Монголын яруу найргийн “эгэл эрдэнэ” Долгорын Нямаа

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 27

            

...Амгалан талын аяс хөндөж 
Алдуурсан унага шиг од харвана... шигээ нэгэн найрагч одов. Монголын оюун санааны эрхэм дээдэс толгой гудайн, гүн хүндэтгэлтэйгээр түүнийг үдэн хоцорлоо. “Хөөрхий муу шаахай нь хөл хоргоохоо болих” мэт сэтгэл туучин, “Дуулим талын цэцэгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би...” гэж хүүхнүүдийг гарч одтол гэгэлзүүлж амьдарсан тэрбээр Монголын яруу найргийн эгэл эрдэнэ байв. Анзааръя гэсэн нэгэн анзаарч хардаг, анзаарахгүй нэгэнд тоогдохыг ч хүсдэггүй эгэлхэн түүнийг Долгорын Нямаа гэнэ.

Долоон Нямаа байдаг гэнэ.

Долгорын Нямаа гэдэг гэнэ... хэмээн хошигносны эхэнд түүний нэр дурдагдах. Монголын уран зохиол дахь долоон Нямаагийн нэг, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат түүний шүлгүүд богинохон ч хэний ч сэтгэлийн чанадад хүрдгээрээ гайхалтай.

                          Зураг дээр: "Болор цом"-ын эзэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Гантулгын хамт

Яруу найргийн үнэн тунгалаг мэдрэмжүүд шүлгээс нь анхилж хүн чанарын болор тунгалгийг сэтгэлээсээ гэрэлтүүлэгч тэрбээр яруу найргийн нар байв, нэр байв. Говьд төөрсөн зохиолчид худаг дээр ховоо татаж зогссон тэмээчнээс энэ хэний нутаг вэ гэхэд, “Долгорын Нямаагийн нутаг аа хө...” гэж хариулсан гэдэг. Нутгийн зон олон нь түүнийг тийн бурханчлан хүндэтгэдэг байв. Цагаан дэрстэй говийнхоо их налгарыг дуурайсан сайхан хүн байж. “Тэнгэрийн хаяаны од тэр бүр харагддаггүй би мэднэ” хэмээн талын хүний ухаанаар хэлсэн нь бий. Гайхалтай уужуу сэтгэж, бичиж туурвиж иржээ тэр.

Ихээ зузаан нүдний шилний цаанаас сэтгэл нэвт ширтэх шиг харцтай, дөлгөөн хэрнээ нэг уурсвал Галбын говийнхоо улаан хуй шиг догширч мэдэх дүр төрхтэй, их ус шиг намуухан тэр хүнтэй хааяа нэг аяны замд дөрөө нийлсэнээс өөр ойр дөт байсангүй. Гэхдээ л хол мөртлөө ойр санагдах нь шүлгүүдээс нь үүдсэн хэрэг байх. Хол явахад сэтгэлд ханьтай, үг дуу цөөтэй ч хэлж ярьсан нь үнэ цэнтэй учир хүмүүстэй ярьж зогсоход нь чих тавин ойртдогсон. Шүлгээс нь гэгээн уянга, ухаарал, гүн сэтгэлгээ үргэлж мэдрэгдэх...

