Оюутны байрны үнэ хөлсний орон сууцтай ижил өндөр ханштай байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 28

Өнөөдрөөс зарим их сургуулиудын хичээл эхэлж байгаа юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулж манай zindaa.mn сайт сурагчийн хичээлийн хэрэглэл, форм, номын үнэ, оюутны смарт картын захиалгын асуудлыг хөндөж байсан. Тэгвэл энэ удаагийн дугаартаа жилийн жилд хөндөгддөг  оюутны дотуур байрны хүрэлцээ, үнэ ханшийг сурвалжиллаа.

Манай Улсын оюутны тоо мэргэжил сургалт үйлдвэрлэлд суралцаг оюутнуудтай нийлээд жилд 210000-220000-ын хооронд хэлбэлздэг. Албан бус судалгаагаар Улаанбаатарт нийт 44 оюутны байр байх ба түүнд 16000 оюутан амьдардаг гэсэн тоо бий. Энэ судалгаанаас үзэхэд хотод амьдарч байгаа оюутнуудын 10 гаруй хувь нь л оюутны байранд хамрагдаж чадаж байгаа юм. Үлдсэн оюутнууд нь хажуу өрөө түрээслэх, хамаатныдаа байрладаг. Энэ тухай болон оюутны байрны хүрэлцээний талаар оюутнуудаас тодрууллаа.

Г.Наранжаргал “Би энэ жил МУБИС-ийн Монгол хэл, Уран зохиолын багшийн ангид орж байгаа. Одоогоор дотуур байрандаа бүртгүүлж амжаагүй байна. Манай эгч МУБИС-ыг төгсөж байсан. Ер нь дотуур байрны үнэ боломжийн байдаг гэсэн” гэлээ.

М.Болорхүү “МУИС-ийн оюутан. Оюутны дотуур байрандаа нэгдүгээр курстээ хамрагдаж байсан. Одоо чадахгүй байгаа. Хамаатныдаа байрлаж байна. Ер нь оюутны дотуур байрны хүрэлцээ маш муу. Төлбөр нь ч өндөр байдаг. Оюутны дотуур байрны хүрэлцээг хангах шаардлагатай” гэв.

Р.Сумъяа “Би нэгдүгээр курстээ хамаатныдаа байсан. Сүүлийн хоёр жилд хамт найзтайгаа нийлээд байр түрээсэлж байна. Хажуу өрөөг 400000 төгрөгөөр түрээсэлдэг. Найзтайгаа хуваахаар 200000 төгрөг. Энэ нь хамаагүй хямд тусдаг. Ер нь оюутны байрны орчин нөхцөл муу. Яахав сүүлийн үед нэг үеэ бодвол сайжирсан байж болох юм” гэлээ.

Тэгвэл энэ жилийн хувьд оюутны дотуур байрны хүрэлцээ, үнэ ханш ямар байгааг Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатраас тодрууллаа.

- Оюутны дотуур байрны ханш хэдээс хэдэн төгрөгийн хооронд хэлбэлзэж байна?

- Оюутны дотуур 400000-850000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад оюутны дотуур байрны үнэ нэмэгдээгүй. Одоогийн байдлаар бидэнд дотуур байрны үнэ тэдэн төгрөгөөр нэмэгдсэн гэсэн мэдээлэл ирээгүй байна.

- Ер нь нэмэгдэх хандлага байгаа юу?

- Байхгүй болов уу гэж ойлгож байна. Энэ сарын 25-аас их сургуулиуд оюутнуудаа дотуур байрандаа оруулаад эхэлсэн.

- Дотуур байрны орчин нөхцөл гаардлага хангадаггүй тухай жилийн жилд ярдаг. Засвар шинэчлэлт хэр зэрэг хийсэн бэ?

- Жил болгон оюутны дотуур байранд урсгал засвар хийдэг. Одоо оюутнуудаа хүлээж авахад бэлэн болсон.

- Оюутнуудын хувьд дотуур байрны хүрэлцээ хангалттай байж чаддаггүй. Нэмэгдүүлэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?

- Дотуур байрны хүрэлцээ жил болгон яригддаг. Хангалтгүй байна гэх мэтээр. Жил болгон 16000 орчим оюутан дотуур байранд амьдардаг гэсэн судалгаа бий. Мөн 30000 орчим оюутан дотуур байранд орох хүсэлтэй байдаг гэсэн тандалт, судалгаа байдаг. Нийслэлийн хэмжээнд 130 гаруй мянган оюутан суралцаж байна гэж бодоход 10 гаруй хувьд оюутны байр хүрэлцэж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ цаашдаа дотуур байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Ялангуяа хувийн сургуулиуд үүнд анхаарч байгаа. Тухайлбал, Монголын Үндэсний Их сургууль оюутны орон сууцыг ашиглалтад оруулсан. Оюутны холбооны хувьд хуучин байруудыг шинэчлэх арга хэмжээг авч байна. Үүний хүрээнд хуучин байрыг буулгаж, илүү багтаамж сайтай, томоохон байр барихад манай бодлого чиглэж байгаа.

- Оюутны байранд хамрагдаж чадаагүй оюутнууд хажуу өрөө түрээслэх үү?

- Оюутнууд хамтарч байр түрээсэлдэг. Нэг үеэ бодвол түрээсийн байр ч нэмэгдэх болсон. Мөн гэр хорооллын нийтийн байр түрээсэлдэг.

- Дотуур байранд орох хүсэлтэй оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

- Сургуулиуд өөрсдөө дотоод журамтай. Тус журмын дагуу материалаа бүрдүүлнэ. Ихэвчлэн хөдөө орон нутгаас анх хотод ирж байгаа нэгдүгээр курсын оюутнуудаа дотуур байранд түлхүү хамруулдаг. Мөн сургуулиудын байр дүүрээгүй тохиолдолд гадны оюутныг оруулах нөхцөл боломжоор хангаж байна.

- Оюутны байранд багш юм уу, оюутан бус хүмүүсийг амьдруулах тохиолдол байдаг. Үүнд хэр анхаарч байна?

- Энэ тухай асуудал нэлээдгүй хэл ам дагуулдаг байсан. Сүүлийн жилүүдэд энэ тухай асуудал харьцангуй бага хөндөгдөх болсон. "Оюутны холбоо" дотуур байранд амьдарч байгаа гэр бүлийг гаргах тал дээр сүүлийн 4-5 жилийн турш эрчимтэй ажилласан. Сургуулийн захиргаатай хамтарсан ажлыг ч хийсэн. Үүний хүрээнд багш оюутны дотуур байр гэж тустаа болсон. Энэхүү явдал харьцангуй багассан.

 Оюутны дотуур байрны үнэ 400000-850000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тэгвэл энэ нь гадуур түрээслэгдэж буй орон сууцнаас ямар ч ялгаагүй үнэ ханштай байгаа юм. Тухайлбал, хотын төвд байрлалтай хажуу өрөөний сарын түрээс 350000-500000 төгрөгийн хооронд байна. Гэр хороололд байх нийтийн байрны түрээс 200000-350000 төгрөгийн үнэ ханштай байв. Энэ нь оюутны дотуур байрнаас илүү боломжийн үнэ ханштай байгаа нь харагдаж байна. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top