С.Мөнхзул: Ээж нар хүүхдээ хоёр наснаас нь эхлээд азтай азгүйгээр нь ялгах ёстой болчихлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

Хичээлийн шинэ жил эхлэхэд зургаахан хоног үлдээд байна. Жил болгон хичээлийн шинэ жил эхлэхэд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний тухай асуудал хөндөгддөг. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цахимаар бүртгэж авч байгаа. Энэ нь гурав хоног цэцэрлэгийн гадна хүүхдээ бүртгүүлэх гэж өнждөг байсан эцэг эхчүүдийн ажлыг гуравхан минутад хийдэг болсон давуу талтай гэж байгаа. Тэгвэл өнөөдөр өглөөний 10-12 цагийн хооронд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түүврийн аргаар сонгон шалгаруулах үйл ажиллагаа болж байгаа юм. Эхний сонгон шалгаруулалт 42-р цэцэрлэг дээр боллоо.

42-р цэцэрлэгийн Биеийн тамирын багш Б.Чимиддорж “Сонгон шалгаруулалтын нээлтийн үйл ажиллагаа 9 цаг 45 минутад эхэлсэн. Цэцэрлэгийн эрхлэгч бүртгэлийг эхлүүлсэн юм. Манай цэцэрлэг  72 хүүхэд бүртгүүлснээс 60-ыг нь авсан. 12 хүүхэд сонгогдоогүй. Үйл ажиллагаа хэвийн болж өнгөрсөн. Улмаар сонгогдсон эцэг эхчүүдийн утсанд мессэж очсон. Машин нь түүврийн аргаар хүүхдүүдийг тодруулсан” гэв.

Хүүхэд нь цэцэрлэгт сонгогдож чадсан эцэг эхчүүд баяртай байсан юм.

Н.Цэнгэлмаа “Би хоёр хүүхэдтэй. Том маань  анх цэцэрлэгт орж байгаа. Эхэндээ яаж бүртгүүлэх талаар ямар ч мэдлэггүй байсан. Өмнө нь шөнөжин дугаарладаг гэх мэт маш хэцүү зүйлсийн талаар сонсож байлаа. Харин энэ жил цахимаар сонгон шалгаруулалт хийж, эмх цэгцтэй байгаад сэтгэл хангалуун байна. Шалгарсан хүүхдийнхээ нэрсийг шударгаар хүмүүсийн өмнө ил байршуулжээ. Сонгогдсон эцэг эхчүүдэд хүүхэд нь цэцэрлэгт ороход шаардлагатай зүйлсийг нь бүрдүүлэх жагсаалтыг өгсөн. Түүний дагуу юмаа бүрдүүлж ирээд нэгдэх өдөр бүртгэлээ баталгаажуулахад болно гэсэн. Би хувьдаа шударга болсон гэж бодож байна. Өглөө 10 цагаас ажилтай байж байгаад ирж чадаагүй. Миний утсанд хүүхдийг минь тэнцсэн гэсэн мессэж ирсэн” гэлээ.

42-р цэцэрлэгийн хувьд байдал ийм байлаа. Бусад цэцэрлэгүүдийн хувьд сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдийн нэрсийг цэцэрлэгийн гадна нааж тавьсан байв. Зарим нэг цэцэрлэгт авах ёстой хүүхдийнх нь тооноос хоёр дахин хэтэрсэн хүүхдүүд бүртгүүлсэн байсан юм.

135-р цэцэрлэгийн эрхлэгч “193 хүүхэд бүртгүүлснээс 70 хүүхдийг түүврийн аргаар сонгож авсан. Одоогийн байдлаар хүүхдүүдийн нэрсийг гаргаж байна. Эцэг эхчүүдийн хандлагыг одоогоор хэлж мэдэхгүй” гэв.

О.Түвшинзаяа “Би гурван хүүхэдтэй. Дундах маань цэцэрлэгийн сонгон шалгаруулалтад тэнцээд баяртай байна. Өмнө нь том хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж байхад дугаарлаад л хэцүү байдаг байсан.  Одоо илүү хялбар болсон байна” гэсэн юм.

Мөн хүүхэд нь сонгон шалгаруулалтад тэнцэж чадаагүй эцэг эхчүүдийн хувьд бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа.

