О.Болдбаатар: Өвлийн бэлтгэл ажил 87 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит  хувьцаат компанийн Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Болдбаатартай дулааны шугам сүлжээний засварын ажил хэдэн хувьтай явж байгаа талаар ярилцлаа.

- Дулааны шугам сүлжээний засварын ажил хэдэн хувьтай явж байна?

- Манай компани хотын төвлөрсөн дулааны шугамд холбогдсон хэрэглэгчдийг чанартай дулаанаар хангах үүрэгтэй. Жил бүр дулаан дамжуулж байгаа төвийн гол шугам болох магистрал шугамд засвар хийх ёстой байдаг. Тухайлбал, Дулааны цахилгаан станцуудаас гарч байгаа гол шугам болон хотын төв дундуур байрласан шугамуудад  засвар хийх юм. Энэ жилийн хувьд 12 гол магистрал шугамыг зогсоож, засвар шинэчлэлт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тавдугаар сарын 15-аас халаалт зогссоноос хойш засварын ажлуудаа хийсэн. Одоогийн байдлаар 10 магистралын ажлыг бүрэн хийгээд дууссан. 11 дэх магистралын засварын ажил 85 хувьтай явж байна. Хамгийн сүүлийн 12 дахь магистралын ажлыг есдүгээр сарын 4-8-ны хооронд хийж гүйцэтгэнэ. Манай компаниас гүйцэтгэж байгаа их засварын ажил 87 хувьтай явж байна.

- Шугам сүлжээг засварлах ажил хугацаандаа хийгдэж байна гэж ойлгож болох уу?

- Дулааны шугам сүлжээний зун хийх засвартай холбоотойгоор халуун усыг түр хугацаагаар хязгаарладаг. Энэ жилийн хувьд засварын хугацааг 5 хоногоор тооцоолсон. Эхлээд бэлтгэл ажил буюу газар шорооны ажил хийгдэнэ. Улмаар засварласан шугамдаа шахалт өгч туршиж үзэх ажлыг хийх гэх мэт. Шугамаа засварлаж дуусаад дээрх талбайг нь тохижуулах ажлуудыг хийдэг. Засварууд ер нь цаг хугацаандаа хийгдэж байгаа. Бид засвараа хийхийн өмнө мэргэжлийн хэллэгээр шахалт буюу даралтыг тооцож үздэг. Тухайн шугам хоолойн даралтыг хэдэн хувиар нэмэгдүүлбэл зохих вэ гэдгийг туршиж үзсэний үндсэн дээр засвараа хийнэ гэсэн үг юм. Зарим ганц нэг газруудад засвар хийхэд төлөвлөгдөөгүй зүйлс гарч ирж байгаа. Улмаар 8-10 хоног засвар хийх тохиолдол бий. Гэхдээ энэ тохиолдол цөөн тооны магистрал дээр гарч байгаа.  Бид дулааны шугамд ямар нэгэн гэмтэл, доголдол гаргахгүй байх хэмжээнд хүртэл ажиллахыг зорьж байна.

- Халаалтыг урьд жилүүдийн адил орон сууц есдүгээр сарын 15, албан байгууллага, аж ахуй нэгжид 10-р сарын 1-нд өгөх үү?

- Есдүгээр сарын 12 гэхэд 12 гол магистрал шугамын ажил хийгдэж дуусна. Улмаар есдүгээр сарын 15-аас дулаан түгээх бүрэн боломжтой болно. Мөн 10-р сарын 1-ээс аж ахуй, албан газруудыг дулаанаар хангана. Энэ жилийн хувьд хэрэглэгчдээ хүндэтгэсэн нэг онцлогтой үйл ажиллагааг нэвтрүүлж байгаа. Хэрэв  аж ахуй нэгж 10-р сарын 1-ээс өмнө халаалтаа авахыг хүсвэл халаалтыг  өгч болохоор болсон. Тухайлбал, есдүгээр сарын 20-оос ч юм уу. Мөн энэ жил тавдугаар сарын 15-нд халаалтыг зогсооход зургадугаар сарын 1 хүртэл халаалт авах хүсэлтэй аж ахуй нэгж байсан. Энэхүү хүсэлтийн дагуу хэрэглэгчдэд дулаан өгөх хугацааг сунгаж өгч байлаа. Энэ жилийн хувьд 5 хоногт багтааж засварын ажлыг хийнэ гэсэн болохоор 2 ээлжээр ажиллаж байна. Ажилчдын хувьд маш их ачаалалтай байгаа. Гадны компанийн хүмүүсийг ч мөн шахаж ажиллуулж байна. Өглөөний ээлж орой 10 хүртэл, оройны ээлж 10-аас шөнө хүртэл ажиллаж байгаа. Энэ жил өмнөх жилүүдээс илүү ачаалалтай байгаа юм.

