Эдди Редмэйн: Эмэгтэй хүний дүр бүтээж байсан ч яахав, ажилтай л байвал болоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 21

“Бүх зүйлийн онол” кинонд агуу физикч Стивен Хокингийн дүрийг маш чадварлаг бүтээж, Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ыг гардсан Британийн жүжигчин Эдди Редмэйний ярилцлагыг орчуулан хүргэе.

Түүний талаар товч мэдээлэл хүргэвэл, Эдди Редмэйн 10 настайгаасаа кинонд тоглож эхэлжээ. Гэвч кино үйлдвэрийн эзэд түүнд 2012 онд “Les Miserables” киноны дараа л анхаарлаа хандуулж эхэлсэн гэдэг. 2015 онд Эдди “Бүх зүйлийн онол” кинонд агуу Стивен Хокингийн дүрийг бүтээсэн нь түүнийг Холливудад хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болгож, дараа жил нь “Дани охин” киноны гол дүрээр “Оскар”-т дахин нэр дэвшихэд нь нөлөөлсөн билээ. Эдди энэ кинонд өөрийгөө гайхалтай өөрчлөн үзэгчидтэй уулзсан нь хүйсээ солиулж эмэгтэй болсон дэлхийн анхны хүн Эйнар Вегенерийн дүр байв. Эгэл даруу, харахад турь муутай гэмээр энэ залуу орчин үеийн кино урлагт тод гялалзаж эхэлсэн юм. Эдди Редмэйний “Glamour” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-“Дани охин” киноны гол дүрд хэрхэн бэлтгэсэн бэ?

-Бурхан минь гэж. Үүнийг хэлэхэд ичмээр ч юм шиг байна л даа. Би эхнэрийнхээ уруулын будгийг нууж аваад толины өмнө нууцаар уруулаа буддаг байсан. Гэсэн ч эхнэр маань намайг харчихсан. Гэхдээ манай эхнэр ажлыг минь маш сайн ойлгож, мэдэрсэн.

-Энэ кино юуны тухай бүтээл вэ?    

-Энэ бол Данийн зураач Эйнар Вегенерийн түүх. 1930-аад онд тэр хүйсээ солиулах мэс засалд орж, Лили Эльба болсон байдаг. Энэ киноны гол сэдэв нь Дэвид Эберсхофын роман дээр суурилсан. Гараад удаагүй байгаа роман л даа. Ном бол үйл явдлын баримтат бус хувилбар. Гэвч Хупер (“Дани охин” киноны найруулагч) яг тодорхой зүйл дээр бус гол дүр Эйнар Вегенерийн ер бусын түүх, тэр болон түүний эхнэр Гердагийн хоорондох өөрсдийгөө золиосолсон хайр дээр ач холбогдол өгсөн. Номонд нь гэр бүлийн хоёр нэг нэгнийхээ дэмжлэгтэйгээр өсөн дэвшиж байгааг өгүүлдэг. Эйнарын ачаар Герда агуу зураач болдог. Харин Эйнар зургаа орхиж, хувь хүнийхээ хувьд бүрэн өөрчлөгддөг. Кино маш сайхан болсон. Эхлээд үйл явдал Данийн уран зургийн ертөнцөд хойд хэсэгт өрнөдөг. Харин дараа нь ер бусын Парист өрнөнө. Том (Том Хупер) энэ үе, түүний гоо зүй, ёс хэмжээ, байр байдлыг маш сайн харуулсан.

-Том Хупер таны хамтран ажилласан анхны найруулагч байсан байх аа?

-Тийм шүү. Миний кино урлаг дахь анхны ажил маань түүний “Элизабет I” кинон дахь Ризли гүнгийн дүр байсан. Томыг кинондоо намайг аваасай гэсэндээ би морь унаж чаддаг гэж худлаа хэлсэн юм. Харин зураг авалтын үеэр надад азарга авч ирэв. Би арай гэж түүн дээр мордлоо. Морь их хурдан давхисан. Би золтой л мөрөө хугалчихаагүй өнгөрсөн юм. Хупер энэ явдлыг дандаа дурсдаг. Магадгүй иймээс л тэр намайг “Les Miserables”-д дуулахыг урьсан байх. Тэр “Энэ Редмэйн морь унаж чадаж байгаа юм чинь дуулах нь түүнд асуудал биш байх” гэж бодоод шийдсэн байх л даа. Эхний үзэгдлүүдэд надад дуулах шаардлага байгаагүй нь сайн хэрэг болсон. Миний өмнөөс Хью Жекман гялалзаж байсан.


-Дүрдээ орохын тулд транссексуал хүмүүстэй их уулзсан байх. Тэднээс юу сурсан бэ?

-Тэдний дунд орсон миний мэдлэггүй, самгардсан байдалд тэд хэрхэн хандаж байгааг би мэдэрч байсан. Яваандаа тэр хүмүүсийн мэдрэмжийг ч мэдэрдэг болсон доо. Тэдгээр хос бие биедээ ямар их хүндэтгэлтэй ханддагийг хараад би биширсэн. Тэд ямар их хайр, тэвчээрээр ойр дотныхондоо “шилжилтийн” үед нь тусалж байгааг харсан. Хамгийн гол нь би хүйс болон дур булаам байдал гэдэг ойлголт яг л насны нэгэн адил харилцан хамаатай байдаг гэдгийг ойлгосон.

