Эргэлзээ төрүүлсэн статистикийн мэдээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

...Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926,4 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 52.0 /6.0  хувь/ мянган төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 23,3  /4.8  хувь/ мянган төгрөг, тэтгэвэр тэтгэмжийн орлого 23,9  /14.9  хувь/ мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ...

Үндэсний статистикийн хороо. 2017. 8.14-ний өдөр

Дээрх мэдээлэлд дурдагдсанаар бол монголчуудын цалин орлого өсч, өрхийн амьжиргааны төвшин дээшилж байгаа юм байх. Гэвч бодит байдал дээр ямар байна вэ. Үндэсний статистикийн хорооны мэдээлээд байгаа шиг үнэхээр цалин хөлс нэмэгдээд нэг өрхийн орлого 900 гаруй мянган төгрөгөнд хүрэв үү. Захын хүнээс асуухад, "За арай худлаа байх аа" хэмээн эргэлзэж байна. Эргэлзэхээс ч аргагүй. Өнөөдөр Монгол Улсын иргэдийн олонхи нь ядруухан амьдарч байна. Юун сарын орлого сая төгрөг дөхөх. Хоёр идэж хоосон хонохгүй хорвоог туулж байгаа нь бодит үнэн. Харин яагаад статистикийн мэдээгээр ийм дүн гараад байдаг нь хачирхалтай. Яахав, хүн амын цөөнх ажилладаг хувийн хэвшлийнхэн хувиараа бизнес эрхлэгчдийн сарын орлогыг хамаатуулан бодсон нь ийм үзүүлэлт гаргасныг үгүйсгэхгүй. Гэхдээ эмч, багшаас эхлээд энэ нийгмийн ихэнхи массын цалин ийм өндөр биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, өдгөө монголчуудын амьдрал хоёр тийшээгээ /баян, хоосон/ улам л тэлсээр байна. Үүнийг гэрчлэх ганцхан жишээг одоо дурдъя.

Эрдэнэтийн захирлууд ба эмч нарын цалинг хар!

Нулимс шиг цалинтай эмч нар ба далай шиг цалинтай Эрдэнэтийн захирлууд

Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалин ийм байхад, түмнийг эмчлэгч эмч нарын цалин хэд гэж та бодож байна. Энд нэгэн эмчийн бичсэн зурвасыг нийтэлье.

"Өнөөдөр хүүхдийн сургалтын төлбөр төлөх өдөр мөнгө байвал зээлээч, надад юу байхавдээ, чи цалингын зээл аваад төлчөөч, байрны мөнгө төлөх шаардлагатай байхад цалин юундаа ч хүрэлгүй дуусчихлаа, яахвээ хүүдээ нэг шинэ хувцас хунар авч өгөх юмсан.

Ийм үгсийг эмч нарын ярианаас олон сонсож явлаа. Өшөө бүүр хэцүү асуултуудтай тааралдаж байсан ч энд дурдсангүй. Учир нь би өөрөө эмч, анагаахын их сургуульд ажиллаж үзсэн хүний хувьд хэлэхэд ер нь эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан нарын амьдрал их хэцүү байгаа шүү дээ үнэндээ. Гэхдээ тэд хөөрхий эрийн сайндаа янз бүрийн арга олоод амьдраад яваад байдаг юм. Ажлын хажуугаар хийж болох бүх л зүйлийг цаг байвал хийнэ. Яагаад гэвэл тэдэнд энгийн л амьдрахад цалин нь хүрдэггүй юм. Үнэндээ эмч хийнэ гэдэг тийм амар ажил биш шүү. Тэрийгээ дагаад ч тэр үү манайхны ихэнхи эмч нар төрөлх хэлнээсээ гадна дахиад дор хаяж нэг хэл илүү мэддэг. Хижээл насны эмч нар толгой дараалан Орос хэлэнд ус цас, арай залууханууд нь Англи хэлээр чөлөөтэй. Тиймээс тэд нар заримдаа мэргэжлээрээ биш өөр зүйлд цаг зарцуулан амьдралаа бүтэн болгохоор зүтгэнэ. Монгол эмч нарын дундаж цалин сард 792800 (долоон зуун ерэн хоёр мянга найман зуу) төгрөг (жилд 792800*12=9512600 есөн сая таван зуун арван хоёр мянга зургаан зуун төгрөг). Резидэнт эмч нар бол бүр нэг төгрөгийн ч цалингүй хоёр жил зүтгэнэ. 

