Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна

2017 оны 09 сарын 25

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” дөрөв дэх удаагийн сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 22, 23-нд зохион байгууллаа. Сургалтанд "Өдрийн сонин”, "Үндэсний шуудан”, "Монголын мэдээ”, "Өглөөний сонин” зэрэг өдөр тутмын 8 сонин, МҮОНРТ-ийн "ММ агентлаг”, "Монголын радио”, "UBS”, "С1”, "MN-25” зэрэг үндэсний хэмжээнд эфирээ цацдаг 11 телевиз, "news.mn”, "gogo.mn”, "Ikon.mn”, "itoim.mn”, "zaluu.com”, ”uls.mn”, "bataar.mn”, "24tsag.mn”, "zindaa.mn”, "olloo.mn”, "Infomongol.mn”, "medee.mn”, "polit.mn”, "ontslokh.mn”, "baabar.mn” dorgio.mn зэрэг 18 сайтын сэтгүүлч, нийслэл дэх анхан шатны шүүхүүдийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд зэрэг 40 хүн оролцлоо.  

Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, МУИС-ийн эрдэмтэн багш нар, шүүгчдийн төлөөлөл хичээл заадаг энэхүү сургалтанд өдгөө 200 орчим сэтгүүлчдийг хамруулаад байгаа юм.

Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна

Сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн сэтгэгдлээс хүргэе. 

 

     

МҮОНРТ-ийн "ММ агентлаг”-ийн сэтгүүлч О.Намчин: Сэтгүүлчдийн хариуцлага, бүтээмж нэмэгдэнэ

- Сэтгүүлчид эрэн сурвалжлах чиглэлээр бичих сонирхолтой, сэтгүүл зүй энэ чиглэлд түлхүү анхаардаг болсон. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшихэд хуулийн үзэл баримтлалыг судлах зайлшгүй шаардлагатай. Ийм хэрэгцээнд тулгуурлаж Шүүхийн ерөнхий зөвлөл сэтгүүлчдийг мэргэшүүлж байгаа нь дөрөв дэх засаглалд оруулж буй том хөрөнгө оруулалт. Сургалтаа жил бүр уламжлал болгож, сэтгүүлчдэд өгсөн мэдлэгээ бататгаж байгаа нь чухал ач холбогдолтой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж энэхүү сургалтаараа сэтгүүлчдэд салбартаа үр нөлөө, бүтээмж, хариуцлагатай ажиллахад дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн. Яах аргагүй хууль зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр мэргэшсэнээр сэтгүүлчдийн хариуцлага, бүтээмж нэмэгдэнэ.

 

 "Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Уранчимэг: Хөндөх сэдвийн санаа их авлаа

- Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчийн сургалтад анх удаа хамрагдлаа. Сэтгүүлч хүн олон талын мэдлэг, мэдээлэлтэй байх шалгуурын үүднээс надад маш үр өгөөжтэй байсан. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэчлэлт, өмнө нь хэрхэн хэрэгжиж байсныг харьцуулсан ойлголтыг өгч, Гэр бүлийн хүчирхийлэл болон өөр бусад хичээлийг сонсоход их сонирхолтой байлаа. Эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчийн хувьд маш хэрэгтэй мэдээлэл, мэдлэг олж авсандаа баяртай байна. Мөн тус хичээлүүд, лекцийг сонсож байхад хөндөж бичих сэдвийн санаа хүртэл их авлаа. Дахин шүүхийн мэргэшсэн сэтгүүлчийн сургалтад хамрагдана гэсэн хүсэл эрмэлзлэлтэй боллоо.

"News.mn” сайтын сэтгүүлч Д.Уламбаяр: Сургалтын ач холбогдлыг үнэлж баршгүй

- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад 3 дахь жилдээ оролцлоо. Сэтгүүлч мэргэших шаардлагатай талаар сүүлийн жилүүдэд их ярьж байгаа. Тухайн салбараар мэргэшиж, холбогдох хууль тогтоомжийг судалснаараа бичсэн нийтлэл, нэвтрүүлэг нь өгөөжөө өгнө. Тиймээс хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйтэй холбоотой мэдлэгийг гурав дахь жилдээ авч байгаа юм. Мэргэжлийн ур чадварын хувьд асар их дэвшил мэдрэгдэж байгаа утгаараа сургалтын ач холбогдлыг үнэлж баршгүй. Энэ нь зөвхөн сэтгүүлч төдийгүй уншигчдад маань ч үр өгөөжтэй. Жишээлбэл, анх сэтгүүлч болохдоо шүүх хуралдааныг сурвалжлах аргаа мэддэггүй, хичээлд ч заалгаж байгаагүй. Харин одоо шүүхийн мэдээллийг авах, түүнийгээ иргэдэд хүргэхэд суралцсан гэж ойлгож байгаа.

