Зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурна

2017 оны 09 сарын 24

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

24-ний өдөр Ховд, Говь-алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017.09.24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө хүйтэрч 1-6 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх  нутгаар 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26,27-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top