Энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирлээ

2017 оны 09 сарын 02

 

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн батальоны эхний хэсэг эх орондоо ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлж, Монгол цэргийн нэр хүндийг өндөр өргөж, тэсвэр хатуужил, сахилга батаараа гайхагдсан залуусын төлөөллийг ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд нарын албаныхан угтан авсан юм. 

Батальоны захирагчийн орлогч, хурандаа М.Болдбаатар ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэснийг илтгэсний дараа бригадын генерал Д.Ганзориг энхийг сахиулагчдад баяр хүргээд Зэвсэгт хүчинд өрнөсөн үйл явдлын талаар товч мэдээлэл хүргэсэн. “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд Монгол цэргийг дахин таниулсан дайчиддаа баяр хүргэе. НҮБ-д цэрэг хандивлагч улс орнуудын энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа манлайлагч нь байсан та бүхнээр бахархаж байна” хэмээгээд шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулийн хүрээнд командлалууд бие дааж эхэлсэн тухай, Зэвсэгт хүчинд ололт, амжилттай олон санаачлага биелсэн тухай, төлөвлөгөөт ажлууд хугацаандаа явагдаж байгаа тухай мэдээллийг хүргэсэн юм. 

Image may contain: 2 people, people smiling, people standing and outdoor


 Үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн энхийг сахиулагчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

Батальоны захирагчийн орлогч, хурандаа М.Болдбаатар:

-Манай батальон ажиллагааны газар оронд 2016 оны 09 дүгээр сарын 1-нээс үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Батальон маань тогтоосон дүрэм, журмыг баримтлан үүргээ амжилттай биелүүлээд эхний хэсэг нь эх орондоо ирж байна. Ажиллагааны газар оронд цагийн байдал тийм амар байгаагүй ч бид бүхэн дор бүрнээ чармайж ажилласныг онцлон хэлмээр байна. Бид үндсэн үүрэг гүйцэтгэлийн хажуугаар батальоны сургалтын орчныг сайжруулахад анхаарч хэд, хэдэн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэлээ. Энэ бол манай залуучуудын хамтын хөдөлмөр юм.

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн дэд ахлагч Ц.Амгаланбаатар:

-Эх орондоо газардах агшин сэтгэл догдлоосон үе байлаа. Үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэндээ баяртай байна. Миний хувьд гурван удаа үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай ч ажиллагаа бүр надад туршлага, мэдлэг, дадлагыг олгож байдаг юм.

Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн ахмад н.Энхбаясгалан:

-НҮБ-ын мандаттай ажиллагаанд анх удаа үүрэг гүйцэтгэлээ. Эхнэр, охин хоёроо маш их саналаа. Хайртай бүхнээсээ хол байна гэдэг хэцүү. Миний охин энэ жил сурагч болж байгаа болохоор хурдан уулзахсан, үнсэхсэн гэж хүсч байна.

Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн дэд ахлагч Г.Төртулга:

-Миний бие гэрээт цэргээс улирч ахлагчийн эгнээнд нэгдсэн. Ажиллагааны газар орныг зорихоос өмнөхөн тушаал гарч дэд ахлагч цолоо гардаж авч байлаа. Олон аавын хүү, ээжийн охидтой хамтран Зэвсэгт хүчний удирдлагын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд ирж байгаадаа баяртай байна. Аав, ээж хоёр маань Орхон аймгаас хүүтэйгээ уулзахаар ирсэн байгаа.

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлах ахлагч А.Атарчимэг:

-Манай батальонд 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байгаа. Манай эмэгтэйчүүд тэсвэр хатуужил, сахилга бат, багийн хамтын ажиллагааг энэ үүрэг гүйцэтгэлээс олж авсандаа баяртай байна. Энэ бол миний бас бидэнд үнэтэй эрдэнэ болж үлдэх чадвар гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Image may contain: 4 people, people standing and outdoor

Image may contain: 4 people, outdoor

 

Image may contain: 4 people, people smiling, outdoor and closeup

Image may contain: 1 person, standing, sky, cloud and outdoor

Image may contain: 2 people, people smiling, closeup and outdoor

Image may contain: 5 people, people smiling, outdoor

Image may contain: 6 people, people smiling, outdoor

Image may contain: 6 people, outdoor

"Соёмбо" сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Od(66.181.176.175) 2017 оны 09 сарын 03

Saihan baina. Manai salyyshyyddaa as jargal husei.

0  |  0
Top