Энэ удаагийн сургалтын тухайд шинээр батлагдсан хуулиудын гүнд орсон мэдлэгийг авлаа. Энэхүү мэдлэгээ нийтлэлдээ ашиглах учраас баяртай байна. Жил бүр сэтгүүлчдийн мэдлэг боловсролд хөрөнгө оруулалт хийдэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье.  

 

"Zaluu.com” сайтын сэтгүүлч Б.Батчимэг: Сургалтанд хамрагдах гэж хүлээж, өрсөлддөг болсон

- Би энэ сургалтад 3 дахь жилдээ хамрагдаж байна. Миний хувьд сургуулиа төгсөөд л эрэн сурвалжлах чиглэлээр бичиж эхэлсэн. Мэдээ бичих гэхээр анхан шатны шүүх, давж заалдах, хяналтын шатны шүүхээ ч ялгаж мэдэхгүй, заавал хэн нэгэн хуульчаас лавлаж гаргалгааг нь ойлгож байж бичдэг байлаа. Гэтэл одоо "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” гэсэн улаан үнэмлэхний эзэн боллоо. Мэдээж энэ зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг сэтгүүлчдэд зориулсан сургалт маш том нөлөөтэй. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олон хичээлүүдээ яг цагаа олсон, маш мэдрэмжтэй сонгодог. Эхний жил бид мэдээж маруухан ойлголттой байсан учир эрүүгийн хууль, шүүхүүдийн ялгаа, захиргааны хууль гээд ордог байсан бол хоёр дахь жил нь яг төсөл нь боловсруулагдаад явж байсан Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай гээд мэдээ нийтлэл бичихэд маш том түлхэц болохуйц оновчтой, өгөөжтэй сэдвүүдээр зааж байсан. 

Харин энэ жил Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, шинээр хэрэгжиж байгаа хуулийн талаарх сэдвүүдээр түлхүү хичээл орлоо. Яг одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулагдаад явж байна. Иргэд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь зөв буруу талаар төдийлөн сайн мэдээлэлгүй байгаа. Мэдээж энэ бүхэнд дөрөв дэхь засаглалын үүрэг гүйцэтгэж буй сэтгүүлчид үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэнэ. Харин өөрсдөө судалгаа, зөв ойлголттой байх нь нэн чухал. Яг тулгамдаад буй энэ сэдвүүдээр хоёр өдрийн турш хичээл зааж үнэтэй мэдлэг өгсөнд туйлын баяртай байна.

Мөн хичээлийг Монгол Улсын урдаа барьдаг шилдэг хуульчид заадаг нь үнэ хүнд, бахархалтай. Аливаа нэг газар сургалт зохион байгуулахдаа хүмүүсийг урьж залдаг бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг сургалтыг сэтгүүлчид тэсэн ядан хүлээдэг, амжиж хамрагдах гэж хоорондоо өрсөлддөг болсон нь чанар, үр нөлөөг нь илтгэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олондоо баярлалаа. Сэтгүүлчдийнхээ мэдлэгийг ахиулах ажилд нь улам их амжилт хүсье.

 

"NTV” телевизийн сэтгүүлч Н.Сугар: Тэргүүлэх хуульчдаар хичээл заалгана гэдэг том завшаан

-"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт сэтгүүлчдийн хувьд маш том боломж олгодогоороо ач холбогдолтой. Хуулиар хориглосноос бусад тохиолдолд шүүх хуралдааныг сурвалжлах нээлттэй байдаг. Энэхүү сургалтад 3 жил дараалан хамрагдаж, "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” үнэмлэх авлаа. Хамгийн гол нь шүүхийн цагдаа, захиргааны байгууллага сэтгүүлчдийн мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй ханддаг болж байгаад баяртай байна. Шүүхийн сэтгүүл зүйгээр мэргэшсэний хувьд шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхгүй, шүүх хуралдаанд оролцогч талуудын эрх зүйн байдалд халдахгүйгээр мэдээллээ тэнцвэртэй хүргэнэ. "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” үнэмлэхийг авсан сэтгүүлчид эрх зүйн чадамжтай мэдээ, мэдээлэл бэлтгэхэд мэргэшсэн. Энэ жилийн сургалтаар шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиудын талаар хичээл заасан нь хууль, эрх зүйн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдэд илүү өгөөжтэй, сонирхолтой байлаа. Шинэ хуулиудын үзэл баримтлалын талаар салбартаа тэргүүлэх байр суурьтай хуульчдаар хичээл заалгана гэдэг том аз завшаан. Сургалтын зохион байгуулалт ч өндөр түвшинд байлаа.

