П.Сэргэлэн: Гурилын үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

Энэ зун цаг агаарын хэт халалтын улмаас ихэнх нутгаар ган болсон юм. Улмаар тариалан эрхлэгчдэд хүндрэл учирч, ургацын болцод муугаар нөлөөлсөн. Энэ сарын 7-12 ны өдрүүдэд тариалангийн бүс нутгуудад, мэргэжилтнүүдээс бүрдсэн дөрвөн ажлын хэсэг ажилласан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ, Төв аймгийн баруун талын тариалан эрхэлдэг сумдууд, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган  сумдууд ганд их нэрвэгдсэн газрын тоонд орж байгаа аж. Харин Сэлэнгэ, Орхон, Дархан ганд бага нэрвэгдсэн байгаа гэнэ. Энэ зуны хувьд тавдугаар 20-оос долдугаар сарын 10-ыг хүртэл тариалангийн ихэнх бүс нутгуудад нийтдээ 40-50 хоног. Зарим бүсүүдэд долдугаар сарын 28-ыг хүртэл 60 хоног хур тунадас ороогүй юм. Улмаар ихэнх бүс нутгийн агаарын температур 32-41 хэмд хүрч 3-4 удаагийн 6-10 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан байна. Энэ нь таримал ургамлын өсөлт хөгжилтөд нөлөөлж, улмаар ургацын хэмжээг үлэмж бууруулсан юм. Энэ удаагийн зуншлага нь 1960 оноос хойших хамгийн дээд хэмжээний халалт гэж бичигдэж байгаа аж.Тэгвэл энэ тухай ХХААХҮЯ-аас мэдээлэл өглөө.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Ургац хураалтын бэлтгэл ажилтай холбогдуулан тариаланчдын зүгээс Төр засагт хандаж дараах хүсэлтийг тавьсан. Улмаар бид санал хүсэлтийг судалж хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд: Тариалан эрхлэлтийн  дэмжих сангийн өр авлагыг тооцож авах орсон. Ингэхдээ хүнсний буудайн үнийг өнгөрсөн жилийнхээс бууруулахгүй буюу энэ жил нэг тонныг 600000 төгрөгөөр худалдаж авна. Өнгөрсөн жил нэг тонныг 560000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тариалан эрхлэгчдийнхээ хөдөлмөрийг үнэлэн ийнхүү үнийг тогтоосон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний буудайнд олгох мөнгөн урамшууллын хэмжээг өнгөрсөн оныхтой ижил төвшинд байлгахаар болсон. Ургац хураалт борлуулалт дуустал 11 сарын 21-н хүртэл импортын хүнсний будайнд код олгохгүй байх шийдвэрийг мөн гаргасан. Тариалан эрхлэгчдийн санд төлөх тариаланчдын өрийг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэртэй байгаа. Ургац хураалтанд шаардах 5,4 мянган тонн шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр, зээлээр олгох ажлыг шуурхай хийж байна. Ургац хураалтад гэрээгээр ажилладаг оюутан, цэргийн нэг өдрийн хөлсийг 20 мянган төгрөг байхаар тооцсон. Мөн үүлэнд нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Эдгээр саналуудыг холбогдох байгууллагатай хамтран аль болох ойрын хугацаанд боломжтой хувилбараар хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм. Энэ жилийн таримлын болц урьд жилийнхтэй харьцуулахад эрт байгаа хэдий боловч, сүүлийн өдрүүдэд орж байгаа борооны улмаас ургац хураалтын ажил хүндэрч болзошгүй байна. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ-д ургац хураалтын штаб байгуулагдаж ажиллана. Зайлшгүй тохиолдолд Улсын комиссыг хуралдуулах болно. Манай улсын хувьд ургац алдах төлөв байдал ажиглагдаж байгаа.  Миний бие хоёр хоногийн өмнө ОХУ- д айлчилсан. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко болон бусад албаны төлөөлөлтэй уулсан.   Улмаар 170-200 мянган тонн улаан буудай ОХУ-аас худалдаж авах санал тавьсан. Энэ жил өвөлжилтийн байдал хүндэрч байгаа. Монгол Улсын хэмжээнд жилд 1200000 тонн хадлан, өвс тэжээл бэлтгэдэг. Энэ жилийн гантай нөхцөл байдлаас болж төв болон баруун хэсгүүдийн хадлангийн бэлтгэл хүндрэх төлөвтэй байна. Малчдад 400 мянга орчим тонн өвс дутагдаж байгаа. Энэ тухай асуудлуудыг ОХУ-д мөн тавьсан. Өнөөдөр Ерөнхий сайдын албан тоот ОХУ-д хүргэгдэж байгаа. ОХУ-ч өвс болон буудайн асуудалд нааштай хариу өгсөн. Үүнд гарах асуудал нь тээврийн асуудал байна. Тиймээс энэ асуудлыг засгийн газрын хэмжээнд шийдвэрлэхээр болсон. Энэ жил байгалийн хүчин нөлөөнөөс болоод ургац алдсан ч гэсэн Монгол Улсын дотоодын хэрэглээний гурилын үнийг  нэмэхгүй байх бүрэн боломжтой. Гурилын үнэ нэмэгдэхгүй гэдгийг ургацын комиссын даргын хувьд албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

