Улс төр судлаачид: Намын дотоод хямрал өнөөдөр төрийн хямрал болж хувирсан

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

Улс төрийн намын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийн талаар судлаачид ийн хэлж байна.

УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОР Э.ГЭРЭЛТ-ОД: Намууд шинэчлэгдэхийн тулд улс төрийн хүсэл зориг гаргах хэрэгтэй

Намын шинэчлэлийн асуудалд би нэг зүйлд сэтгэл дундуур байгаа. Өнгөрсөн хугацаанд олон жил улс төрийн намын шинэчлэлийн асуудлыг ярьсан ч намууд өөрсдөө  улс төрийн хүсэл зориг гаргахгүй байгаад харамсдаг. Яагаад ийм байгаа юм бэ. Улс төрийн намууд сонгуульд оролцож  ялалт байгуулах, сонгогчдыг илүү мэдлэг боловсролгүй болгох үйлдэл хийгээд байгаад би харамсдаг.Би нэг түүх яръя. 2011 онд Улс төрийн намын тухай хуулийг сайжруулах төсөл  хэрэгжсэн. Харамсалтай нь улс төрийн намууд аль нь ч  дэмжээгүй. 2013 онд УИХ-д Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. улстөрчид, намууд харамсалтай нь  хүсэл зоригоо илэрхийлээгүй.

2015 онд  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачлага гаргаж хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төслийг 2016 оны нэгдүгээр сарын 04-нд өргөн баригдаж 19-нд  УИХ-аар орсон ч унасан.  Уг нь энэ төсөлд улс төрийн намуудыг хариуцлагатай, нэг тоглоомын дүрэмтэй, хариуцлагатай, нээлттэй, төрөөс санхүүжилт олгодог, гишүүнчлэлийг нэг мөр шийдэх зэрэг нилээд цогц асуудлыг тусгасан боловч улс төрийн намуудын хүсэл зориг мөн л  дутсан. Дээр нь парламентад суудалгүй улстөрийн намуудын дэмжлэг дутсан. Тэд парламентад суудалтай намуудтай адил байр суурь илэрхийлсэнд би гайхсан. Энэ бол болж өнгөрсөн бодит  түүх.

Одоо би та бүхнээс юу хүсэж бана вэ гэхээр  Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулах байх. Үүнд би гар бие оролцоход ч бэлэн байна. Намын шинэчлэлд эрхзүйн хоёр том хүчин хөндөгддөг. Нэг нь намын тухай хууль, нөгөө нь сонгуультай холбоотой эрхзүйн орчин. Өнгөрсөн 27  жилийн хугацаанд манайх можаритар сонгуулийн тогтолцоотой байсан. Намууд улс орныг 21 хэсэг болгон хувааж, сонгуулийн жижиг тойрогт ялалт байгуулах гэсэн тэмцэл нь өөрөө намуудын шинэчлэлийг уландаа гишгээд байгаа юм. Тэгэхээр сонгуулийн системийн  тогтолцооны талаар сайн  яриасай гэж хүсч байна. 

УЛС ТӨР СУДЛААЧ О.ЧУЛУУНБИЛЭГ:Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ёстой

-Улс төрийн намын дотоод хямрал, зөрчил  өнөөдөр төрийн хямрал болж байгаа нь  65 суудал авсан намын жишээнээс харагдаж байна. Ер нь Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ёстой.  Өмнө нь тус хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувьд хэдэн зүйлд санал хэлмээр байна. Өмнө нь энэ хуулийн шинэчлэл буцах болсон том шалтгаан бол үндэсний зөвшилцөл хийгээгүйтэй холбоотой.

Судлаачид сайн хуулийн төсөл гаргаад ирдэг ч улс төрийн намууд нь дэмждэггүй. Ялангуяа  Парламентаас гадуур байгаа жижиг намууд хамгийн их эсэргүүцэж байсан. Шалтгаан нь эрх баригч МАН-тай  20 гаруй жижиг намтай гэрээ хийсэн байдаг. Учир нь Ардчилсан намынхан Ерөнхийлөгчтэй нийлээд 2016 онд ялагдуулахын тулд хийж байна гэж хардсан. Яг үнэндээ бол тэр дотор уншсан хүн байгаагүй.  Энэ сэтгэхүйгээр хандсан учраас хуулийн төсөл унасан.

Одоо Т.Аюурсайхан гишүүн санаачлаад Улс төрийн намын тухай хуульд шинэчлэл хийх гэж байгаа бол үндэсний зөвшилцөл талд нилээн анхаараарай. Жижиг, том намууд болон судлаачдыг хамруулсан өргөтгөсөн ажлын хэсэг байгуулаарай. Ингэж чадахгүй бол ямар ч мундаг хуулийн төсөл байлаа ч хоорондоо хэрэлдээд, бие биенийгээ хардаад, жижиг асуудал дээр маргалдсаар байгаад эцэстээ дуусдаг юм байна лээ. Тиймээс ажлын хэсгээ өргөтгөсөн байдлаар бүрдүүлээрэй.

Миний хувьд орж   ажиллахад бэлэн. Хоёрдугаарт, намуудын санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй бол  гоё төсөл байлаа ч  гэсэн тунхаг байдалтай болж хувирдаг. Санхүүжилтийн асуудлыг Улс төрийн намын тухай хуульд тусгах уу эсвэл Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэж тусдаа гаргах уу гэдгээ сайтар  бодож үзээрэй. Учир нь тодорхой бус байснаар УИХ дээр унах магадлал өндөр. Санхүүжилтийн талаар хүн бүр буруу ойлголттой байгаа юм. Санхүүжилт гэхээр л намын гишүүдээ яаж цуглуулах уу, түрээсээ яаж төлөх үү гэдэг өдөр тутмын аж ахуйн ойлголтоос цааш хэтэрдэггүй. Угтаа бусад улсуудын хувьд санхүүжилтийн зориулалтыг нь заачихдаг. Намын тухай хууль цогцороо бусад хуультайгаа нэгдэж байж үр дүн гарна.

Ш.Адъяамаа

 


Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bb(66.181.180.161) 2017 оны 11 сарын 09

undsrn huuliin hyamral ehelj bna

0  |  0
Top