Ах, дүүдээ шоовдорлогдсон мягмарыг яая даа байз...

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

 

  ...Ах дүү гурвуул билээ, аман хүзүү зургаа билээ. Гэтэл яагаад нэг хүзүү дутуу байна? гэж хоёр ахаасаа шоовдор дүү нь асуудаг тухай Монгол ардын үлгэрт гардаг даа. Түүн шиг долоон гараг дундаас мягмарыг онцолж ирээд шоовдорлох. Хөөрхийг “улаан нүдэн” гэж ад үзнэ. Ер нь болдогсон бол долоон гарагаас хасчих гээд  ч байх шиг. Даваа гарагт нэгэн том хийдийн хамбатай уулзахаар гарав би. Харамсалтай нь цоожтой хаалга өмнөөс угтлаа. Нарийн бичиг нь гэх намхан шар ламхай учир явдлыг асууж байна. Хамбатантай уулзах чухал ажилтайгаа ч уламжлав. Хамбатан өнөөдөр их ажилтай, үдээс хойш хуралтай гэв. Тэгэхэд нь би “маргааш уулзаж болох уу” гэхэд, ламхай бодолхийлснээ, “өнөөдөр даваа, маргааш мягмар, та гурав дахь өдөр ирж болох юм байна”... гэж айлдлаа. Лам нар хүртэл мягмарыг долоо хоногийн тооноос хассаныг бодоход бүтэхгүй өдөр бололтой. Би ч “өө бүтэхгүй юм байна... өнөө маргааш хоёрын нэгэнд байвал их сайн юмсан.” гэж үглээд эргэлээ. Ламхай ч бухимдав бололтой “мягмар гарагт хүнтэй уулзана гэж ч юу байх вэ” гэсэн чин сүсгийн үгээр хариу барив.

 Үнэн ч юм уу... мягмарт ажил амжуулах нь бүү хэл маханд дуртай монголчууд, хонь мал төхөөрөхөөс цээрлэдэг “улаан нүдэн гараг” шүү дээ. Зах зээл дөнгөж эхэлж байх үед хөдөөд мах, цагаан идээ гэрээс гадагш гаргах өдөргүй болсон байсан сан. Бүр нэг өгөхөөс өөр аргагүй айлчин ирвэл, сүүн дээрээ ус дусаагаад, цагаан идээгээ домнож бариад, бөөн зан үйл үйлдэж байж өгч байгаа харагддаг сан. Ямар сайндаа айлын хоньтой хонио нийлүүлчихээд, ялгаж авсны маргааш үлдээсэн ганц нэг төлөг, борлонгоо авахаар очиход, мягмар гараг ч юм уу, гэрийн эздийнх нь хэн нэгний час өдөр таарчихаад авч болдоггүй шахам байв. Үгүй мөн их сүжиг шүү. Гэрийн эзэн, эзэгтэй, мягмар гараг нийлээд долоо хоногийн гурван өдөр, дээрээс нь малын час өдөр гээд дөрвөн өдөр... ийм л цээрийг үзмэрч ламхай нар тухайн үед тогтоож өгсөн байв.  Одоо харин арай гайгүй болсон шиг. Гэвч мягмар гараг “муу” өдрийн данснаас гараагүй хэвээр. Ломбардын эзэд бол мягмарыг нэг нүдээрээ үздэггүй гээд бод л доо. Улаанбаатар хотын ломбардны ихэнх нь мягмарт ажилладаггүй. Нэг үе 24 цаг ажиллаж байлаа шүү дээ. Гэхдээ тэд мягмарт л хаалгаа тас хаагаад гэртээ тэрийцгээнэ. Үгүй мөн сонин шүү мөнгө хүүлэгчидтэй хүртэл харш байх нь байна шүү дээ. За бас нэг сонирхолтой нь төлөгчид мягмарт чулуу, зоос татахаас зайлсхийнэ. Үзмэрчдийн далдыг хардаг мэлмий мягмар гарагт нэгддэггүй юмдаг уу даа.

  Би гэдэг хүн мягмарт төрсөн "азгүй" хүн юм билээ. Миний сүлд өдөр мягмар... Тэгээд мягмар гараг миний сайн өдөр гээд хол замд гарах гэхээр аян замд дөрөө харших хүн тун цөөн. Морь жилтнүүдийн зарим нь л мягмарыг өмөөрнө. Учир нь тэдний сүлд гараг учраас. Мягмар гарагтай ямар ч Дашням, Балжинням давхцаад нэр нь үл цэвэршинэ. Мягмар гарагт болсон найр хуримыг тоолоод үзээрэй та нарт олдохгүй л болов уу? “Муу хүний үхэл бямбад” гэж зэвүүрхдэг ч нүүрэн дээрээ тэгж хэлээд, цаанаа мягмараас өөр муу өдөр хаана байх вэ дээ, гэж өмөөрнө. Хагассайн гэдэг чинь сайн өдөр л гэсэн үг гээд өегшнө. Саяхан нэгэн танилмаань хүүхдийнхээ сэвлэгийг үргээх өдөр хайсан ч Дашням, Балжиннямын аль нэг нь мягмартай давхцаад дараа сард сэвлэгэнд нь хүрэхээр болоод хойшлуулсан байна билээ.

 Ер нь бодоод байх нээ ням гарагийг мягмараар сольчихмоор ч юм уу!.. Ямар бүтэн сайнд гадуур хөөцөлдөөд байх ажил байх биш. Бүтэн сайнд нэгнээ хэсэж бэлэг сэлт авахгүй байхад л болох биш үү. Ломбард нь ч амралтынхаа өдрөөр бусдын жишгээр амраад, үзмэрчид маань бүтэн сайндаа гэртээ тухлахад зүгээр шүү дээ. Мягмартай долоо хоноггүй болохыг мөрөөдөж явдаг хүмүүс ч байж мэднэ. Нэгэн мэргэн санаа энэ дашрамд орж ирсэнийг хэлэхэд, УИХ-ын гишүүний суудал горилохоор бол “Улаан нүдэн мягмарыг долоо хоногийн тооноос хасна...” гээд мөрийн хөтөлбөртөө тусгачихад л торойгоод гараад ирж ч мэдэхээр юм байна шүү. Ингэхэд мягмар гараг бусад зургаан гарагтаа ямар гэм хийчихсэн юм бэ?. Ах дүүдээ шоовдорлогдсон мягмарыг ер нь яая даа байз...

                                                                     Л.Ганзул

www.zindaa.mn     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.41.97) 2017 оны 09 сарын 12

ХАХАХА

0  |  0
Top