ОХУ-аас 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг таван жилийн хугацаатай зээлээр авч байна

Тариаланчид ургацаа хураахад болон тээвэрлэхэд тоног төхөөрөмж, шатахууны нөөцөөс эхлээд хүндрэл учрах тохиолдол бий. Тэгвэл энэ тухай дараах арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун  мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Одоо хурааж авах ургацаар дотоодынхоо гурилын нөөцийн  40-50 хувийг хангах боломжтой. Ургац хураалттай холбогдуулан ОХУ-аас 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг таван жилийн хугацаатай зээлээр авч байгаа. Цаашид хугацааг нь сунгаж 10 жил болгох боломжтой. Энэ жилийн хувьд гурил импортлохгүй. Сая ОХУ-д уулзалт хийхдээ зөвхөн улаан буудай л авахаар болсон. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлыг ч мөн хийж байгаа. 8,9 дүгээр саруудад газар тайлангийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх газруудын нөөцийг бэлтгэх болно” гэв.

Тавдугаар сарын 10-аас долдугаар сарын 20-ны хооронд үргэлжилсэн гангаас болж ургац алдсан

Ургац алдах болсон шалтгааныг УГТЭШХ-н захирал, доктор Н.Баярсүх дараах байдлаар тайлбарлалаа. Тэрбээр “Төв Сэлэнгэ, Орхон, Булган , Хөвсгөл, Дархан, Архангай гэх мэт тариалан эрхэлсэн газруудын 97,3 хувьд ажлын хэсгүүд  ажиллаж, ургацын байдалтай танилцсан. Ажлын хэсэг дөрвөн хэв шинжийн тариа байгааг гэж тогтоосон. Тухайлбал, Төв аймгийн баруун өмнөд бүс, булганы өмнөд сум, Хэнтий аймгийн Хурх, Дорнод аймгийн Баянтүмэн, Халх гол, Сэлэнгэ аймгийн зарим талбай ургац алдаад байна. Энэ талбайнууд ургацынхаа 20-40 хувийг алдсан гэхэд болно. .Хоёрдугаарт,  хаврын сүүл үеэр бороо орсноос болж долдугаар сарын сүүлээр соёолсон ургац их байна. Эдгэр ургацыг ашиглах боломжгүй. Энэхүү тариануудын хураах боломжтойг нь хураах, боломжгүйг нь хадланд ашиглах зөвлөмжийг өгч байгаа. Гуравдугаарт, хэвийн тариа орно. Энэ нь ганд тодорхой хэмжээгээр өртсөн боловч хэвийн ургасан гэсэн үг. Хэрэв  цаг агаарын аюулт үзэгдэл болохгүй бол хэвийн ургацаа бүрэн хурааж авах боломжтой. Ерөнхийдөө 2016 оныг бодвол хэвийн тариа бага байгаа юм. Дөрөвдүгээрт оройтож болсон тариа орж байна. Энэ нь тавдугаар сарын сүүлээр ургасан гэсэн үг. Одоогоор энэ талбайнуудын болц дунд шатандаа явж байгаа. Эдгээр талбайнуудаас боломжийн ургац хурааж авах төлөвлөгөөг гарсан. Дээрх талбайнуудад хяруунаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Хавар тариалалтын чанар сайн байсан. Үндсэндээ 75,5 хувийн соёололттойгоор тариалалт хийгдсэн байлаа. Гэвч тавдугаар сарын 10-аас долдугаар сарын 20-ны хооронд үргэлжилсэн гангаас болж ургац алдсан. Мөн тариаланчдаас нөлөөлөх зарим нэг хүчин зүйл бий. Тухайлбал, сортын сонголт буруу, тариа тарих хугацаагаа буруу тооцоолсон гэх мэт шалтгаан байна” гэсэн юм.