 - Засвар хийгдэж чадаагүй шугам бий юу?

- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван ажил хийхээр төлөвлөсөн. 8Д магистрал буюу хотын баруун бүс "Драгон"-оос 10-р хороолол хүртэлх шугам сүлжээнд засвар хийж байгаа. Энэ магистрал нь олон жил болсон, ашиглалтын хугацаа дуусаж байгаа юм. Энэхүү ажил 70 хувьтай явагдаж байна. Энэ бол томоохон магистрал шугамын тоонд ордог. Одоо засагдаж байгаа шугам нь суваггүй хийгдсэн юм билээ. Тиймээс сувагтай болгож засварлах ажил давхар хийгдэж байна. Энэ ажил улам өргөжин  хотын төв рүүгээ 2018, 2019 онуудад хөрөнгө төсөвлөлтөөсөө шалтгаалаад хийгдэх юм.

Хоёр дахь ажил нь 11Е магистралыг засварлах ажил. Энэ нь 600-ийн голчтой 3,6 километр шугам солих ажил юм. Тус шугам нь хотын баруун хойшоогоо байрлалтай. Энэхүү ажил нь санхүүжилт байхгүйн улмаас 2018 онд хийгдэхээр хойшилсон.

Гурав дахь ажил нь 12А магистралыг засварлах.  Энэ нь 1,5 километр хос шугам ба Дүнжингарав хорооллын дундуур явсан шугам юм. Энэ шугамд засвар хурдан хийх шаардлагатай байгаа. Учир нь насжилт их, хорооллоос цааш байгаа айлуудыг дулаанаар хангахад хэцүү болсон, гэмтэл гарах магадлал өндөртэй шугам юм. Шугамыг засварлах компани, хөрөнгө нь  аль хэдийн шийдэгдсэн боловч иргэдээс гомдол ирснээр засварыг хийх хугацаа хойшлогдоод байгаа. Яамнаас бүх зүйлийг батлаад яаралтай засварла гэж байхад хэрэглэгчид бидний эрх ашиг хөндөгдөнө гэсэн шалтгаанаар ажил хойшлогдсон. Хэрэглэгчдээ хандаж хэлэхэд таны хэрэглээнээс бусад хүмүүсийн хэрэглээ шалтгаалж байгааг бодох хэрэгтэй. Төвлөрсөн дулаанд холбогдож байгаа дараа дараагийн олон мянган хэрэглэгчийн асуудал яригдаж байхад энэ засварыг хойшлуулах нь бидний ажлыг амаргүй болгож байна. Энэ засвар нь хугацаа шаардах нэлээн томоохон ажил. 100 гаруй метр үргэлжилсэн шугам юм. Яамнаас болон манай компаниас тус засварын тухай иргэдтэй уулзаж, хэлэлцэж байгаа боловч үр дүнд хүрэхгүй л байна. Ноднин жил ч гэсэн энэ шугам хэрэглэгчдийн гомдлоос шалтгаалан солигдоогүй үлдсэн юм. Мөн ТЭЦ 4-өөс гарч байгаа хэсэг шугам, ТЭЦ 3-аас гарч байгаа 5А магистралууд насжилт өндөртэй, солих шаардлагатай болсон шугамууд бий. Солих зураг төсөл нь гарчихсан боловч засварлах хөрөнгө нь шийдэгдээгүй байгаагийн улмаас засварын ажил хойшлоод байна.

