Зөвлөлт холбоот улсын ИХ ӨР гэж юу вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

МОНГОЛЫН АНХНЫ ӨРИЙН БИЧИГ 

Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш 10 жилийн дараа анхны өрөө тавьжээ. Ингэхдээ “Бага болзоот” нэршилтэй өрийн бичиг үйлдсэн байна. Өрийн бичгийг 1921 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гаргажээ. Энэхүү өрийг болзсон ёсоор зургаан хувийн хүүтэйгээр хоёр жилийн дараа 1923 онд Ардын засаг төлж дуусгасан байна. Тухайн үед гадаад дотоодын зээл гэх юм байхгүй, гадаад харилцаа тааруу байсан тул ийнхүү дотооддоо өрийн бичиг гаргажээ. “Бага болзоот” өрийн бичиг хэдэн хувь борлогдсон, хэчнээн хэмжээний мөнгө цугласан нь тодорхойгүй ч 1923 он хүртэл хоёр жил төлж барагдуулснаас үзвэл багагүй мөнгө цугласан байх магадлалтай юм. Анхны өрийн бичгээр боссон мөнгөөр Ардын засаг санхүү эдийн засгийн байдлаа дээшлүүлж чадсан байна. Тусгаар тогтнолоо олсноос хойш хүнд хэцүү, наашаа гэх гаднын зээл тусламжгүй он жилүүдэд ийнхүү мөнгө босгох арга сүвэгчилсэн хэрэг билээ.

ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛСЫН ИХ ӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Монгол Улс 1911 онд өрийн бичиг гаргаснаас хойш гол төлөв Зөвлөлт улсаас зээл тусламжийг түлхүү авч иржээ. Энэ нь сүүлдээ хойд хөршид төлөх их өр болж хувирсан билээ. Тухайн үед хоёр талаасаа чухам хэдий хэмжээний өр төлбөртэй вэ гэдэгт нарийвчлан өнөөгийнх шиг тооцоо хийсэн баримт байхгүй учраас 1940-өөд он хүртэл тодорхойгүй явж ирсэн байна. Нөгөө талаасаа ЗХУ нь социалист лагерийн хамгийн том гүрэн байсны хувьд Монголд зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр бүтээн байгуулалтын олон ажлыг хийжээ. Тиймээс энэ өрийн асуудал нь Орос, Монгол хоёр улс ах дүүгийн харилцаатай байх үед хурцаар хөндөгдөж байгаагүй байна. Харин 1990 он гарч ЗХУ задарч, Монгол Улсад ардчиллын салхи үлээсэн он жилүүдтэй хамт ОХУ-д 11,7 тэрбум шилжих рублийн өртэй гэсэн тооцоо гарч ирсэн юм. Нэг шилжих рубль, нэг ам.доллартай тэнцэж байв. Өөрөөр хэлбэл Монгол Улс ОХУ-д 11.7 тэрбум долларын өртэй болжээ. Энэхүү их өрийг дарах асуудлыг Монголчууд 1990 оноос эхлээд идэвхтэй хөөцөлдөж эхэлсэн байна. Тодруулбал, Д.Бямбасүрэн гуайн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өрийн асуудлыг шийдэх талаар ОХУ-д айлчлахдаа тус улсын Сайд нарын зөвлөлийн дарга В.С.Павловтой уулзаж хэлэлцээ хийсэн ч бүтэлтэй болоогүй байдаг.

