Л.Буянтогтох: Оюутнууд смарт картаа шинээр захиалах шаардлагагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

Хичээлийн шинэ жил эхлэхэд зургаахан хоног үлдээд байна. Энэ жилийн хувьд шинэ болон хуучин оюутнууд бүгд шинээр смарт карт захиалах ёстой гэсэн мэдээлэл нийтийн сүлжээгээр тархаад байсан юм. Энэ тухай болон смарт карт захиалахад ямар баримт бүрдүүлэх тухай Нийслэлийн Боловсролын газрын захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.

- Смарт картны захиалга хэдэн хувьтай явж байна?

- Их дээд сургууль оюутнуудаасаа мэдүүлгээ аваад нэгтгээд явж байгаа. Энэ долоо хоногт нэгдүгээр курст орж байгаа болон смарт картаа сунгуулах хүсэлтэй хүүхдүүдийн захиалгыг авч байна. Бүрдүүлсэн материалаа манай Нийслэлийн Боловсролын газар руу илгээнэ. Нийслэлийн Боловсролын газарт энэ сарын 28-30-ны хооронд шивж, баталгаажуулна. Есдүгээр сарын тавны дотор оюутнуудад карт тараагдах боломжтой. Мөн оюутнууд өмнө нь захиалсан картаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээж ашиглах боломжгүй болгосон байж болно. Эдгээр оюутнуудын карт дахин захиалах хүсэлтийг есдүгээр сарын 1-8-ны хооронд авна. Улмаар нийслэлийн боловсролын газарт материалууд 15-ны дотор ирнэ. Манайх есдүгээр сарын 15-18-ны хооронд баталгаажуулаад буцаан олгох юм.

- Смарт картны захиалга хэзээ дуусах вэ?

- Смарт карт захиалах хугацаа дуусна гэж байхгүй. Их дээд сургуулийн оюутны бүртгэл гэх мэт зүйлсээс шалтгаалан карт захиалах хугацаа сунгагдах магадлалтай. Өнгөрсөн жил смарт карт захиалах хугацаа  сунгагдаж байсан. Бидний хувьд хугацааг тодорхой хугацаа зааж өгдөг. Гэвч их дээд сургуулиас материалууд хугацаандаа ирэхгүй бол хугацааг сунгах тохиолдол олон.

- Оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлж байж смарт картаа захиалах вэ?

- Иргэдийн хурлаас баталсан тогтоолын дагуу оюутны мэдүүлэг бий. Тус мэдүүлгийг бөглөж, хорооны тодорхойлолтыг авах шаардлагатай. Хорооны тодорхойлолтыг иргэдийн хурлын тогтоолд оршин байгаа газраасаа нэг километрээс дээш зайнд сургууль нь байгаа бол оюутны хөнгөлөлттэй смарт картаар үйлчилнэ гэж  заасан. Үүнд нэг асуудал гараад байгаа. Түр оршин суугаа хүнд хорооны тодорхойлолт гаргаж өгөхгүй гэж хорооноос анхааруулсан. Энэхүү асуудлыг тухайн их сургууль нь хариуцаж ажиллахаар болсон.

- Оюутнууд бүгд смарт картыг шинээр захиална. Хуучин картыг хүчингүйд тооцно гэсэн мэдээлэл гараад байна. Үнэн үү?

- Тийм зүйл байхгүй. Шинээр захиалах нь зөвхөн нэгдүгээр курсын оюутнуудад хамааралтай. 2-4-р курсийнхэн хуучин цахим картаа сунгаад явна. Харин смарт картаа хаясан, гэмтээсэн бол дахиж захиалах юм.

- Смарт картны захиалгын үнэ нэмэгдсэн үү?

- Хэвээрээ байгаа. Шинээр захиалж байгаа бол 3600 төгрөг. Хуучин картаа сунгуулах бол 1000 төгрөг гэсэн ханштай байгаа.

- Оюутнуудын дунд смарт карт хүрэлцдэггүй гэсэн асуудал байдаг. Тухайлбал, нэг ангид 20 хүүхдэд смарт карт өгч, үлдсэн оюутнууд смарт картанд хамрагдахгүй байх тохиолдол бий. Энэ тухайд?

- Хүрэлцэхгүй гэсэн ойлголт байхгүй. Их дээд сургуулиуд захиалах картынхаа тоог өгдөг. Захиалгынх нь дагуу яг тоо ёсоор картыг хэвлэнэ. Судалгаагаар 98 их дээд сургуульд 167 мянган оюутан суралцдаг. Жилийн дунджийг харахад 100 мянга орчим оюутнууд тээврийн хэрэгслээр зорчдог. Тэр хэмжээнд л смарт картны захиалга явагддаг. Материалаа дутуу өгсөн, захиалгаас хоцорсон гэдэг шалтгаанаар оюутанд смарт карт хүрээгүй байж болох юм. Мөн их сургуулиудын бодлоготой холбоотой байж болно.

- Оюутны смарт картыг энгийн иргэн авч тээврийн хэрэгслээр зорчих үйлдэл гардаг. Үүнд ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?

- Энэ тухайд оюутнуудаас  ганц л зүйл шаардаж байгаа. Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо оюутны үнэмлэхтэй явах юм. Тодруулбал, смарт картынхаа хамтаар оюутны үнэмлэхээ авч явна. Есдүгээр сарын 1-ээс нийтийн тээврээр тодорхой хугацаанд эрх бүхий ажилтнууд шалгалт хийх болно. Хэрэв оюутны үнэмлэх байхгүй бол смарт картыг шууд хурааж авна. Үүнийг оюутнуудад анхааруулъя.

- Оюутны смарт картны нийтийн тээврээр зорчих эрхийн тоонд өөрчлөлт орсон уу. Хасагдах юм уу нэмэгдэх?

- Хэвээрээ байгаа. Сард ажлын 22-23 өдөр байдаг. Тухайн өдрүүдэд зорчиход л таарсан эрхийг өгч байгаа. Ер нь 44 удаа нийтийн тээврээр зорчих эрх байдаг.  Сарын сүүлээс өмнө эрх нь дуусчихвал энгийн карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой.

- Нийтийн тээврээр зорчих эрхийн тоо оюутнуудад хүрэлцэхгүй байна гэсэн гомдол гараад байгаа. Үүнд анхаарч эрхийн тоог нэмэгдүүлэх боломж байгаа юу?

- Оюутны зөвлөлөөс энэ мэт саналууд ирж байсан. Иргэдийн хурлаас тогтоол мөрдөж байгаа болохоор энэ  саналыг дэмжих боломжгүй гэсэн байдлаар хандаж байгаа. Нийслэлийн төсөв, засаг даргын дотоод зардлаас смарт картны эрхийн санхүүжилтийг өгдөг. Хөрөнгө санхүүгийн хувьд бололцоогүй байна.

- Энэ жилийн смарт картанд өнгөрсөн жилийнхээс онцлог, давуу тал бий юу?

- Их дээд сургуулиудын мэдээллийг нэгтгэх системд өөрчлөлт орсон. Өмнө нь оюутны чөлөө авах, гадагшаа явах, завсардах тухай мэдээллүүд нэгдсэн системд ордоггүй байсан. Харин энэ жилээс дээрх мэдээллүүд нь бүгд нэгтгэгдэж байгаа. Ингэснээр оюутны зорчих картыг өөр хүн ашиглах, оюутан төгссөн хэрнээ ашиглах асуудлыг таслан зогсоож байгаа юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top