- Шугамын засвар шинэчлэлтийн ажлыг хийхэд юунд түлхүү анхаарч байна?

-  Дулааны станцаас гарч байгаа томоохон шугам сүлжээнд доголдол гарахад маш олон хэрэглэгчдийг тодорхой хугацаанд халаалтгүй байлгах аюултай нөхцөл байдал үүснэ. Тиймээс тодорхой хэмжээнд хөрөнгө төсөвлөөд, засварыг 100 хувь хийхийн төлөө ажиллаж байна. Өмнөх жилүүдэд ямар доголдол гарч байсан, дахин ийм явдал гарах эсэхийг сайн нягталж үзэж, шахалтыг тооцож засварыг хийж байгаа. Шугамуудад засвар хийж байх явцад яаралтай нөхөх шаардлагатай зүйлс гарч ирж байна. Ихэвчлэн нөхөлт хийж байгаа. Нөхөлт хийлгүйгээр бүрэн хэмжээгээр нь сольё гэхээр их хэмжээний хөрөнгө шаардагдана.  Ганцхан зунд засаад дуусах ажил биш учраас он болгонд тодорхой хэмжээний засвар хийгээд явж байна.

- Бусад тоног төхөөрөмжийн засварын ажил хэдэн хувьтай байна вэ?

-Бусад шугам сүлжээнүүдэд засвар хийгдэж байгаа. Тухайлбал, хорооллуудыг дулаанаар хангаж,  даралтыг ихэсгэх зориулалттай  ноцоосны станцууд бий. Энэ станцуудын барилга өргөтгөл, тоног төхөөрөмжийн ажлын явц 97 хувьтай байна. Өвөл, зунд дулааны шугам агшиж, тэлдэг. Тус шугамаар 115-120 градустай, метрээр ярьбал 160-200 метр хүртэл өндөр даралттай уур явж байдаг. Тиймээс шугамыг хэвийн хэмжээнд ажиллуулж байх конденсатор гэж төхөөрөмж бий. Энэ төхөөрөмжийг засаж, солих ажил 81 хувьтай явж байгаа. Ерөнхийдөө гол томоохон ажлуудаа хийсэн.

- Тэгэхээр энэ өвөл дулааны шугамд ямар нэг байдлаар гэмтэл гарахгүй гэж ойлгож болох уу?

- Онц нөхцөл байдал үүсэхгүй л бол ямар нэгэн эвдрэл гэмтэл гарахгүй. Бид аль болох дулааны шугамд эвдрэл, гэмтэл үүсгэхгүйн төлөө ажилладаг. Одоо ч ажилласаар байна. Олон жил болсон дулааны шугамууд бий. Гэхдээ тэр шугамуудын өөрсдийн хөрөнгө, нөхцөл боломжоороо нөхөөд, засаж байгаа. Тухайлбал, ТЭЦ 4-ийн 80-аад метр шугамыг сольсон. ТЭЦ 3-ын тодорхой хэмжээний шугамыг сольсон. Солих боломжгүй бол нөхөөд явж байна. Өөрсдийн боломжийнхоо хэрээр ажлыг хийж байгаа.

- Онц ноцтой нөхцөл байдал гэдэг нь шугам хөлдөх гэх мэт мөн үү?

- Урьдчилан төлөвлөгдөөгүй, тооцоолоогүй нөхцөл байдал үүсэхийг хэлж байгаа юм. Шалгалт хийгээгүй дулааны шугамд гэмтэл гарах гэх мэт. Гэхдээ бид ийм зүйл гаргахгүйн тулд л ажиллаж байгаа. Дулааны шугам хөлдөх гэдэг нь өөр ойлголт. Хөлдөлт нь тодорхой аж ахуй нэгжийн дулааны салбар шугамд яригдах асуудал юм.

- Энэ жилийн хувьд дулааны шугам сүлжээ засварлахад хэр их хөрөнгө орсон бэ. Нэг магистарлыг засварлахад хэр их хөрөнгө орох уу?

