Томчууд нь бүс зүүж, хүүхдээ хамгаалалтын суудалд суулгавал осол буурна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11

Манай улсад хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл буурахгүй  өсөх хандлагатай байгаа. 2017 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд гарсан хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 83,9 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ. Зөвхөн орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас 147 хүн амь насаа алдсан мэдээлэл бий.

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг жолоочийн буруугаас шалтгаалсан осол эзэлдэг аж.  Бага насны хүүхдийг буруу тээвэрлэх үзэгдэл жолооч нарын, ээж, аавуудын дунд түгээмэл болсон. Зам тээврийн ослын хохирогч хүүхэд болдгийн гол буруутан нь асран хамгаалагчид.  Томчуудын хайхрамжгүй үйлдлээс болдог  түлэгдэлт, зам тээврийн ослын гол хохирогчид нь хүүхдүүд.  Хүүхдийн аюул осолгүй тээврийн хэрэгслээр зорчуулах нь насан хүрэгчдийн үүрэг, нийгмийн хариуцлага. Томчууд нь машин жолоодохдоо суудлын бүсээ зүүж хэвшиж, бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулгах нь аюулыг холдуулдаг. Харин эсрэгээрээ суудлын бүсээ бүсэлж дадаагүй  жолооч нар аав, ээжүүд бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулгана гэдэг эргэлзээтэй.

Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд 5611 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 222 хүүхдийн амь нас хохирч, 5389 хүүхэд хүнд хөнгөн бэртсэн мэдээлэл бий.  Сүүлийн хоёр жилийн хугацаанд 49 хүүхэд амь насаа алдаж, 201 хүүхэд бэртсэн байна. Зам тээврийн ослоор хоёр жилийн хугацаанд 100-гаад хүүхэд нас барж, 400-гаад хүүхэд гэмтэж бэртсэн нь энэ төрлийн осол төдийлөн буурахгүй байгааг харуулж байна.

Хүүхдийн суудал эрсдлийг 3.5 хувиар бууруулдаг

Манайхан төдийлэн хэрэглээд байдаггүй, ойшоодоггүй шахам зүйл болох хүүхдэд зориулсан хамгаалалтын суудлыг анх 1963 онд Швейцарь улсад зохион бүтээжээ. Бүтээгдсэн цагаасаа хойш олон бяцхан зорчигчийн амь нас, эрүүл мэндийг аварсан.  Энэхүү аюулгүйн хэрэгслийг өргөн хэрэглэснээр хүүхдийн эндэгдлийг 3.5 хувиар бууруулж, зам тээврийн ослын улмаас авч болох гэмтэл бэртлийг багасгадгийг олон орны статистик судалгаа нотолжээ.  Гадаадын улс орнуудад бага насны хүүхдийг автомашинд авч явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгахыг хуульчилсан байдаг. Харин манай орны хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 е-д гурав хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон байдаг. Хэдий тийм ч Замын  цагдаагийн байгууллагаас хүүхдээ зориулалтын суудлаар тээвэрлэж явахыг зөвлөж байна.  

Хамгаалалтын суудлын зэрэглэлүүд:
“0” 0-10 кг /0-1 нас хүртэлх хүүхдэд/
“+0” 0-13 кг /0-1.5 нас хүртэлх хүүхдэд/
“1” 9-18 кг /1-4 настай хүүхдэд/
“2” 15-25 кг /3.5 - 7 насны хүүхдэд/
“3” 22-36 кг /6-12 насны, эсвэл 150 см хүртэлх өндөртэй хүүхдэд/
0+/1, 0+1/2 эсвэл 1/2/3 гэсэн  зориулалттай загварууд байдаг ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sorry(203.91.118.180) 2017 оны 12 сарын 12

He he osol buurakhgui l dee, kharin khokhirol ni baga bolj medekh yum daa

0  |  0
myf(103.9.89.210) 2017 оны 12 сарын 11

Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final

0  |  0
Top