Cүүлчийн ганц угалзыг минь хөнөөх зөвшөөрөл ХЭДЭН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ВЭ?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

Олон улсын хэрэгжүүлэх албадын мэдээлж байгаагаар амьд байгалийн, тухайлбал амьтан, ургамалын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа нь хууль бус арилжааны хүрээнд мансууруулах бодисын худалдааны дараа ордог юм байна.

Иймээс ан амьтны нөөц баялагаа хамгаалах, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийн хууль бус худалдааг журамлах, хязгаарлах зорилгоор манай улс 1996 онд Зэрлэг амьтан, ургамалын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц / CITES /  –д нэгдэн оржээ.

Энэ конвенцийн I, II  хавсралтад буюу дэлхий даяар ховордсон ан амьтны ангилалд манай орны амьтны аймгаас 14 зүйлийн хөхтөн амьтан, 71 зүйлийн шувуу, 8 зүйлийн ургамал бүртгэгдсэн байдаг .

Манай улс жил бүр дэлхийд ховордсон угалз, тэх, хар сүүлт зээр , цагаан зээр, буга, бор гөрөөс, чоно зэрэг ан амьтдыг гадаадын анчдад өндөр үнээр агнуулдаг юм Мөн CITES-ийн конвенцийн  II хавсралтад нэр нь орсон идлэг шонхор шувууг 2000 оноос эхлэн жил бүр хэдэн зуугаар нь арабуудаар бариулж экспортод гаргасаар ирсэн билээ.

Ийнхүү ан амьтдаа гадныханд агнуулах, бариулах үйл ажиллагаанаас 2010 онд л гэхэд 3.0 сая гаруй ам долларын орлого олсон байна. Гэвч сүүлийн үед эдгээр ан амьтдыг нарийвчилсан тооцоо судалгаагүйгээр олон тоогоор агнуулж, бариулж байгаагаас нөөц тоо толгой нь, ялангуяа гадаадын анчдын  таашаалд нийцэх хэмжээний даргар сайхан эвэртэй угалз, тэх, том биетэй, өнгө зүс сайтай, эрэлхэг дайчин идлэг шонхорын тоо улам бүр цөөрсөөр байгаа ажээ.

Гадаадын анчид нэг угалз агнахын тулд Ан агнуурын хуулийн дагуу зөвхөн агнуурын нөөц ашигласны төлбөрт төсөвт 18,0 мянган ам доллар төлдөг бөгөөд энэ нь 18 тонн загас олборлох төлбөрийн мөнгөтэй тэнцэж байгаа юм. Ийм өндөр төлбөр, хураамж төлж агнадаг ан амьтан Монголд өөр байхгүй.

Гэтэл энэ оноос эхлэн тухайн анчин дээр дурдсан 18,0 мянган ам долларын төлбөр, хураамж дээрээ нэмээд нэгэнт агначихсан угалзынхаа зөвхөн эвэрийг нь Монгол улсын хилээр авч гарахын тулд CITES-ийн конвенцийн дагуу БОАЖЯамнаас экспортын гэрчилгээ авахад ердөө 50 ам доллар төлдөг байсан бол одоо тэмдэгтийн хураамж нэрээр 1,850,0 мянган төгрөг /ойролцоогоор 1 500 ам доллар / төлөх болж даруй 30 дахин нэмэгдэж байгаа нь манайд ирж ан хийх гадаадын анчдын хувьд уг хураамж ямаан дээр тэмээний гарз гээчийн үлгэр болж байгаа юм.

Манайхаас бусад бүх оронд энэхүү хураамжийн хэмжээ нь ердөө 30-50 ам доллар байдаг аж. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд угалз, тэх, буга, хар сүүлт, цагаан зээр зэрэг ан амьтдын эвэрийн хэмжээ багасч гадаадын анчдын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахаа больсон учраас эдгээр ан амьтдыг агнуулах үнэ ханш ч унасаар байгаа нь нууц биш.

Ийнхүү ан амьтдын эвэрийн хэмжээ багасч байгаа нь 2000 оноос эхлэн олон тоогоор хамгийн томоос шилж сорчлон агнуулж байсантай холбоотой тал ч бий. Мөн тэрчлэн хэд хэдэн удаа ган, зуд болж том сайхан эвэртэй хөгшин угалз, тэх зэрэг ан амьтад үхэж хорогдох болсон нь ч өөр нэг шалтгаан байж болох юм.

