Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, хүний эрхийн дүн шинжилгээ, судалгаа хийж, сургалт зохион байгуулж байна.

Аймаг, орон нутагт хүрээлэн буй орчин, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хүрээнд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих ажил зохион байгуулах, орон нутгийн ажилтнуудыг туршлага солилцуулах, чадавхжуулах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд тус аймагт ХЭҮК-ын 21 аймаг дахь ажилтан, Ажлын албаны дарга, ажилтнууд очиж, “Байгаль орчны засаглал ба хариуцлагатай уул уурхай” буюу аймгийн байгаль орчны салбар дахь хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний эрхэд ээлтэй хариуцлагатай уул уурхайн туршлага судлах, дүн шинжилгээг тусгай удирдамжийн дагуу хийж байна. Энэ нь уул уурхайн салбарын талаарх бодлого, хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, төрийн болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэн сахих хандлага, үйл ажиллагааны хэм хэмжээг төлөвшүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна.

Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдын удирдлагууд, холбогдох алба, мэргэжилтнүүдтэй уулзаж, Оюу Толгой ХХК, Энержи Ресурс зэрэг ХХК-иудын байгаль орчны салбар дахь хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, уул уурхайн бүтээн байгуулалт, тээвэрлэлтээс байгаль орчинд нөлөөлж буй нөлөөлөл, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ, дэвшилтэт технологитой танилцах, сайн туршлагыг судлах, дээрх уул уурхайн бүс нутагт амьдарч буй иргэд, малчдын хүний эрхийн нөхцөл байдал, уул уурхайн компаниуд болон орон нутгийн гэрээлэлтийн талаар тулгамдаж буй асуудал, шийдвэрлэж буй арга зам, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох зэрэг ажлыг зохион байгуулна.

Хүний эрхийн үнэлгээ, дүн шинжилгээг Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдад хийхээс гадна сумдын Залуучууд хөгжлийн төвийн ажилтнууд, дэмжигч гишүүдэд хүний эрхийн сургалт явуулна. “Хүний эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх нь”, “Хүний эрхийн боловсрол: Үндсэн ойлголт, Практикт хэрэгжүүлэх нь”, “Хүний эрхийн бүтээлч төслүүд боловсруулах, танилцуулах” зэрэг сэдвээр хичээл зааж, тус төвийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн боловсролыг амьдрал ахуйд хэрэгжүүлэх, улмаар тухайн орон нутагт хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын Гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээг хийнэ.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )