Цахим орчинд соёлтой хэрэглээ бий болгох зорилгоор сургалт зохион байгууллаа

2017 оны 11 сарын 23

Цахим орчинд эерэг хэрэглээг төлөвшүүлж, өсвөр үе, залуучуудын дунд зөв, соёлтой, боловсон харилцааг бий болгох зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд болон сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудын дунд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд Төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, оюутан, залуучууд нийт 80 гаруй хүн оролцлоо.

Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ТББ-ууд илтгэл тавьж, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга  А.Эрдэнэбулаг “Цахим хэрэглэгчдийн тоо, ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?” сэдвээр, Эрүүгийн цагдаагийн албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн н.Халиун “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, зөвлөмж, зөвлөгөө”,  Сэтгэл судлаач Н.Должин “Сэтгэл судлал ба цахим сүлжээ” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдав.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Бодлогод Залуусын хяналт” ТББ-ын тэргүүн Ц.Мандхайхатан, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын тэргүүн н.Оюундарь, “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Ж.Батбаатар нар хэлэлцүүлгийг удирдаж, өсвөр үе, залуучуудын цахим сүлжээн дэх зөв, соёлтой орчинг хэрхэн бүрдүүлэх талаар санал бодлоо солилцов. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар энэхүү сэдвээр жил бүр, тогтмол, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгмийн сөрөг хандлагыг багасгаж эерэг болгох, цахим сүлжээ, орчин дахь зөв, соёлтой, боловсон хэрэглээг дэлгэрүүлэх чиглэлээр ажиллах талаар албан ёсоор мэдэгдэв. Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд сэтгүүлзүйн мэргэжлээр суралцах оюутан залуучуудын мэргэжлийн клубыг байгуулж, цахим орчин, цахим сүлжээний соёлтой хэрэглээг төр, иргэний нийгэм, иргэдийн төлөөллийн хамтын ажиллагаагаар дамжуулан хамтдаа бүрдүүлэх талаар танилцууллаа гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top