Уг нь цагийн сайханд Монгол Алтайн нурууны угалз, тэх  нь эвэрийнхээ хэмжээгээр 1967 оноос эхлэн Югослав, Унгар, Итали, Болгар, Герман зэрэг орнуудад зохион байгуулагдаж байсан Олон улсын болон Дэлхийн ан агнуурын үзэсгэлэнгүүдэд байнга шалгарч үнэмлэхүй аваргын болзолыг тогтмол хангаж байсан учраас гадаадын анчдын сонирхлыг татах болсон юм.

Гадаадын анчдад жил бүр агнуулж буй угалз тэх, цагаан зээрийн оонийн, эвэрийн хэмжээ  жилээс жилд жижгэрсээр байгаа учраас тэдгээрийг агнуулах төлбөр, хураамжийн хэмжээнд зохицуулалт хийж багасгах бодит шаардлага гарсаар нилээд хэдэн жил болж байгаа билээ.

Сүүлийн 10 гаруй жил мөрдөгдөж буй тарифаар бол Монголд Алтайд нэг тэх агнуулахад төлбөр хураамж нь нийлээд 800 ам доллар байсан бол энэ оноос 2000 ам доллар, Говийн тэхийнх 720 ам доллар байсан бол одоо 1760 ам доллар, цагаан зээрийн оонийх 90 ам доллар байсан бол одоо 180 ам доллар болон тус тус 100-150 хувиар  нэмэгдсэн байна. Харин Арабын баячуудын Монголоос барьж авч гардаг идлэг шонхорын төлбөр, хураамжийг  дөнгөж 20 хувиар нэмэгдүүлсэн байх юм.

Гадаадын анчдын хувьд бол угалз, тэхийн эвэрийн хэмжээ нь нэг ёсны тэдний монголд ирж өндөр үнээр худалдан авах бараа бүтээгдэхүүнийх нь чанар чансаа нь болж байдаг. Гэтэл нөгөө хамгийн дуртай бараа бүтээгдэхүүнийх нь чанар муудсаар байтал манай улс анчдаас авах мөнгөнийхөө хэмжээг нэмээд байгаа нь зах зээлийн онол, жишигт хэр нийцэхгүй байна гэж үзэх нэгэн бас бий. 

Цусан эвэр, чив засаанаасаа болж нүдний гэм болтлоо ховордсон Бугыг 2005 оноос эхлэн Засгийн газраас гадаадын анчидад агнуулахыг хориглосон боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яам хувийн нэгэн компанид таван буга агнах зөвшөөрөл олгож байсан удаатай. 

Ер нь бол нөөц байршил нь хомсдсоор эвэрийн хэмжээ нь гадаадын анчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүйд хүрээд байгаа ховор ан амьтдынхаа төлбөр, хураамжийг нэмэгдүүлж байхын оронд улсын хэмжээнд  тэдгээрийг агнуулахыг 3-5 жилээр хориглох арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь ан амьтнаа хамгаалах бодлогын хувьд илүү үр дүнтэй билээ. Мөнгөө л төлж байвал сүүлчийн ганц угалзыг минь ч хөнөөх эрхийг анчдад олгох энэ бодлого хэр зохистой вэ... 

 

Х.Бадам

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санал(202.9.40.197) 2017 оны 09 сарын 04

БОАЖЯ-ны тэнэг, харамч, идэмхий ”бэрдүүдийг” л (төр, засгийн) өөрчлөх, ард түмнийхээ төлөө ”БОДДОГ, БОДЛОГО БОЛОВСРУУЛДАГ” болгох хэрэгтэй.

0  |  0
Зоологч(202.9.40.197) 2017 оны 09 сарын 04

Бадамхандаа болилдоо. Бүх хөгжингүй орны туршлагаар ”жинхэн агнуурын аж ахуй” л байгуулал даа. Яагаад монголд ан хийхийг хориглоод байдаг (SITES энэ тэр гээд), бусад оронд агнуур хөгжөөд байдаг юм? Юм уншиж, зурагт хар л даа. Битгий муйхартаад байгаачээ. Монгол хүн монголдоо ”агнуурын амьтан” өсгөж, агнаж болдоггүй юм бэ? Тийм л хууль, менежмент хийл дээ.

0  |  0
зочин(202.179.8.6) 2017 оны 09 сарын 04

Хэд хэдэн бүс тогтоогоод өсгөж үржүүлээд түүгээрээ орлого олоод байж болдоггүй юм байх даа

0  |  0
zochin(202.9.40.104) 2017 оны 09 сарын 04

baigali orchni yam yu hiij bnaa, Oyunhorol saidaa, ene bodoj uzeh mash zuv sanaa bn shu de, zaaval harj uzehiig husie tanaas

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 04

heleh yg ch oldohgui um

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 04

heleh yg ch oldohgui um

0  |  0
Top