Бууж мордох хорвоо

“Бууж мордох хорвоо” нэртэй сайхан өгүүллэг Сормууниршийн Дашдооров агсанд бий. С.Эрдэнийн “Өвгөн шувуу”, Дооровын маань “Бууж мордох хорвоо” бол хүний ирэх, буцах жам ёс, гэгээн сайхан сэтгэл, монгол өвгөдийн нүнжиг мөсний тухай сонгодог зохиол гэж би бодож явдаг. Тэгээд ч Дооровын тухай хөрөг дурсамжийнхаа дээр тэр өгүүллэгийнх нь нэрийг тавилаа. Энэ нэр тэр аугаа хүнд яг таарна.

ТЭР ҮЕД ДООРОВ АХТАЙ УУЛЗСАН БОЛ...

Жаран гурван оны намар юмаа. Багшийн дээд сургууль дээр зохиолчидтой уулзалт болдог юм байна. Л.Түдэв “Уулын үер”-ийнхээ хоёрдугаар дэвтрийн тухай ярьж, Н.Нямдорж ”Өрнө дорно”, “Цус” зэрэг сонгодог бөгөөд тэр үедээ бол эсэргүү шүлгээ уншиж, Дашдооров “Говийн магтаал” найраглалаа хэрхэн бичсэнээ ярьцгаалаа. Би хамгийн нүүрэнд суусан юмдаг. Дооровыг хараад байхнаа нэг л үзсэн хүн дээ. Боджээ суутал уржнан арван жилийн сургуулийн есдүгээр ангид сурч байхдаа Даланзадгад хотын төв цэцэрлэгийн өмнө хоёр ч удаа тааралдсан, духан дээрээ сорвитой, түнтгэр нөхөр мөөн! Уран зохиолын багш Ваанжил маань нэг өдөр хотоос манай аймагт Дашдооров гэдэг зохиолч ирж ажиллаж байгаа юм байна. Өчигдөр аймгийн залуу зохиолчидтой уулзаад гэж ярьж байсан нь санагдав. Тэр үед би доод ангийнхаа нэг охинд дурлачихсан, шүлгээр өвчилж явсан цаг. Багшаар зуучлуулаад тэр том зохиолчтой уулзаж, шүлгээ үзүүлэхсэн гэж хорхойсч байлаа. Багшдаа хэлье гэтэл зориг хүрдэггүй. Тэгсхийгээд өнгөрч билээ. Хэрвээ эртхэн Дооров ахтай уулзсан бол... гэж одоо харамсаж явдаг юм.

