Удирдаач С.Саруул-Од: Бид дэлхийд алдартай мастер хөгжимчдийн уран бүтээлийг тоглож үзүүлнэ

2017 оны 11 сарын 03

Монгол улсын филармонийн гурван том найрал хөгжмийн нэг “Баянмонгол” чуулга энэ жил 4 дэх удаагаа жазз хөгжмийг шимтэн сонсдог үзэгчиддээ зориулж 11-р сарын 9-нд 19 цагаас "CITY SWING" тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолт нь жилдээ ганцхан удаа болдог ба дэлхийн болон Монголын классик жазз хөгжмийн бүтээлийг олон нийтийн хүртээл болгодгоороо онцлогтой. 

Жазз хөгжим өөрийн өнгө аяс хөг хэмнэлээрээ дэлхийд гайхагддаг дахин давтагдашгүй эрх чөлөөт хөгжим билээ.

Сүүлийн жилүүдэд жазз урсгалын хөгжим сонсож, уярах залуусын тоо нэмэгдэж байгаа нь “Баянмонгол” чуулгатай салшгүй холбоотой. 1972 онд Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын санаачлагаар Улсын симфони найрал хөгжим, радиогийн дэргэдэх “Баян Монгол” чуулга, хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулгын “Соёл-Эрдэнэ” хамтлаг болон бусад дуучдыг нэгтгэн “Улсын филармони”-ийг байгуулснаар Монгол Улсад анхны концертын жазз "Big band" буюу "Бүрэн жазз найрал хөгжим" бий болсон билээ.


45 жилийн арвин их түүхтэй, урлагийн охь болсон тус газраас уламжлал болгон зохион байгуулж буй “Сity swing” тоглолт өдгөө ард түмний хүсэн хүлээдэг тоглолтын нэг болсон билээ. Энэхүү тоглолтын талаар мэдээлэл авахаар удирдаач С.Саруул-Одтой цөөн хором ярилцлаа. 


Энэ бол бүрэн жазз найрал хөгжмийн томоохон хэмжээний тоглолт шүү дээ. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийж байна?

- Тэгэлгүй яахав. Уран бүтээлчдийн хувьд ч гэсэн жил бүр “Сity swing” тоглолтыг хүсэн хүлээдэг. Хугацаа ойртоод ирэх үед сэтгэл их хөдөлдөг. Бид өдөр бүр бэлтгэлтэй байгаа. “Big band” найрал хөгжмийн бүтээлүүд тийм ч амархан биш учраас бэлтгэл сургуулилт маш их шаардагддаг. Хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, удирдаач гээд ерөнхийдөө багийн ажил учраас аль болох чанартай бэлтгэл хийхийг зорин ажиллаж байна. Бэлтгэлийн хувьд нэг сар гаруй тууштай хийж байна.

“City swing” тоглолт ялангуяа их хотын залуусыг догдлуулдаг болсон байна? Энэ тухай яривал?

- Бид 2014 онд анхны тоглолтоо зохион байгуулж байх үед голцуу урилгаар найз нөхөд, урлагийн хүрээний хүмүүс цуглаж билет бага зарагдаж төдийлөн их хүн ирээгүй. Анхных болоод ч тэр үү алдаа оноо ихтэй тоглолт болсон ч ирсэн үзэгчдийн сэтгэл их өндөр үлдсэн нь бидэнд их урам өгсөн. Харин үүнээс хойш жил ирэх бүр биднийг зорин ирэх урлагт хайртай, ялангуяа жазз хөгжимд дуртай залуусын тоо ихэссэн. Энэ нь бидний хөдөлмөр талаар болоогүйн илрэл юм болов уу даа гэж бодогддог. Залуусын сонирхдог хөгжмийн урсгал болж байгаа нь энгийн үед ч мэдрэгдэж байгаа нь их сайхан санагддаг.

Энэ жилийн онцлог давуу тал нь юу вэ?

- Бидний тоглолт тухайн жил бүрийн шинэ соргог уран бүтээлийг үзэгчдэдээ өргөн барьдгаараа онцлогтой. Энэ жилийн хувьд дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг гоцлон тоглож үзүүлнэ. Хамгийн гол нь, бид үзэгчдийг уйдаалгүй жазз хөгжмийн гайхамшигт хөг эгшиг, дуу хуурыг сонсгох гэж байна. Голлох уран бүтээлийн хувьд? - Дэлхийд алдартай сонгодог жазз уран бүтээлүүд байгаа. Тухайлбал George Gershwin-ий Цэнхэр Рапсоди хэмээх алдартай бүтээлийг Gordon Goodwin-ий найруулгаар тоглоно. Үүнээс гадна мөн гайхалтай бүтээлүүд бий. Үзэгчид өөрсдийн биеэр ирж үзээсэй гэж хүсч байна.