Нэг боодол өвсийн үнэ нэмэгдэж, цас ахиухан ороход өвөлжилт хүндрэх  магадлалтай байна

Тариалалтын хажуугаар малын бэлчээр, хадлан, өвс, тэжээлийн нөөц хүндээр тусч байгаа аж. Энэхүү асуудлын талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс тодрууллаа. Тэрбээр  энэ тухай хэлэхдээ “Онцгой байдлын ерөнхий газраас ган гачгийн үнэлгээний ажлын хэсэг ган болсон нутагт ажиллаж байгаа.  Мөн мал өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажил, бэлчээрийн нөөц, ургамлын сүүлийн бүрдэл ямар байгааг судлах ажлын таван хэсэг гарсан. Баруун аймгаас бусад газрын ажлын хэсгийн дүгнэлт хүрэлцэн ирээд байна. Бэлчээрийн нөхцөл байдал зарим бүс нутгаар хүндрэлтэй байгаа юм. Зүүн аймгуудын хадлангийн унц бага байна. Нэг боодол хадлан өвс өмнөх жилийнхээс өндөр үнэтэй гарч ирэх магадлалтай байна. Дорнод, Сүхбаатар аймгийн хувьд өөрсдийн болоод зүүн зүгийн зарим аймгийн хадланг бэлтгэх бололцоотой байгаа. Хадлангийн техникийн байдал 82 хувьтайгаар хадландаа гарсан. Мөн нэг хөндөгдөж байгаа асуудал бол 1997 оны зургадугаар сарын 25-ны засгийн газрын тогтоолоор баталсан газрын төлбөрийн хууль юм. Тус хуульд нэг га-д ноогдох төлбөрийн асуудал хөндөгдөж  байгаа. Үүнийг засаж сайжруулахгүй хэрэгтэй байгаа юм. Учир нь 1997 онд батлагдсан тус хуулиар нэг га-аас бэлтгэх хадлангаас 802 төгрөгийн хураамж авдаг. Энэ нь өнөөдрийн хэрэгцээ шаардлага, бэлчээрийн ургамлын нөөцтэй уялдахгүй байгаа юм. Мөн говийн бүс харагдах байдлын хувьд ногоорч бэлчээр сэргэсэн ч таана дийлэнх хувийг эзэлж байна. Харин эсрэгээрээ өвөлжих ургамлын ургац муу байгаа юм. Энэ нь хаваржилтад муугаар нөлөөлөх магадлалтай байна. Тиймээс намрын отор нүүдлийг хийх шаардлагатай. Хангайн бүсийн хувьд наймдугаар сард бороо орсон нь бэлчээрт сайнаар нөлөөлсөн ч өмнөх жилийн хадлангийн хэмжээг гүйцэхгүй байгаа юм. Цас ахиухан ороход л өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөв ажиглагдаж байна. Гол бүс нутгийн бэлчээрийн нөөц хүндрэлтэй, баруун бүс нутагт бэлчээрийн даац хэтрэлтэй бөгөөд сэргэлт бага байгаа юм. Хэдий бэлчээр ихэнх нутгаар сэргэж байгаа ч өвс хадлан дутагдалтай байна. Энэ өвлийг давахад нэн шаардлагатай зүйл бол өвс, тэжээл юм. Мөн малын нядалгааг болон махны борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид бололцооныхоо хэмжээгээр өвс хадлангийн импортоо нэмэгдүүлэхгүй бол энэ өвлийг давахад хүндрэл учирч болзошгүй” гэв.

Ургац хураалтад цаг агаар хэрхэн нөлөөлөх талаар Цаг уурорчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Ч.Сарантуяа “2017 оны тариалангийн ургацад цаг агаар сөргөөр нөлөөллөө. Сүүлийн 60 гаруй жил ажиглагдаагүй онцгой халалттай зун болсон. Зун орсон тунадас нь сүүлийн 40-өөд жил орсон тунадаснаас харьцангуй бага байлаа. Энэ жилийн халалт олон хоногоор үргэлжилсэн. Мөн хүчтэй аадар бороо, мөндөр орох үзэгдэл олон тохиосон. Долдугаар сард гэхэд есөн аймагт мөндөр орох үзэгдэл ажиглагдсан. Наймдугаар сар гарснаас хойш усархаг бороо тариалангийн гол бүс нутгаар орлоо. Тухайлбал, наймдугаар сарын 10-нд Хөвсгөл, Сэлэнгийн Сүхбаатарт 40-50 миллиметрийн бороо орсон. Ерөнхийдөө дийлэнх сумаар 35 миллиметрийн бороо орж, сэрүүхэн байна. Энэ сарын сүүлээр салхины хүч 14-16 метр секундэд хүрнэ. Уулархаг нутгаар хасах градуст хүрэх төлөвтэй байна” гэлээ.

 

 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kl(202.9.40.114) 2017 оны 08 сарын 25

Ali hediinee nemsen bj

0  |  0
Top