СҮМ ХӨХ БҮРДЭД ӨНГӨРҮҮЛСЭН ҮДЭШ

Түүнээс 18 жилийн хойно болсон явдал. Дөрвөн аймгийн залуу зохиолчдын бүсийн уулзалт Мандалговь хотод боллоо. Дооров, Сүрэнжав, Бааст, Мөнх зэрэг зохиолчид хотоос очсон тэр уулзалт найрагтай, дуутай, айрагтай сайхан болж билээ. Тэгэхэд би гурван ном хэвлүүлчихсэн, Зохиолчдын эвлэлд элсчихсэн “том” амьтан байж. Хүмүүс шүлгээ уншаад л, зөвлөж шүүмжлээд л... Би унших санаатай бостол “тэргүүлэгчдийн” байрнаас Дооров “Хөөе, Хархүү чи уншихгүй, зөвлөгөө өгнө шүү. Наашаа суу!” гэж намайг тэнгэрт өргөж, бас тэвдүүлж билээ. Маргааш нь Сүм хөх бүрдийн амралтад очицгоов. Намрын саарал тэнгэр доор Хөх бүрдийн ус тугалган өнгөөр долгилоод, зэгс шагшуурга шуугиж найгаад, шүлэг найраг уянгалж, дээгүүр шувууд зэллэж мөн ч сайхан байж дээ. Дооровын бүдүүн дуу нүрэглэж, Догшин хутагт Равжаагийн тухай домог мэт яриа хөвөрсөн тэр цаг саяхан л юм шиг бодогдож байна. Орой нь амарцгаалаа. Бид хоёр нэг өрөөнд орж таарав. Ганц “Гоёо” үлдсэнээ би гаргалаа. “За хө, наадах чинь хатуухан хайрхан даа. Чи тэр жил хотод манайд аваачиж өгсөн “нөхөр” мөн бололтой. За яахав, нэг юу яачихъя” гэлээ. Хоёул “юу яачихаад” баахан ярилаа. Тэр яриа санаанд их тод үлджээ. Хоёр жилийн өмнө Монголын уран зохиолын өдрүүд Өмнөговьд болоход Дооров болоод олон сайхан зохиолчид очсон юм. Тэгэхэд В.Л.Санги гэдэг нивх үндэсний зохиолч очсон, Удвал гуай шүлгий нь орчуулж уншлаа. “Нохойн дуу” гэдэг нэртэй шүлэг байсан, тэр Сангийг би мэдэхгүй, уншаагүй л байлаа. Дооров ахаас асуулаа. “Юу л даа хө, Санги чинь манай Түдэвийн дотны найз. “Кевонгийнхны хурим” гэдэг лут зохиол, аа бас нөгөө юу, “Цэнхэр уулс”, “Эзний хаанчлал” гээд зөндөө ном бичсэн хүн. Би ганц нэгий нь уншсан. Мундаг аа, мундаг. Нивхүүд чинь хэдхэн хүнтэй, тундр хавийн нэг муу ядарсан бүдүүлэг хүмүүс гэнэ лээ. Манай бол хөдөөний нэг сумын хүн амд ч хүрэхгүй цөөхөн. Гэтэл хө, Владимир Санги гэдэг том зохиолчийг төрүүлсэн байгаа юм. Нөгөө Чингиз Айтматов /ХӨРӨГ ДУРСАМЖ/ ОНГОД ХӨРӨГ 115 116 “Далайн хөвөөний алаг хав”-аа Сангид зориулсан юм шүү дээ. Чи уншсан биз. Оргил оргилоо харна гэж тэр юмаа”. Ингэж Сангийг надад анх нээж билээ. Дараа нь би Шороотын Цэвээний тухай асуулаа. Их авьяастай сайн жүжигчин байсны нь хальт мөлт дуулснаас биш, Цэвээн гуайн тухай мэдлэг минь нойл байлаа. “Цэвээн чинь “Цогт тайжийн”-ийн Гүүш хаан шүү дээ. Тэгэхлээр мундаг жүжигчин байгаа биз. Тавин нэг, хоёр онд шиг билээ. Би Багшийн сургуульд ирлээ. Нөгөө “Монгол хүү” киноны гол баатар Цэвээнтэй гудамжинд хоёр удаа тааралдсан юмдаг. “Алдарт гавьяат жүжигчин” цол авчихсан үе нь. Хуучин “Ардын” хавьд юм байна. Сүрхий халамцчихсан, цэрэг маягийн өмдтэй, гимнастерка цамцтай, энгэртээ том гоё одонтой, өтгөн хөмсөгтэй жавхалзсан сайхан эр харагдсан. Миний уулзаж ярилцана гэж ямар юм байхав. Арван зургаа, долоотой жаалхүү байсан юм чинь. Алив хө, дахиад нэг хийчих, даарах янзтай, гадаа шуурч байна аа даа” гэж билээ. Саявтар би Дооров ахын “Элдэв учрал” хэмээх дурсамжийн сайхан номыг уншлаа. Нөгөөх Цэвээний тухай маш сайхан дурсамж бичсэнийг нь олж харж баярлан уншив. Цэвээний тухай яриагаа талийгаач болсон хойноо ч гэсэн надад гүйцээж ярьсан нь энэ байлаа. Х.Зандраабайдий гуай “Элдэв учрал” номыг нь эх барьж их тус болсон юм билээ. Өглөө боллоо. Гэгээ орчихож. Цонхоор харахнаа битүү цас. Даарч байна. Дооров ах ч сэрлээ. “Миний хүү даарч байвал өвөрт ороод ир” гэж байна. Давхиад очлоо. Тэгснээ “Хөөе, нөгөө юу чинь дуусчихжээ. Цаадуул чинь одоо босч бий болов уу. За байз, чи босоод үсэр, тэр буланд хэсэг шил байна аа даа. Хамгийн цаад булан руу нь гараа явуул. Нэг юм байх учиртай, нөгөө хэн өчигдөр надад хэлсэн юм” гэлээ. Очоод гараа явуултал гурав орчим хуруу дундарсан нанчид байна. Хоёул нэг нэг татчихаад хэвтэж байтал дулаацах янзтай. Төдхөн гадаа шуугилдаад, цас арилгаж байх чимээ сонсогдов. Тэднийг орж ирэхэд бид хоёр хэзээний дулаацчихсан, хашир амьтад хэвтэж байж билээ.