С.Мөнхзул “Хүүхэд маань шалгарсангүй. 193 хүүхэд бүртгүүлснээс 70-ыг нь л сонгож авлаа. Үлдсэн 123 хүүхэд яахыг нь хэлж мэдэхгүй юм. Бараг бүртгүүлсэн хүүхдийн 50 хувь нь ч тэнцэж чадсангүй. Сонгогдоогүй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дунд хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөх боломжгүй хүмүүс байгаа. Сүхбаатар дүүргийн хэмжээнд хоёрхон цэцэрлэг байна. Нэг нь спортын төв ордны хажууд, нөгөөх нь 135-р цэцэрлэг байдаг.

2015 онд төрөөд одоо хоёр нас хүрч байгаа хүүхдүүд бий. Үүнд албаны хүмүүс эртнээс судалгаа хийж хэдэн хүүхэд төрөх магадлалтайг гаргаж цэцэрлэгийн нөөцийг бэлдэх ёстой. Гэтэл улс юу ч хийхгүй хий дэмий судалгаанд л хөрөнгө зарцуулаад байна. Монголын үрс маш олон болтугай гэдэг хэрнээ тэдний төлөө юу ч хийхгүй байгаа нь энэхүү цэцэрлэгийн хүрэлцээ дээр харагдаж байгаа юм. Надтай адилхан бодолтой хүмүүс ч маш олон байгаа. Ээжүүдийн хувьд хүүхдээ хоёр наснаас нь эхлээд азтай азгүйгээр нь ялгах ёстой болчихлоо. Одоо хувийн цэцэрлэг хайх зам л үлдэж байна. Өнөөдөр хүмүүсийн цалин хэд билээ. Түүнээс хувийн цэцэрлэгт хэдэн төгрөгийн төлбөр төлөх үү.  Хувийн цэцэрлэг улсын цэцэрлэгээс илүү хүүхдийг хүмүүжүүлж чадах эсэх гээд олон асуудал гарч ирнэ. Хүүхдээ гэрээр хүмүүжүүлье гээд гэртээ үлдээхээр эрсдэл гарч ирнэ гэж албаны хүмүүс анхааруулдаг. Гэртээ үлдээхгүй цэцэрлэгт хамруулъя гэхээр хүрэлцээ нь хүрэхгүй бодит байдал ийм л байна. Цэцэрлэг байхгүй болохоор хүүхэд төрүүлэхэд ч хүндрэл үүснэ” гэлээ.

 Шалгарсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулахдаа аав, ээжийнх нь паспорт, хүүхдийнх нь төрсний гэрчилгээ, нэг хувь цээж зурагтай тухайн цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх аж. 

Цэцэрлэгийн хүрэлцээ, сонгон шалгаруулалтын талаар Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.  Тэрбээр “Одоогийн байдлаар бүх цэцэрлэгүүдийн хариу гараагүй байгаа. Эхнээсээ сонгон шалгаруулалтын хариу ирж байна. Хүүхэд нь  сонгон шалгаруулалтад тэнцсэн эцэг эхчүүдийн утсанд мессэж нь очиж байгаа. Хүүхдийг шалгаруулахдаа түүврийн аргаар сонгож байна. Энэхүү сонгон шалгаруулалтын төхөөрөмжийн программыг Нийслэлийн Боловсролын газар, Мэдээлэл технологийн төвтэй хамтран гаргасан. Программд гаднаас халдах боломж байхгүй. Сонгон шалгаруулалт маш шударга болох юм. Энэ жилийн хувьд есөн цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Жилийн жилд бага багаар улсын төсвөөс цэцэрлэгийг барьж байгаа. 2017 онд 13 сургууль, цэцэрлэг барих ёстой” гэв.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.31.208) 2017 оны 08 сарын 25

Yana daa ene Mongol uls ! nyalh ursee hurtel aztai azguig ny uzchih yum daa,er zurh evdej baina

0  |  0
mongol er hun(202.9.40.36) 2017 оны 08 сарын 25

iim archaagui uls, iim archaagui uheents tur zasagtai bgada uneheer haramsaj bn, hedhen huuhdiig surguuli tsetserlegeer n hangaj chadahgui yuga hiigeed bdgiin be, niislel, ih hural yu bodoj suudgiin be, buhimdaj bn shuu, yasan idej uuj hanadaggui bird shig humuus ve, surguuli n 3 eeljeer hicheellene, tsetserleg n sugalaagaar, ih surguuli n chanargui deerees n undur tulburtei, tegeed mal beltgedeg, butsaad sots do ochih yumsan, ene uls oron suirch guitslee, mash ih buhimdaj bn, arai ch de, ene heden malnuud uls eh ornoor togloj duuslaa

0  |  0
Top