Түүнээс хойш 1992 – 2000 онд Засгийн эрхийг барьж байсан ерөнхий сайдууд ОХУ-тай Их өрийг дарах тохиролцоонд хүрч чадаагүй аж. Харин 2000 онд Н.Энхбаярын тэргүүлсэн Засгийн газар их өрийн талаар ОХУ-тай яриа хэлэлцээг эрчимтэй хийж эхэлжээ. ОХУ-ын талаас өмнө нь тавьж байсан өрийн 85 хувийг хөнгөлөх, үлдсэнд нь үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тооцож авъя гэдэг саналаа шаргуу тавьж байжээ. Тодорхой хугацаанд Их өрийг төлөх хэлэлцээр үргэлжилж 98 хувийг нь тэглэж, хоёр хувь буюу 250 сая долларыг Монголын тал төлөх шийдвэрийг ОХУ-ын тал 2003 оны 12 дугаар сард гаргасан байна. Их өрийг тэглэсэн гавьяаг олон хүн өөртөө наахыг оролддог ч энэ бол гарцаа байхгүй Н.Энхбаярын гавьяа гэж болно. Нөгөө талдаа өр цайруулсан нь тодорхой шалтгаантай байв. Монголчууд олон мянган мал, мах, сүү, түүхий эдээ огт үнэгүйгээр, эс бөгөөс маш бага үнээр хойд хөршид нийлүүлж ирсэн. Түүнчлэн Монгол Улс ЗХУ-аас улс төр, эдийн засгийн хувьд бүрэн хараат байсан, 30 гаруй мянган хүнээ хэлмэгдүүлсэн хар түүхийг дахин сөхөхгүй байх гэсэн амлалт, өчгийг манай удирдлагуудаас авч байж Их өрийг цайруулсан гэдэг нь ч үнэний ортой юм.

Н.ЭНХБАЯР: ИХ ӨРИЙГ ТЭГЛЭХЭД ТОМ БАГ АЖИЛЛАСАН 

ОХУ-д төлөх “Их өр” 2003 оны арван хоёрдугаар сарын 31- ний өдөр дууссан. Тухайн үед Ерөнхийлөгч В.И.Путинтай гэрээнд гарын үсэг зурахдаа 98 хувийг хөнгөлөх буюу “Өрийг тэглэе” гэж тохиролцсон юм. Хоёр хувийг нь төлөхөөр болсон. Надтай холбох гэж л миний нэр хавчуулагдаад байгаа болохоос өрийг тэглэх асуудлаар том баг ажилласан юм. Энэ тохиролцооны хүрээнд Эрдэнэт, “Монголросцветмет”-ийн асуудал яригдсан. Их өрийн асуудлыг тэглэхдээ “Монголросцветмет”- ийн 51 хувь, Эрдэнэтийн 51 хувь нь Монголын талдаа байх шийдвэр гарсан. Түүхэн үнэн юм шүү. Өнөөдөр Оюутолгойн 34 хувийг Монгол Улс эзэмшиж байхад энэ хоёр том компанийн 51 хувийг бид эзэмшихээр болгож чадсан. 

 2016.02.02 Монголын мэдээ сонин

Ч.УЛААН: ИХ ӨР БИШ, ИХ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ БАЙСАН 

Их өрийг тэглэх үед (2000 – 2004 он) Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаантай уулзаж, их өрийн талаар тодруулга авлаа.  

- Монголчууд хуучин Зөвлөлт холбоот улсад тавьсан зээлийг ИХ ӨР гэж нэрлэх нь зөв байсан уу?  

- Өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд тэр үеийн өр маань өр биш байжээ гэсэн сэтгэгдэл төрдөг болсон. Мэдээж их хэмжээний зээл авсан. Энэ зээлээр асар их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн. Энэ бол бүтээн байгуулалтад зориулж авсан зээл байсан. Нөгөө талаас нь харвал яагаад өр биш гэж үзэх вэ гэхээр ямар нэгэн дарамт үүсгээгүй. Харин ч бүр зээл төлөх хугацааг олон удаа хойшлуулж, хүүг нь бууруулж зээлийг үр дүнтэй төлөх бололцоог нээж өгч байсан. Ингээд бодоход сонгодог утгаараа өр биш байжээ гэж үзэж болох юм гэж би бодож байна. Харин өнөөдрийн үүсээд байгаа өр бол жинхэнэ өр юм даа. Хугацаа тулгуу байна. Төлөхөөс өөр аргагүй. Тэгэхээр Зөвлөлт холбоот улсын олгосон хөрөнгө оруулалт бол хөгжлийн албан ёсны тусламж байжээ. Аль ч утгаараа, төлөх нөхцөлийн хувьд, түүнийг барагдуулсан арга хэлбэр, бүтээн босгосон зүйлийнх нь хувьд авч үзвэл хөгжлийн албан ёсны тусламж байсан гэж зүй ёсоор үзэх ёстой. Төлөхдөө бид 98 хувийг нь чөлөөлөөд хоёр хувийг нь төлсөн. Монгол Улсын эдийн засагт ямар ч дарамтгүйгээр төлсөн. Өөрөөр хэлбэл, Монголын маань эдийн засгийн чадавхид нь тохируулаад энэ зээлийг барагдуулсан.

