Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлж байна.

Гамшгийн эрсдэлийн удирдлагын үндэсний болон орон нутгийн байгууллага, багийн иргэдийн зуд болон ой, хээрийн эрсдэлийг удирдах чадавхийг бэхжүүлэх зорилготой уг төсөлд Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 сум хамрагдаж байгаа юм.

Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, төслийн зохицуулагч Д.Нямдорж, олон улсын зөвлөх, доктор Иан Фернис Вайлдерспин нар оролцлоо.

Сургалтыг төслийн олон улсын зөвлөх доктор Иан Фернис Вайлдерспин удирдан явуулах бөгөөд энэ үеэр ОБЕГ-аас сургалтанд оролцогчдод цаг үеийн болон бусад холбогдох танилцуулга, мэдээллийг өгөх юм.

Сургалтанд ОБЕГ-ын болон 21 аймгийн ОБГ-ын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар нь өөрсдийн орон нутагт олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтыг зохион байгуулж, иргэдийг гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, идэвх, санаачлагыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Сургалт 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл үргэжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.