан аж. Энэхүү хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэг шалгаж ажиллан гэмт этгээдийг баривчилжээ. Гэмт этгээд нь тус дүүргийн наймдугаар хорооны харъяат 51 настай эрэгтэй А-г хоёр этгээдтэй хамтарч хулгай хийснийг тогтоожээ.

-       Сонгинохайрхан дүүргийн “Их нарангийн...” тоотод хулгай оржээ. Хулгайч “MMBC” сансрын хүлээн авагч антень, “LG” маркын гар утас, Зэс аяга, таван кг хонины мах зэрэг зүйлс хулгайлсан байна. Ийнхүү тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэг шалгасны эцэст тус хорооны харъяат 39 настай Г-г хэрэг үйлдсэн болохыг илрүүлсэн аж.

-       Налайх дүүрэгт орших зуслангийн байшинд хулгай оржээ. Энэхүү хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс үзээд тодорхой оршин суух хаяггүй 36 настай эрэгтэй О, 34 настай эрэгтэй М нарыг бүлэглэн хулгайн хэрэг үйлдсэн болохыг илрүүлсэн байна. Тэд морин хуур, зургын аппарат, майхан хулгайлжээ.

-       Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороонд автомашинаасаа гар утсаа алджээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэг шалган хэрэгтнийг илрүүлсэн байна. Гэмт этгээд Хөвсгөл аймгийн Түнэл сумын харъяат 20 настай У гэх эрэгтэй болохыг тогтоожээ. Тэрбээр “Samsung-801” загварын гар утсыг “Bongo” загварын машинаас хулгайлсан аж.

Мөн Налайх дүүрэгт амралтын гэрээс хулгай хийсэн хоёр этгээдийг баривчилсан байна. Иргэд та бүхэн амралтын газарт амрах үедээ анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Үгүй бол сиймхийг тааруулан, халаасаа амар аргаар дүүргэхийг хүсэх, шуналтай хүмүүс таны хөдөлгөөн бүрийг ажиглаж байгаа шүү.

 Иргэд гадуур явах үедээ анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Эс тэгвээс арга нь нарийсаж буй гэмт этгээдүүдийн өгөөш болох магадлал ихсэж байгаа билээ.


Дээрмийн хэргүүдийн талаар тодруулбал:

Холбоотой Зураг

-       Баянгол дүүргийн 16 дугаар хороонд бүлэг танхай, дээрмийн хэрэг гарчээ. Үл таних этгээд 23 настай Г гэх эрийг гэртээ харихаар явж байхад нь бүлэглэн зодож танхайран, дээрэмдсэн хэрэг гарсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэг шалган 17 настай Т гэх тус дүүргийн этгээд бүлэглэн үйлдсэн болохыг илрүүлжээ. Тэд “Pradа” гар утас, савхин хүрэм, 3000 төгрөгийг нь дээрэмдэж зугтсан аж.

-       Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дээрмийн хэрэг гарчээ. Уг хэрэг Цамбагаравын замын урд орших автобусны буудал дээр болсон аж. Хохирогч 54 настай Д гэх эрэгтэйн Samsung Galaxy S3” гар утас, түрүүвчтэй 50,000 төгрөгийг бүлэглэн танхайрч, дээрэмдсэн байна. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэг шалгасны эцэст 32 настай эрэгтэй Ж гэх Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн, бусадтай хамтарч үлйдсэн болохыг илрүүлжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн “Миний зах”-ын урд, Офицеруудын ордны автобусны буудал дээр гар утсаа дээрэмдүүлсэн зэрэг хэргүүд гарчээ. Үүнээс гадна Хан Уул дүүрэгт дээрэмдүүлж, зодуулсан иргэн байхыг ч олсон байна.

Ц. Сугар

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top