Ташуурын сүүдэр шүргэх төдийд

Үрээ тэд голдог гэнэ

Хээрийн салхины хөл дор

Хэдхэн өндөг хоцордог гэнэ

Тэнгэрт нисэх тавилангүй

Тэндээ яг төгсдөг гэнэ

Хөдөөгийн сэлүүнд өнгө хорших

Хөгжлийн утас тасардаг гэнэ

Баян талын ая эгшиг

Бас түүгээр дутдаг гэнэ

Сүр хүчит хүн танаа хүсэх минь

Сүүдрээ хямгадаж яваарай

Тайван нар тэнгэрт налайж

Тал нутагт шувууд жиргэг. /Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй/ хэмээн жигүүртний үрийг хайрлан бөөцийлж,сүүдрээ хямгадахыг хүмүүст захижээ. Нэгдүгээр дамжааны оюутан байх үедээ бидний хэдэн нөхөд Зохиолчдын хороогоор очиж, хаалга бүрийнх нь бариулаас атгаж, салхи савир хавчуулан гүйж билээ. Ардын уран зохиолч Ш.Дулмаа багш маань биднийг дагуулчихсан, өрөө бүрийг танилцуулж хэн гэдэг алдарт зохиолч аль ширээ сандлын эзэн байсан тухай музейн тайлбарлагч шиг танилцуулсансан. Тэр л үед Долгорын Нямаа хэмээх эрхэм найрагчийг дэргэдээс нь харж, оюутан бид шалгаан суусан билээ. Зохиолчид гэхээр хүршгүй, хүн тоож ярьдаггүй хүмүүс байдаг тухай бодож явсан бидний бодлыг орвонгоор нь эргүүлсэн эглийн эгэл хүн бол Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа ах байв. Анагаахын сургуулийн босгыг алхаж, Горькийн утга зохиолын сургуульд суралцсан тухай дурсамж хөврүүлж, шүлэг бичихийн сайхан хийгээд яруу найргийн мөн чанараас цухас өгүүлсэн санагдана. Өөрсдийгөө мундаг яруу найрагчид болсон мэт санаж явсан оюутнууд хойно Д.Нямаа ахын яриа, шүлгийг сонсоод бие биеэ чамласаар гарцгааж билээ. Шүлгүүд нь хэдий богино ч уртын урт, холын хол, уудам дэлгэрийг багтаасан агуу гайхамшигтай билээ. Мэнэнгийн талын тухай шүлэг бичих хэний ч бодолд их урт шүлэг бичмээр, зах хязгааргүйг нь гайхсан, далай, тэнгистэй зүйрлэх л санаа төрөх биз. Гэтэл тэрбээр:   

Явж байгаад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ
Явж явж асуулаа , Мэнэнгийн тал гэнэ
Үдэш болоход асуулаа Мэнэнгийн тал гэнэ
Үүр цайхад асуулаа Мэнэнгийн тал гэнэ
Мэнэнгийн тал... Мэнэнгийн тал... /Мэнэнгийн тал/ гэж тэр их талыг зуржээ. Бичигийн их хүмүн Төрийн шагналт зохиолч Лодонгийн Түдэв гуай “Эрхий дарам зай”-даа мянган заан багтаасан байдаг. Түүний л ижил Мэнэнгийн их талыг тавхан мөртөд багтааж чадсан нь цорын ганц нь Долгорын Нямаа найрагч бөлгөө. Түүний тухай  Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт орчуулагч Го.Аким “Аргал шээзгийгээр түүж байгаа юм шиг...” тэмдэглэлдээ:   “Салхи буруу эргэлээ” гэсэн гарчигтай жаахан эсээ буй. Халтирч хэлэхэд, нэг санаа нь нэг эсээ юм. За тэгээд тэр нь “Говьд салхины чиглэл амархан солигддог. Хэрэв салхи буруу эргэвэл цаг уур тогтвор алдахын дохио гэж хуучцуул шинждэг” гэж эхлэх юм. Тэгэхээр нь говийн цаг уурын тухай л бичих нь дээ, бас л сонин юм гэсэн шүү юм бодож байв даа. Гэтэл, юу вэ, өнгөрсөн зууны 32 оны Говь нутагт Дэлэгсамба гэж этгээд говийнхнийг урагш, хилийн цаана нүүлгэх гэсэн бурангуй явдлын тухай өгүүлжээ. Буруу эргэсэн салхи, буруугаар эргэх нүүдэл хоёрыг яаж холбох юм бол доо гэтэл “Дэлэгсамбын аюул нүүрлэсэн Усан бичин жилийн тэр хавар Дэл хөнжлийн салхи буруу эргэжээ. Салхи буруудвал сүү гашилдаг. Манай нутагт хөллөн боссон ороолонгийн хар салхинд сүү байтугай нь гашилсан гэж болно. Хүний амьдрал, хувь заяа ч бас гашилжээ” гээд нөгөө буруу эргэсэн салхиа хүний, ард олны хувь заяанд дээр аваачиж тавиад санаагаа зөв эргүүлчихсэн байх юм. Донжтой, донжтой! Үүнээс нь над нэг сэрхийсэн юм гэвэл хэрвээ Нямаагийн дээдэс Дэлэгсамбын үгэнд орон урагшаа нүүгээд явчихсан бол Нямаа маань өдийд Хятадын зохиолч болчихсон таваргаж явах нь байна шүү дээ. Монголын уран зохиол нэгэн яруу найрагчаа алдах байж шүү дээ. Урагшаа бус хойшоо нүүсэн Нямаагийн дээдэст залбираму! гэж  олзуурхсаны дээр бас их авьяастнаа харамлажээ. Нээрээ л тэр буруу эргэсэн салхинаар тэдний нүүдэл “уруудаад” явчихсан бол Монголын яруу найраг Д.Нямаагийн тод дүрслэлт, уянгын шүлгээр хэдэн ч зуунаар ангах байсан юм билээ.

