Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал болж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 17

 Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлтэд Төрийн ордонд боллоо. “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээнд оролцохоор дэлхийн 40 гаруй улсын 200 гаруй яруу найрагч Монгол Улсад хүрэлцэн иржээ. “Монголын Соёл Яруу Найргийн Академи”-иас санаачлан зохион байгуулж буй “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээний хүрээнд “Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал” Улаанбаатар хотод өнөөдөр болж байна.

  Арга хэмжээнд дэлхийд нэр хүндтэй урлаг соёлын зүтгэлтэн, уран зохиолын салбарын нобелийн шагналтан, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, зохиолч, нийтлэлч, яруу найрагчид оролцож байгаа юм. Мөн монголын түүх, соёл, өв уламжлал, байгаль, ард түмний тухай шүлэг, яруу найраг, нийтлэлийг дэлхийн олон нийтэд түгээн танилцуулах ажээ. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ, “Дэлхийн Яруу найрагчдын 37-р их хурлын зочид төлөөлөгчид, эрхэм хүндэт яруу найрагчид, уншигч та бүхний амгаланг айлтгая. "Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" агуулгын доор болж байгаа Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд хийгээд Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Данзанравжаа Олон улсын яруу найргийн наадам нь өнөөдөр манай гариг дэлхий хийгээд хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль экологи, хүний сэтгэл хоёрын хоорондох оюун санааны маш нандин холбоо шүтэлцээг хөндөж байгаа нь чухам XXI зууны хүн төрөлхтөнд тулгараад байгаа амин чухал асуудал мөн.

Өнөөгийн дэлхий ертөнцөд нийгмийн хөгжлийг ойлгох ойлголт хэт программчлагдаж, эд юмс өмч хөрөнгийн үйлдвэрлэл, технологийн дэвшлийг л хүний оршихуйн шийдвэрлэх хүчин зүйлс болгон шүтэж буй цагт үгийн урлагийн мөн чанарыг танин мэдүүлэх, яруу найргийн бурханлаг увдис чадлыг хүмүүст мэдрүүлэх нь нэн чухал байна” гэжээ. Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээнд мөн “Данзанравжаагийн нэрэмжит олон улсын яруу найргийн наадам” Дорноговь аймгийн Хамарын хийдэд болох юм. 


Т.Түвшин

 ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top