ЗЭЭЛ НЭМЭГДЭЭГҮЙ Ч ӨРИЙН СУУРЬ ТАВИГДСАН

ХЯМРАЛЫН ОН ЖИЛҮҮД 1990 – 2000

Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн нь улс орны эдийн засагт хүндээр туссан юм. 1990-ээд оны эхний хагаст ДНБ-ий үзүүлэлт буурч, инфляци гаарч, ажилгүйдэл газар авсан бол хоёрдугаар хагаст банкны салбар өргөн хүрээтэй хямралд өртсөн билээ. Үүнийг тухайн үеийн төрийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлах ёстой. 1996-2000 онуудад Ард, Даатгал, ХОТШ, Сэргээн босголт болон Хөдөө аж ахуйн банкууд төрийн буруу шийдвэрүүдийн улмаас дампуурч байлаа. Хувийн хэвшлийг дээрэмдэх улс төрчдийн явуургүй бодлого эдийн засгийн хямралыг бий болгосон түүхтэй. Тэр үеийн бодлогогүй шийдвэрүүд эдийн засгийг ганхуулж, өнөөдрийн өр зээл, хямралын суурийг тавьсан байх үндэслэлтэй юм. Төрийн өмчийг хувьдаа завшдаг, хувийн өмчийг төрийн эрх мэдэлтнүүд дээрэмддэг луйвар энэ үеэс эхэлсэн. Өмч хувьчлалын он жилүүдэд гаднаас зээл авах гэхээсээ илүүтэй улсын хөрөнгө, үйлдвэрүүдийг зарж “төсөв бүрдүүлэх” сонирхол л эрх баригчдад байжээ. Улсын өмчийг хувьчилж авах гэсэн эрх мэдэлтнүүдэд гадаад оронтой харилцах, зээл авах сонирхол тухайн үед байгаагүй ч байж мэднэ. Түүнчлэн ингэж эдийн засгийн тогтворгүй байдалд байсан Монгол Улсад зээл өгөх улс орон хэн байх билээ. Иймээс энэ үед Монгол Улсын гадаадаас авах зээл нэмэгдээгүй ч одоогийн эдийн засгийн хямрал, өр зээлэнд унах суурь тавигдсан юм. Харин 2000 оноос хойш Монгол Улс баялгийн эзэн гэдэг мессеж дэлхий нийтэд хүрсэн нь зээл тавих өргөн боломж бий болгосон. Тодруулбал, 2002 оноос өмнийн говийн алт, зэсийн хольцтой Оюутолгойн ордын чимээ ил болж, Монгол Улсыг дэлхийн сонорт хүргэлээ. Энэ үеэс баялаг ихтэй монголчуудад зээл олгох, хөрөнгө оруулах сонирхол ихэссэн юм. Оюутолгой бол дэлхийн эдийн засгийн “акулуудыг” Монгол руу чиглүүлэх анхны шанг татсан орд юм.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ХЭМЖЭЭ

/1990-2013/

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас 1990-2013 оны хооронд 2.8 тэрбум ам.долларын гадаад зээлийг авч ашиглажээ. (Хүснэгтээр үзүүлэв) Энэ зээл бол зөвхөн Засгийн газрын зээл бөгөөд хувийн хэвшил хэр хэмжээний өртэй байсан тухай мэдээлэл 2010 оныг хүртэл хаалттай явж иржээ. Монгол Улсын засгийн газар 1991-2013 онд гадаад зээлийн үйлчилгээний төлбөрт нийт 1290.7 сая ам.долларын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлж барагдуулжээ.

Нийтлэлч Т.Амартүвшин

Нийтлэлийн нэгдүгээр хэсэг: Оросын их өрөөр Монголд хийсэн бүтээн байгуулалт

Нийтлэлийн гуравдугаар хэсэг: Оюутолгойн гэрээ дөрвөн тэрбум ам.долларын өр нэмэгдүүлэв

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top