Ямар уран бүтээлчид оролцож байгаа вэ?

- “Баянмонгол” чуулгын 18 хөгжимчин оролцоно. Сүүлийн жилүүдэд хөгжимчид маань эрс залуужиж ур чадвар мөн өссөн. Дуучдын хувьд, Улсын Филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, Н.Наранбаатар, залуу дуучин Ж.Ариунжаргал, Г.Тэнүүн нар оролцоно.

Тоглолт ямар хугацаанд үргэлжлэх вэ?

- Нэг цаг 30 минутын хөтөлбөр бэлтгэгдсэн байгаа.

Жазз хөгжмийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

- Жазз хөгжим ямар нэгэн зүйлд баригддаггүй. Тухайн уран бүтээлч өөрийнхөө олж харснаар бүтээлээ туурвидаг. Сэтгэлгээний эрх чөлөөг олгодог гайхамшигтай хөгжим юм. Маш олон талаараа үзэгч, сонсогчдод хүрч чаддаг. Эрч хүчийг ч өгдөг, тайвшралыг ч өгдөг. Ерөнхийдөө чөлөөтэй сайхан урлаг. Үгээр дүрслэхэд хэцүү юм.

Энэ том найрал хөгжмийг удирдаж байгаа хүнээс хөгжмийн асар их мэдрэмж шаарддаг юм шиг санагдлаа?

- Хөгжимчин тус бүрт тухайн зохиолын хувь нотыг өгчихсөн байдаг. Түүнийг нэгтгэж хөгжмийн зохиолчийн бичлэгийг төгс гаргахын тулд удирдаач маш том үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь нэг талаараа үнэхээр сайхан мэргэжил боловч нөгөө талаараа хүнд хэцүү талтай. Тухайлбал, хөгжмийн зохиолчийн бичсэн зохиол цаашдаа амьдрах эсэх нь удирдаачаас их шалтгаалдаг учраас өндөр хариуцлагатай мэргэжил юм.

Таны хувьд 4 дэх удаагаа энэхүү томоохон тоглолтын удирдаачаар ажиллаж жазз уран бүтээлийг үзэгчдэд хүргэх гэж байна? Сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Миний хувьд тэсэн ядан хүлээж байна. Үүний зэрэгцээ догдлол ч их байна. Уран бүтээлч хүний хамгийн сайхан мөчүүдийн нэг бол тоглолтоо хийж үзэгчидтэйгээ уулзах шүү дээ. Энэ бол хийсэн ажлаа тайлагнаж байгаа нэг хэлбэр.

Жазз хөгжмийг сонсоход арай өөр мэдрэмж төрдөг?

- Ер нь жазз хөгжим гэдэг сонсож байгаа хүнээсээ ч тэр, тоглож байгаа хүнээсээ ч тэр маш өндөр мэдрэмж шаарддаг. Жазз хөгжим дотроо олон урсгал чиглэлтэй. Тэр болгоныг тоглоно гэвэл хэцүү. Бидний хувьд сонгодог жазз чиглэлээр тоглодог. Энэ нь Монголын сонсогчдод арай илүү ойр байдаг. Цаашдаа Монголын жазз хөгжмийн чиглэл шат шатаар ахиж дэлхийн түвшинд очно гэдэгт итгэлтэй байна.

Танай тоглолтыг хүлээж буй үзэгчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна?

- Бид өөрсдийн хичээл зүтгэлийн үр шимийг энэхүү тоглолтоороо дамжуулан эрхэм үзэгчдэдээ өргөн барьдаг гэдгийг та бүхэн мэдэх байх. Дөрвөн жилийн хугацаанд бидний уран бүтээлийг үзэхээр, сонсохоор зорьж ирдэг хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнд маш их баяртай байна. 11-р сарын 9-ний өдөр Улсын Филармонийн концертын их танхимд тоглогдох сонгодог бүрэн хэмжээний жазз хөгжмийн үдэшт хөгжимд хайртай, дуртай, сонирхдог хүн нэг бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ярилцсан: А.Хишигдэлгэр

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 99196623

Тоглолтын тасалбарыг: Улсын Филармонийн касс, TICKET.MN-ээс

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top