- Магистрал тус бүрээсээ шалтгаалаад өөр өөр. Энэ жилийн хувьд манай компани гурван тэрбум төгрөгийн засвар хийхээр төсөвлөсөн. Одоо бол хоёр тэрбум гаруй төгрөгийг нь зарцуулаад байгаа болов уу гэж бодож байна. Зарим нэг газар төсөвлөгдөөгүй засвар гарч хөрөнгө шаарддаг. Гэхдээ бид нэгэнт төсөвлөсөн хөрөнгөнийхөө хэмжээгээр засвараа хийнэ. Тухайлбал, бага гэмтэлтэй шугамын засвараа хойшлуулж, яаралтай засвар руугаа шилжүүлэх гэх мэтээр ерөнхий дүнгээ барьж байгаа. Нэмж хөрөнгө шаардсан ч төсөвлөсөн хөрөнгөндөө багтааж хийх юм.

- Шугам сүлжээг засварлах компанийг хэрхэн сонгодог вэ. Зүүн дөрвөн замын шугам сүлжээг засаж байгаа компанийн гүйцэтгэл муу гэсэн яриа гараад байгаа?

- Тендерийг хуулийн дагуу зохион байгуулна . Манай тендерт оролцож байгаа компаниуд Эрчим хүчний тоног төхөөрөмжийг засах, угсралтын тусгай зөвшөөрөлтэй компаниуд оролцдог. Тус компаниуд тусгай зөвшөөрлийг авахдаа ажиллах хүч, тоног төхөөрөмж, чадвар гэх мэт бүх зүйл нь шаардлага хангасан байх ёстой байдаг. Тийм эрх бүхий чадамжтай компаниуд тендерт оролцоно. Тендерт шалгарсан компанийн засварын ажилд манайхаас давхар хяналт тавин ажилладаг. Тухайн компани ажлыг хэр хурдан хугацаанд, ямар машин механизмаар хэр гүйцэтгэлтэйгээр хийж байгаад манайх үнэлэлт, дүгнэлт хийдэг. Хэрэв тухайн компани бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, ажлын гүйцэтгэл муу байвал дараа дараагийн тендерт тус компани оролцсон ч харгалзаж үздэг. Эрчим хүчний салбар бол тэр чигтээ иргэд болон төрд үйлчилдэг газар. Бид бол төрийн ажлыг хийж байгаа компани. Тиймээс  шаардлага хангаагүй компаниар муу засвар хийлгэх эрх байхгүй. Аль болох сайн компаниар хийлгэвэл бидэнд ашигтай. Ямар стандарттай хоолой байх ёстой, тухайн хоолойг гагнаж холбож байгаа электродын чанар болон хийх технологийг цаанаас нь зааж өгсөн байдаг. Энэ стандартыг хангасан компанитай л хамтарч ажиллаж байна.

- Өөр ямар ажил хийж байгаа вэ?

Манайх агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийж байгаа. Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй бусад дулааны эх үүсвэртэй газар олон бий. Ялангуяа хотын алслагдсан дүүргүүдэд уурын зуухаар ажилладаг сургууль, аж ахуй нэгж, хувийн орон сууц гэх мэт бий. Эдгээр газрууд агаарын бохирдолд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тиймээс энэ мэтээр халаалтаа авдаг газруудыг төвийн дулаан хангамжид холбох ажлыг санаачлан хийж байгаа. Нийт зургаан дүүргийн  228 гаруй уурын зуухыг зогсоож төвийн дулааны шугам сүлжээнд холбох  боломжтой гэсэн судалгаа гарсан. 2017 он гэхэд 62 уурын зуухыг зогоож, нүүрс түлэхийг зогсоож, дулааны шугам сүлжээнд холбох зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар Яармагийн хэд хэдэн сургууль, эмнэлэг, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох шугамын ажлыг хийгээд дууссан. Мөн “Монголын радио, телевиз” орчмын 13 барилгыг төвлөрсөн дулаанд холбох шугамын ажлыг хийсэн. Энэ ажлыг хийхэд 620 гаруй сая төгрөгийг манай компани өөрөөсөө гаргаж байгаа. Энэ мэтчилэн ажлуудыг шат дараатайгаар хийх болно.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top