Есдүгээр сарын 1 буюу баярын тухай гунигтай бодол

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 01

"Есөн сарын нэгэн болохоор 

Ерөөсөө бидний баяр даа" гээд л хүүхэд байхад дуулдагсан. Нэг үгээр бол энэ өдөр хүүхэд бүхний баярын өдөр байдаг байлаа. Байлаа гэдэг нь одоо байхгүйд л оршиж байгаа юм л даа. Өнөөдөр Монгол Улсад 40 гаруй мянган хүүхэд цэцэрлэггүй, цоожтой хаалганы цаана уйлж сууна. Сугалаанаас сугарч, азгүйгээрээ дуудуулсан алдрайхан үрсийнхээ өмнөөс өр өвдөх ТӨР ЗАСАГ байна уу. Жилийн жилд л цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа талаар асуудал хурцаар хөндөгдөж байгааг мэдсээр байж, энэ асуудлыг цэгцлэх тал дээр яагаад анхаарч болдоггүй юм бэ. Гуравхан сая хүн амтай монголчуудынхаа ирээдүй хойч болсон үр хүүхдийн гуч гаруй хувь нь сурч боловсрох орчноор ус агаар мэт дутагдаж байгааг эрхэм Э.Эрдэнэбат Ерөнхий сайд та мэддэг үү. Хэдэн зуун тэрбумын концессын гэрээг баярын бялуу шиг хувааж идэхийнхээ оронд ирээдүй хойч үеийнхээ сургууль, цэцэрлэгт нэг удаа боловч анхаарч үзэх сэтгэл байв уу, та бүхэнд. 

Өнөөдөр хороондоо ганц ч цэцэрлэггүй бүхэл бүтэн 20 хороо байгааг дуулсан уу, Ерөнхий сайд аа. Дуулсан бол 20-ын 20 хорооны хүүхдүүд хаана, ямар газрын цэцэрлэг царайчлах ёстой талаар бодож үзсэн үү, Боловсролын сайдаа.

Энэ онд нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 40 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг авч чадахгүй байгаа бодит үнэнийг мэдэх үү, төрийн түшээд ээ. Хоёр настнуудын дөнгөж гучхан хувь нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн 70 хувь нь цэцэрлэгггүй хоцорсныг мэдээгүй гэх үү, Засгийн газрын гишүүд ээ.

Цоожтой хаалганы цаана нулимстай суугаа тэр олон мянган хүүхдийг Монголын төр өнөөдөр "Сугалаанд ёндоогүй" хэмээн даажигнаж сууна. Хөөрхий, хүүхдүүд эх орныхоо ирээдүй болох гэж энэ хорвоод мэндэлсэн биш, энэ нийгэмд шоовдорлогдох гэж мэндлээгүй юм. Тэд Монголынхоо төрөөс, энэ Засгийн газраас ЦЭЦЭРЛЭГ Л хүсэж байна.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boohoi(73.225.36.23) 2017 оны 09 сарын 01

Hun chononuudiig songoson muu uhernuud. Haha

0  |  0
Батсайхан(202.179.13.27) 2017 оны 09 сарын 01

Үнэээн үнэн.

0  |  0
zochin(202.21.106.146) 2017 оны 09 сарын 01

huuhdiin tsetserlegiin nasnii humuujiliig sugalaagaar shiidsend gomdoltoi bnaa. Sugalaand songogdchihood uchnuun huuhduud huviin bolon oor aav eejiin ajliin oir tsetserlegt orj bn shde. Zarim burtgegdegui dugaar hurtel songogdson bn. Ihenh ni hamgin turuulj burtguulsen huuhduud ni songogdson bh jisheenii. Shudarga bus baina. Bayanzurkh duurgiin hun am mash ih, tsetserleg surguuli ni hureltseee muutai ene duurgiig 2 huvaaj tus tusd ni ded buttsiig ni hugjuuleesei. Emneleg, surguuli, tsetserleg geed buh uilchilgeee ni hun am ihtei uchir urt oocher, heeli hahuulid barigdsan hetsuuu bn.

0  |  0
Top