-Энэ хүртэл та эрэгтэй хүний дүр бүтээж байсан. Одоо та бүсгүйчүүдийн дүрийг бүтээж байна. Кино шүүмжлэгчид дараагийн “Оскар”-ыг танд яалтачгүй шилдэг эмэгтэй дүрээр өгнө гэж хошигнож байсан…

-Төсөөлж байна уу. Надад тэгэхээр одоо боломж хоёр дахин нэмэгджээ! Жүжигчин хүний хувьд эрэлт ихтэй байх нь маш сайхан зүйл. Үүнээс гадна юу хамгийн гайхамшигтай байдаг гээч. Гэртээ буйдан дээр суугаад дүр хүлээгээд байж байх нь бус камерын өмнө зогсож байх нь гайхалтай. Би залуугийн дүр бүтээж байна уу, хүүхний дүр бүтээж байна уу ямар ялгаа байна. Гол нь би дүр бүтээж байна. Жүжигчид их эрт ажилгүй болдог юм. Ер нь бол би эмэгтэйчүүдийн дүр бүтээхээс айдаггүй. Энэ хүрээнд надад том туршлага байна. Би хөвгүүдийн коллежид сурдаг байсан ч манай сонирхогчдын театрт охидын дүр дандаа над дээр ирдэг байсан. Энэ надад их нөлөөлсөн.

-Эмэгтэй хүний дүр бүтээсэн танаас гоо сайхны нууцыг тань асуумаар байна?

-Угаалгын өрөөнд маань дутуу хэрэглээд орхисон чийгшүүлэгч тосны савнууд байдаг байсан. Хаяхаа мартчихсан байдаг юм. Үнэнээ хэлвэл миний тогтмол ашигладаг гоо сайхны ганц нууц нь сахал хуссаны дараа хэрэглэдэг тос, нарнаас хамгаалах лосьон юм даа. Би их сэвхтэй. Нарнаас болгоомжлох хэрэгтэй байдаг.


Алдарт эрдэмтэн Стивен Хокингийн дүрд.

-Жүжиглэх нь айдсаа даван туулахад тусалдаг гэж үнэн үү?

-Жүжигчин хүн үргэлж дутагдлаасаа эмээж байдаг. Дүрдээ бэлдэж байх үед намайг ч энэ асуудал зовоодог юм. Тухайлбал, Лили Эльба шиг тийм алдартай хүний дүрийг бүтээж байхдаа үзэгчдийн өмнө хариуцлага хүлээсэндээ айдаг. Эсвэл уг бүтээл өндөр төсвөөр бүтэж байгаа тохиолдолд зарлагаа нөхөж чадахгүй байх вий гэж зовнидог. Гэвч камер асах үед бүх айдас ард үлддэг дээ. Тэгээд зөвхөн зураг авалтдаа уусчихсан байдаг. Ямар ч худал зүйл камерын өмнө үнэн болдог. Жүжигчин хүний хувьд камер бол яг л худал илрүүлэгч гэсэн үг.

-Леонардо Ди Каприо хэд хэдэн удаа “Оскар”-т нэр дэвшсэн. Гэвч саяхан л “Оскар” гардлаа. Харин таны хувьд эхний удаад л амжилт олсон...

-Леонардо Ди Каприо баавгайтай тулалдаж, биеэ гаргуунд нь гаргаж, морин дээр унтсан гэдгийг санах хэрэгтэй. Тэр энэ шагналыг хүртэх эрхтэй. Хэн нэгэн нь Академид Леонардо Ди Каприод “Оскар” өг гэж хэлдэг ч болоосой гэж энэ шагналын төлөө түүнтэй өрсөлдөж байхдаа би боддог байсан. Ер нь бол шагнал авахад дандаа таатай байдаг л даа. Гэвч миний хувьд шагнал тэргүүлэх ач холбогдолтой зүйл биш.


-Юу тэргүүлэх ач холбогдолтой гэж?

 -Ач холбогдол гэдэг бол миний хувьд бусад энгийн хүмүүсийн л адил. Байрныхаа мөнгийг төлөөд, эхнэртээ санаа тавиад, дараагийн дүрээ хүлээж авах нь миний хувьд ач холбогдолтой зүйл. “Дани охин” кинон дээр ажиллаж байх үед миний хувьд хамгийн гол зүйл бол энэ бүтээл байсан. Намайг Лос-Анжелесд “Оскар” гардуулах ёслолд хүрэлцэн ирээч гэж хэлсэн. Тэгээд хоёр нойргүй шөнийн дараа би зураг авалт дээрээ эргэж ирж байлаа.

-Амрах цаг байдаг уу?

-Нэг киноныхоо ажлыг дуусгаад өөр киноны зураг авалт эхлээгүй байх үед завсар гардаг. Энэ үеийг би гэртээ өнгөрөөх дуртай. Төгөлдөр хуур тоглоод л. “Дани охин” киноны дараа би эргэн уран зураг сонирхох болсон.

-Мода, дур булаам байдал хоёр бас танд хол ойлголт биш байх. “Burberry”-гийн рекламанд Кара Делевиньтэй хамт тоглосон...

-Миний моделийн карьер тийм ч гайхалтай бус эхэлсэн. Их сургуульд сурч байхад намайг нэг агентлаг олж хараад зураг авалтад урьсан юм. Миний зургууд оёдлын сэтгүүлд нийтлэгдсэн. Тэтгэврийнхэн л уншдаг сэтгүүл байсан л даа. Харин “Burberry”-гийн гүйцэтгэх захирал Кристофер Бейлитэй танилцсаны дараа миний моделийн карьер өөр түвшинд хүрсэн юм. Гэвч мода гэгчийг би урьдын адил муу мэднэ. Стилийн хувьд бол “Burberry”-гийн стилистэд итгэсэн.

“Burberry”-гийн рекламанд Кара Делевиньтэй.

Эхнэр Ханнатайгаа.

"Дани охин" киноны зураг авалт. Жүжигчин Алисиа Викандертай.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рррр(202.70.46.218) 2017 оны 10 сарын 21

Стивен Хокингт гайхалтай тоглосон.

0  |  0
Top