 

"Монголын мэдээ” сонины сэтгүүлч Г.Ганчимэг: Сэтгүүлч мэргэшихэд хуулийн мэдлэг шаардлагатай

 

- Би эдийн засгийн мэдээ, мэдээллээр мэргэшсэн сэтгүүлч. Эдийн засаг бол хэрэглээ арилжаа, бизнесийн сурталчилгаа төдий зүйл биш. Энэ төрлийн мэдээ мэдээлэл бэлтгэхэд хууль, эрх зүйн талын мэдлэг зайлшгүй шаардлагатай. Ер нь хууль хэрэглэдэггүй салбар гэж үгүй. Тиймээс ямар ч салбараар мэргэшихэд хуулийн мэдлэгтэй байх шаардлагатай. Энэ удаагийн сургалтаар шинээр батлагдсан хуулиудын талаар, шүүх, шүүгчийн хараат бус байдлын талаар мэдээлэл авсандаа олзуурхаж байна. Сэтгүүлчдэд оюуны том хөрөнгө оруулалт хийсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, эрдэмтэн багш нартаа баярлалаа.

 

"Murch.mn” сайтын эрхлэгч Х.Ган-Ялалт: Сэтгүүлчдийг алдахаас сэргийлэхэд туслаасай

- "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад анх удаа оролцлоо. Сэтгүүлчдийг мэргэшүүлэхэд ач холбогдолтой сургалт болдгийг хоёр өдөр сургалтад оролцоод мэдэрлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд, шүүгчид, прокурорууд сэтгүүлчдэд мэдээлэл өгч, хичээл зааж байгаа нь чухал юм. Дараа, дараагийн сургалтад сэтгүүлчдийн гаргадаг алдаан дээр түлхүү анхаарч хичээлээ заагаасай гэж хүсч байна. Учир нь энэ сургалтад шинэ залуу сэтгүүлчид бас хамрагдаж байна. Жишээлбэл, хичээл дээр "Эрдэнэ-Очирын хэрэг”-ийн талаар асуухад мэдэхгүй сэтгүүлч олон байлаа. Хуулийн салбарынхан, хууль эрх зүйн салбараар дагнан бичдэг сэтгүүлчдийн хувьд алдартай кэйсийг зарим сэтгүүлч мэдэхгүй байгаа нь мэргэжилдээ "шинэ” байгааг илэрхийлж байна. Тиймээс сэтгүүлчид нийтлэлээ бичихэд юун дээр илүү анхаарах вэ, яагаад алдаа гаргадаг вэ гэдэгт багш нар маань илүүтэй анхаарч хичээлээ заавал илүү үр дүнтэй болно. Сэтгүүлч зарим тохиолдолд алдаа гаргаж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Гэтэл үзэгнийх нь үзүүрт хүний хувь заяа шийдэгдэж байдаг. Тиймээс сэтгүүлчдийг алдахаас сэргийлэхэд багш нар маань туслаасай.

 

"Time.mn” сайтын сэтгүүлч Э.Сайнзаяа: Нийтлэлийн хэд, хэдэн сэдэв олж авлаа

- Би эрх зүйч, сэтгүүлч мэргэжилтэй. Энэ сургалт маш өгөөжтэй. Тийм ч учраас жил бүр оролцож, мэдлэг олж авахыг хүсдэг. Энэ жилийн тухайд Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гээд сонирхлыг маань маш их татаж байгаа сэдвүүдээр хичээл заасан. Мэдлэгээс гадна нийтлэлийн хэд, хэдэн сэдэв олж авлаа. Энэхүү сургалтыг зохион байгуулж сэтгүүлчдийн боловсролд хөрөнгө оруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд баярлалаа. 

Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна

Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна
Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байнаШүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна

 

 Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top