ДООРОВЫН ЕРТӨНЦ

Дооровын ертөнцийг товчхон тодорхойлбол Монгол, Монголын говь тал юмаа. Бас “Дэлгэрхангай уулан дээрээс дэлхийг харсан” Монгол зохиолчийн билгийн хараа, оюуны ертөнц юмаа. Уран зохиолын бүх төрлөөр гайхамшигтай туурвиснаараа их Нацагдорж гэсэн үг. “Шинэ сурагч”-аас эхлээд “Сэргэлэн багачууд”, “Говийн өндөр”, “Өндөр ээж”, “Миний ард түмэн”, “Монгол”, “Тал бид хоёр”, “Айлын хүүхэн Алигэрмаа”, “Улаан гэрийн Юндэн”, “Нар хиртсэн жил”, “Дуут хонгор манхан”, “Шуурганаар төрөгсөд”, “Хүлэг” зэрэг 30 гаруй ном, жүжиг, дуурь, арваад кино... Энэ бүхэн Дооровын ертөнц болой. Тэрээр Монголын уран зохиолд авьяаслаг олон хүний нүдийг нээж, замыг заасан үлэмж ачтан, багш хүн. Монгол амьдрал, монгол хүний сэтгэлийг “Говийн өндөр” шиг нарийн дүрсэлсэн зохиол өнөө хэр гараагүй байна. Миний нэг дүү Цэрэн гэгч энэ романыг хорь гаруй удаа уншсаныг би мэдэх юм. Говьчуудын ертөнцийг дэндүү нарийн амттай бичсэнд нь болдог биз. Нэг л их таньдаг хүнтэйгээ уулзаж, танил нутаг усаараа ороод ирэх шиг болдог нь энэ романы ид шид, уншигчдыг өртөө татдаг увидаст, гайхамшигт шинж юм гэж би боддог. “Цогзол аагтай цай оочлон өрөм зөөхий хуурсан гурилд өнхрүүлэн долоовор хуруугаа сурмаг гэгч нь өлгөн үмхэлнэ” “...Гүүн зэлний тоос адууны хөлд босоод бэлчээртээ яарсан

адуу пар пар тургилан цуварч, морин хэдгэнэ дүнгэнэнэ”

“Бас хоёр морины дөрөө хааяа нэг шүргэн ханхийж, морьдын чих тэртээ дээрсэртэлзэж

харагдаад, халуун амьсгаа хацры нь төөнөж, хамаг бие суларсныг бодов”

“Дамдин, -Та нар тэгнэ байх аа. Маргааш Төгрөгийн говьд алхаж явна гэж санав уу?

Дамдинг байсан цагт тэгж битгий сана.

Хаа! Хийг! Хөөг! Хөж! Хаа- хийг! гэж дуу өргөн хашгирлаа.