Баянхайрхан, Дэл, Хөнжилийнхөө уулсаас сэтгэл уяатай явсаар тэнгэрт дэвшсэн их найрагчтай олон ч сэтгүүлч уулзаж, “дотоод” хөдөөгөөр нь “нүүжээ”. Тэр бүхэнд Д.Нямаа найрагч “Миний сэтгэлд хөг байгаа нь Галбын говийн нүүдэлтэй холбоотой юм...” гэж эгэл даруухан атлаа, тун эрхэм хариултыг өгчээ. Говийнхоо толгод дундуур ингэ, ботго гунганууланхан нүүж яваа талын урт нүүдлийн хөг аялгууг зүрхэндээ шингээж түүнийгээ шүлэг болгон хүмүний сэтгэл, оюунд юүлж явжээ тэр. Хүний орчлонгийн нүүдэл суудалд хайртай тэрбээр өөрөө шөнийн тэнгэрт яралзах оддын зүгээс ижлээ олохоор чимээгүйхэн ачаалан нүүж одлоо. Магадгүй тэрээр нутгийнхаа уулсын зүг буцсан ч байж мэдэх. Аглаг сэтгэлийг гэрэлтүүлэгч уянгын найрагч Долгорын Нямаа ахын “Аргалын хоёр уул”-аар нь энэхүү бичвэрээ өндөрлөе. Ум сайн амгалан болтугай.

Бараа бараагаа харсан
Холын цэнхэр уул
Багаас миний хайртай
Хоёр цэнхэр уул
Зэрэглээ гүйсэн талын
Зэрэгцээ хоёр уул
Зээр цахилсан хөндийн 
Сондгой хоёр уул
Саахалт хоёр айлын 
Санаа нэг гэдэг шиг
Сайхан хоёр уулын 
Салхи бас нийлнэ
Сайхан хоёр уулын 
Салхи нийлэв гэхэд
Ботгон цагаан уулын
Бороо бас нийлнэ
Ботгон цагаан уулын 
Бороо нийлэв гэхэд
Цэнхэр хоёр уулын
Цэцэг бас нийлнэ.
Холын холоос бараатай
Аргалын хоёр уул
Хоёулаа байх нь жаргалтай
Амрагийн хоёр уул
Хэн хэнээсээ холдохгүй
Талын хоёр уул
Хэзээ ч гэсэн ойртохгүй 
Дууны хоёр уул

                                                                                      Лхамсүрэнжавын Ганзул

 

 Монгол улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн , яруу найрагч Долгорын НЯМАА


Д.Нямаа 1939 онд Өлзийт сумын нутаг  Хирс таван толгойн Үүдэн бууцанд мэндэлсэн. Ерөнхий боловсролын сургууль, хүн эмнэлгийн техникум, ЗХУ-д /хуучин нэрээр/  Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дүүргэсэн. Хүний бага эмч, зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй.

Аймгийн сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отрядод эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор,  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт,  Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, “Ардын эрх” сонинд утга зохиолын ажилтан,  Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга зэрэг албан тушаалд ажилласан, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн.

Д.Нямаа 1974 онд  МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал,1993 онд Монгол улсын төрийн соёрхол, 2009 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улааан тугийн одонтой.

“Галуун цуваа”, “Шинэ тэнгэр”,  “Их газрын чулуу”,”Тэмээний нутаг” “Гитар барьсан залуус”, “”Шөнийн талд адуу янцгаана”, “Долоон бурхан” шүлгийн,  “Урьхан цэнхэр зэрэглээ” Тэнгэрийн хаяа” “Атлантын түрлэг” дурсамж тэмдэглэлийн ном хэвлүүлжээ.

 


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(202.9.43.102) 2021 оны 03 сарын 18

Сайхан зохиолч шүү,Гадаадын улс орнуудад алдартай хүмүүсээ бурхан болоход салах ёсыг сайхан хийж хүндэтгэх юм,Манайд ч бараг л чимээ гарахгүй шахам байх юм даа,

2  |  0
Цэрэн(27.123.214.89) 2017 оны 09 сарын 27

Тэнгэрийн орондоо амгалан нойрсдоо ум сайн амгалан оршиг

0  |  0
1(202.179.13.27) 2017 оны 09 сарын 27

энэ сайхан хүн бол зүгээр л амьд БУРХАН шүү. Би тэмээчин Сүхбаттай 40 жилийн дараа уулзсаныг хараад би эхнэр, хүүхдүүдийнхээ хажууд өөрийн эрхгүй мэгшин уйлсан эр хүн дээ. би. Та урт наслаарай.......................

0  |  0
Top