За ингээд бодохоор Монгол эмч нарыг үнэхээр хямд үнэлж байгааг би мэдсэн. Тэд нар их өрөвдөлтэй сардаа заавал ээлжээр нилээд хэд хоног ажил дээрээ хононо, ажлын орчин нь нэг ширээ нэг сандал тэгээл болоо доо хөөрхийс, бусад ажилдаа хэрэглэх компьютер тэргүүтэнийг өөрсдийн өнөөх бага цалингаасаа авна. Өдөрт их хүн үзэх үүрэгтэй, цаг зав гарахгүй. Заримдаа сонин сэтгүүлээр муулуулна. Ар гэртээ цалин мөнгөөрөө тусална гэдэг ч хэцүү дээ. Өөрсдийгөө болгож байвал л бараг дээдийн заяа болдог байх. За ер нь тэгээд хүн гэдэг амьтан сайхан амьдрах гэж энэ хорвоод ирсэн болохоос биш, бага цалингаар өөрийгөө болон ар гэрээ зовоох гэж ирээгүй шүү дээ. Монголд эмч хүний цалин нь олон хүний инээдийг хүргэнэ..." гэх зэргээр бичжээ.

Хүн ардын эрүүл энхийн манаанд хонон өнжин, нойр хоолгүй зүтгэх эмч нар нулимс шиг цалин авч байхад Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн захирлууд далай шиг цалин авчихаад Арабын Шах шиг хангамж эдлээд амьдарч байна. Бодит байдал ердөө л энэ. За тэгээд, багш нарын амьдралыг энд дурдвал бас л хэцүү. Багахан цалингаа хүргэх гэж баахан зовж байгаагаа учирлах багш нар хаа сайгүй байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд хяналт тавъя

Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн, амын багагүй хувийг эзлэх багш, эмч нараар л жишээ татахад ийм байна. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийх болгондоо амьжиргааны төвшин дээшилж, амьдрал сайжирч байна хэмээн зарлах юм. Ер нь яах гэж, Стастистикийн хороо гэж байдаг юм бэ. Мэдээж тухайн улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийн бодит үнэнийг гаргуулах гэж шүү дээ. Харин тэрхүү гаргасан мэдээлэлд нь шийдвэр гаргагчид анализ хийж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах арга замыг санаачлахад л эцсийн зорилго нь буй. 

Тиймээс ч статистикийн газрын гаргаж буй мэдээлэл, статистик маш зөв байх ёстой. Зөв байлгахын тулд ч хуулийг нь батлаад, даргыг нь сөрөг хүчнээс томилдог. Гэтэл сүүлийн үед гаргаж байгаа тоо, мэдээлэл тун эргэлзээтэй. Олон түмэнтэй уулзахаар бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, инфляци хөөрөгдсөн гэж ярьж байгаа. Харин статистик шал өөр мэдээлэл гаргаад байх юм. Ер нь статистикийн гаргаж байгаа мэдээлэлд хэн хяналт тавьдаг юм бэ. Магадгүй зарим иргэдийн "Улс төрчдийн захиалгаар худлаа мэдээ гаргаж, ард иргэдийн тархийг угаадаг" гэх яриа ортой байхыг үгүйсгэхгүй. Сар, улирал тутамд л ард иргэдийн амьжиргаа, амьдрал дээшлээд байна гэж "Уран донгодогч" Үндэсний статистикийн хорооны мэдээлэл үнэн гардаг гэхэд үнэхээр эргэлзээтэй.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххххххххххх(202.131.228.178) 2017 оны 08 сарын 16

бодож байгаа аргачлал, энэ тэр нь зөв байж болох. гэхдээ үнийн дүнг гаргадаг САГСанд нь яг мөнгө үрдэг хэсгийг оруулдаггүй гэж ойлгоод байгаа тэгээд л дүр дүн нь энэ. бас нэг зүйл дундаж гэж хэлээд байгааг нь сайн анхаарах хэрэгтэй. нийт цалин авдаг хүмүүсийн авдаг мөнгиний аль хэсгийг нь хэлээд байгааг? маш олон төрлийн ДУНДАЖ байдаг. минийхээр бол өрхөд яг орсон мөнгө нь 340”000₮ орчим л гардаг. гэтэл арай өөрийг зарлаад байдаг шдээ

0  |  0
Top