Дамдин тэмээгээ шаа бөөгнүүлж туулаа”

Ийм өгүүлбэрүүд “Говийн өндөр”-өөр дүүрэн бий. Мөнгөний дархнаар бол Дарьганга, хатан Сэврэйн хийц гэсэн үг. Говио мэддэг, говьдоо хайртай, амьдралын их далайгаас авьяас билгийн шидээр сувд, тана шүүрдэж чаддаг малчин удмын монгол зохиолчийн сэтгэл шингэсэн “Говийн өндөр” бол монгол романы цөөхөн оргилын нэг. Ер нь Дооровын аль ч зохиол уран чамин угалз хээ мэт урлан шагласан тансаг нарийн дүрслэлээр бялхаж байдаг онцлогтой. Түүний шүлэг найраг мориор юм бол хондлойдоо нарны туяа солонгоруулан бөмбөрөх удган жороо ажнай бүлгээ. Өөрөөр хэлбэл, монгол шүлгийн тэлмэн жороо явдал тэгш бүрнээрээ мэдрэгдэж байдаг. Тэрээр хөдөлмөрийн гараагаа Зүүнхараад бага сургуулийн багшаас эхэлсэн гэдэг. Нэлээд хэдэн жил энэ ариун цагаан албыг залгуулж байхдаа “Шинэ сурагч”, “Сэргэлэн багачууд” номоо бичсэн. Тэгсгээд уран бүтээлийн их замд шуудран орж, Сэнгээ багшийнхаа шавь гэгдсэн тэр л цагаас хойш дөч гаруй жил хөнгөн бийрийг хөшиж, үгсийн суварга бүтээжээ. Гэвч Дооров маань “Өнчин цагаан ботго”- ыг өрөвдөн уярч, “Боролдой хүү”-тэй үерхэн тоглож, “Дайны жилийн алим”-ыг Монголын багачуудтай хуваан амтархаж, эрдэнийн дээд шил цагаан “Хүлэг”- ээрээ галгиулан,

“Нуур далай шиг цэнхэртсэн

Нутаг гэрийнхээ зүг мэлмэрэн” ширтэж,

“Талд татсан солонго”-ыг элдэн хөөдөг томоогүй бага насаа “Өндөр ээж”-ийн өвөр дээр эрхлэнхэн өнгөрөөсөн түм түмэн багачуудын эчнээ багшийн албыг шүлэг зохиолоороо хашиж ирснийг ОНГОД 116 117 уяран дурсалтай. Ийм болохоор Дундговь аймгийн дэнхэр хөх хайрхан Дэлгэрхангай уулын унаган хүү Сормууниршийн Дашдооров бол “Шинэ сурагч”-аас Монгол Улсын гавьяат багшийн алдрыг эчнээгээр хүртсэн гэхэд болно. Дооровын “Говийн өндөр” роман, “Өндөр ээж” тууж, “Монгол” найраглалууд нь олон арван жил дунд, дээд сургуулийн хөтөлбөрт орж багачууд, залуусын ухааныг нээгдүүлсээр бүлгээ. Эдгээр зохиолыг би мөн ч олон жил шавь нартаа зааж дээ. Монголын утга зохиолд зэрэгцэн орж ирсэн Л.Түдэв, М.Цэрэндорж, Д.Маам, Д.Мягмар, Д.Пүрэвдорж, Д.Гомбожав зэрэг олон нэрт зохиолчид, урлаг соёлын олон арван хүмүүстэй андалж нөхөрлөж, туйлын өргөн хүрээтэй, сайхан нөхөд, шавь нартай байснаараа энэ их авьяастан өнөр баян хүн байжээ. Энд нэг бяцхан гажилт хийе. Дооров Москвад Горькийн сургуулийн оюутан байхдаа эх орноо өмөөрч Халимаг зохиолч Давид Кугультиновт монгол нударганы амт үзүүлсний улмаас тэр сургуулийг орхисон гэдэг. Миний бодоход тэр халимаг нөхрийг болгож тавьсан нь зөв санагддаг. Ах нар ч бас их гүрэн гэдгээрээ гул барьдаг нь үнэн. Нөгөө шатрын Каспаров тэр жил эх орныг минь яаж доромжиллоо. Евтушенко гэгч өндөр орос манайд ирчихээд их л томорч байсныг харж байлаа. Киргиз Айтматов, Казах Мухтар Шаханов нар Чингис хааныг муучлан бичиж байлаа. Эр улсын хооронд болдог нударга зөрөх тоглоом бол юу ч биш. Кугультинов эр хүн биш, чивтэй чавганц байсан шиг байгаа юм.

