Ухаалаг унадаг дугуйг жийгээд үзвэл...

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 16

Бидний амьдарч буй энэ эрин зуунд бүхий л зүйл ухаалаг болж байна. Гар утаснаас эхлээд унадаг дугуй хүртэл "Ухаантай" болсон гээд бод доо. Үүний нэг тод жишээ болох ухаалаг дугуйг Нидерландын шинжлэх ухааны хэсэг эрдэмтэд бүтээжээ. Залууранд нь байрлуулсан радар хүлээн авагч төхөөрөмжийн тусламжтай өмнөө байгаа замын энхэл донхол,  хөдөлгөөнт биетийг мэдэрч дохиолол өгөхөөс гадна арын дугуйны дээд талд нь камер байрлуулсан учир ард үлдсэн замаа  харах боломжийг дугуйчинд олгож байгаа юм байна.
Эдгээр төхөөрөмжийн тусламжтай өмнө нь байгаа аюулын дохиог дугуйн суудал нь чичирхийлж мэдэгдэх бол араас ирэх аюулын дохио нь залуур чичирхийлэл байдлаар илэрч эзнээ эрсдэлээс хамгаалах юм байна. “Дугуйчинд зориулан суудал болоод залуурт чичирхийлэгч төхөөрөмж суулгасан нь тохиолдож болох аливаа эрсдлээс хамгаалж, улмаар баруун зүүн тийш чиглэлийн хөдөлгөөнийг аюулгүй гүйцэтгэх, хурдны хяналтын системтэй болгосон зэрэг давуу талтай” гэж уг төсөл дээр ажилласан ахлах судлаач Маурис Кваккернаат өгүүлжээ.
Ухаалаг анхааруулах эдгээр системээс гадна цахилгаан моторын тусламжтай цагт 25 км хүртэл хурдлах боложмтой болгожээ. Нидерланд улсын хэмжээнд жилдээ дугуйн ослоор 180 гаруй хүн амь насаа алддаг байна. Эрдэмтдийн хийсэн  судалгаагаар дугуйчид хурд хэтрүүлэх болон шилжилт хөдөлгөөн хийхдээ арагшаа эргэж хардагаас осол эндэгдэл гардаг нь тогтоогджээ.
Дэлхийд анх удаа ийм ухаалаг дугуйг зохион бүтээсэн Нидерландын төслийн багийнхан уг дугуйн хүндийн жинг багасгахаар ажиллаж эхлэсэн байна. Одоо 25 килограммын жин татаж байгаа энэ дугуйн хүндийн жинг нь багасгаж, 2 жилийн дараагаар 1700-3200 еврогийн үнэтэй дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Тун удахгүй ухаалаг дугуйг жийх цаг иржээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top