Онц сурлагатнууд амралтаа эх орондоо өнгөрүүлэв

2017 оны 08 сарын 25

 

Таны харж байгаа энэ залуус бол ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуульд онц дүнтэй суралцаж байгаа сонсогч нар юм. Эдгээр онц сурлагатнуудын дундаас онцлох эрхэм бол ахлагч Г.Итгэл. Москва хотын Цэргийн их сургуульд цэргийн сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа тэрбээр сургуулиа алтан медальтай төгсөх болзол хангаж яваа. Ахлагч Г.Итгэл тэргүүтэй сонсогч нарт сурлага, сахилгаа бууруулахгүй тэргүүлэгч нь байсаар сургуулиа амжилттай дүүргэх хариуцлага оногдож байгааг холбогдох хүмүүс онцолж байна.

ОХУ-д 300 гаруй сонсогч суралцаж байгаа бөгөөд тэд бүрэлдэхүүнээрээ зуны амралтаа эх орондоо өнгөрүүлэв. Энэ үеэр БХЯ-ны ТЗУГ-аас сонсогч нарын дунд сургалт болоод спортын цогцолбор тэмцээнийг зохион байгуулсан юм. Энэ талаар ОХУ-ын Москва хотын Ерөнхий цэргийн академийн сонсогч, дэд хурандаа Д.Цолмонбаяр “ОХУ-д суралцаж байгаа сонсогч нарын дунд жил бүр долоо хоногийн хугацаатай сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд сургалт, цогцолбор тэмцээнийг гурван өдөрт багтаан зохион явууллаа. Ирж очихдоо олон хоног зарцуулдаг учраас ар гэрийнхэнтэйгээ байх хугацааг сунгахын тулд сургалтын хоногийг цөөрүүлсэн. Энэ жилийн сургалтаар шинээр батлагдсан хууль, дүрмийн талаар мэдээлэл өгч, офицер, ахлагчийн сурлага, сахилгын дүнг гаргалаа. Мөн БХЯ-ны ГХАГ-ын зөвлөх Г.Лүндэн гуай ОХУ-тай цэргийн сургалтын талаар шинээр ямар гэрээ байгуулсан талаар мэдээлэл өгсөн. Харин цогцолбор тэмцээний хувьд гар бөмбөг сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Ялангуяа, гар бөмбөг, сагсан бөмбөгөөр сайн тоглодог сонсогч нараа шигшээ баг болгон бүрдүүлсэн нь онцлог байлаа” гэсэн юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top