АЧИЙГ НЬ ҮЛ МАРТАХ ДООРОВ

Энэ аугаа хүний тухай олон хүн хуучилна. Бас түүний орон зай дэндүү их үгүйлэгддэгийг хэн хүнгүй ярьсаар байна. “Уул шиг сүрлэг, тал мэт уужим тэр хүнийг бурхан бидэнд заяасан юм” гэж гарынх нь дотно шавийн нэг МУСГЗ С.Пүрэв хэлсэн. Бахархал харуусал шингэсэн энэ үгний цаана Дооров агсны зууныг нэвт гэрэлтэх их авьяас, билгүүн ухаан тодорч авай. Надад Дооровын дурсгасан хэд хэдэн ном бий. “Монгол” хэмээх найраглалынхаа номон дээр “Говьдоо үнэнч байж, “Гоёо-гоо үргэлж дээдэлж, орж гарч яваарай дүү минь” гэж бичсэн бий. Тэднийхээр чамгүй олон очиж, урлахуйн их эрдмээс нь хүртсэндээ би азтай

хүн. Тэр ч бүү хэл, “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга байхдаа Өмнөговиос явуулсан олон шүлэг найраглалыг минь хэвлүүлж, урмыг минь ямагт дэвжээж байсан даа, хөөрхий. Ачийг нь үл мартах олон сайхан хүмүүсийн нэг нь Дооров агсан бүлгээ. Өөрийгөө би Пүрэвдоржийн ч шавь, Дооровын ч шавь гэж бахархаж явдаг. Хангай говиос түшсэн хоёр сайхан уул билээ, тэд минь.

-Та Алаг манангийн бууцыг мэдэх үү? гэж би нэг удаа асуухад,

-Аа тийм, Дэлгэрхангайгаас урагш, Хул хайрханы зүүн урд биед байдаг гэж билээ. Тэрхүү Алаг мананд нүүдлээр ирсэн манайх 1957 онд өвөлжсөн юм. Нутгийнхаа чулуу бүхнийг таньдаг хүн байжээ. Би чинь Шорвогийн хөх овоонд унасан хүн, чи мэднэ биз гэж надаас асуусан. Би, мэдэхээр барах уу, тэнд тэмээ хариулж байснаа хэлэхэд их л урамшин “Чи ч нүүдлийн хүү юмаа. Танай Өмнөговийнхон манай Дэлгэрхангайд, бас нөгөө Адаацагт, Эрдэнэдалайд хааяа ирж өвөлждөг байв даа” гэж говийн хүний уужим ухаант сэтгэлээр ярьж л суусан сан. Энэхүү дурсамжийнхаа гарчгийн учрыг эхэнд нь би өгүүлсэн. Эргэн нэг ярья. “Бууж мордох хорвоо” өгүүллэгийн төгсгөлд Төгөө өвгөний хонин сүрэг нутгийн сайхан буурал Хангай өвгөний шарилыг ачсан хөсөгний өөдөөс налайтал бэлчсээр тосоод ирдэг. Түүнийг зайдуухан газраас дурандах Төгөө зорьсондоо хүрсэндээ сэтгэл тавиран харж суудаг. Халуун хошуут малаар үгүй болоочийг үдүүлж буй энэ аугаа их монгол ухаан Дооров ахаас гарах нь аргагүй юм. Амин нас, авьяас билгээрээ тал нутагтайгаа холбоотой явсан Ардын зохиолчийн билгүүн ухаан ийм байдаг ажгуу. Миний энэ хожимдсон дурсамж тэр хонин сүрэг шиг, Төгөө өвгөн шиг байж чадахгүй нь харамсалтай. Сэрүүн тунгалаг ахуйд нь хүн хүнээ баярлуулж, урмын гэгээн үгээр сэтгэлийг нь мялаах шиг дээдийн буян ховорхон буй заа. Будантайхан энэ хорвоод буугаад мордсон Дооров ах минь тэнгэрийн орноос их утга зохиолоо, эх Монгол нутгаа харж суугаа!

2006.10.28 Улаанбаатар хот Э.Хархүү

 2017-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )