“Эмээлт” зах дээр амьд хонь 50 мянган төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 14

Хүйтний эрч чангарч, Улаанбаатарын утаа өтгөрсөн үеэр "Эмээлт" захыг зорилоо. "Эмээлт" зах нь Монгол орны өнцөг булан бүрээс авчирсан малын мах, түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлэн худалдаалдаг газар билээ. Эмээлтийг зорьсон цуваа тасарна гэж үгүй. Хаврын цагт ноолуур, гулуузлан хадгалсан мах ачсан том машинууд хөвөрдөг бол зун, намрын цагт хонины ноосны үе. Харин хүйтний эрч тачигнасан энэ үед бол таван хошуу малын арьс, шир, махыг бөөн бөөнөөр нь оруулж ирдэг юм. Энэ жилийн хувьд зуд болохтой холбогдуулан малчид малаа ихээр ньхудалдаалж байгаа гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ талаар болон малын түүхий эдийн үнэ ханшийг тодрууллаа.

 Арьс шир борлуулан нийлүүлэгч “Эмээлтээс амьжиргаагаа залгуулж байгаа олон хүмүүс бий. Энэ жилийн хувьд ямааны арьсны үнэ өссөн. Өмнөх жил ямааны арьс 23000-24000 төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жил ямааны арьс 27000-28000, хонины арьс 5000, үхрийн арьс 30000-40000, сарлагны арьс 32000, адууны арьс 25000 төгрөг гэсэн үнэтэй байна. Үхэр, адууны арьсны үнэ хэвэндээ байгаа. Энэ жил зудтай байгаа болохоор малчид малаа зарах нь ихэссэн. Би өөрийн худалдаж авсан арьсаа үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Үйлдвэрүүд арьсаа боловсруулаад цаашаа Орос, Хятад, Турк руу нийлүүлдэг. Үйлдвэрүүдэд арьсаа нийлүүлэхдээ сайндаа мянган төгрөг нэмж зардаг. Мөн биднээс Хятад хүмүүс ихэнхдээ арьс худалдаж авдаг. Хятадууд арьсны үнэ ханшнаас шалтгаалаад 1000-1500 төгрөг нэмж бидний гар дээрээс худалдан авдаг” гэлээ.

Арьс шир борлуулан нийлүүлэгч “Манайх  малын түүхий эд авдаг, амьдрах гээд ядаж байгаа жижиг газар. Хэрэв амьдрал сайхан байсан бол юу гэж зам дээр зогсох вэ дээ. Хөдөөнийхөн жижиг газар арьсаа худалдахаа байсан. Учир нь манайх шиг жижиг газрууд НӨАТ-ын баримт өгч чаддаггүй. Харин томоохон арьс, шир авдаг газар болон ченжүүд НӨАТ-ын баримт өгдөг болсон” гэв.

-Эмээлтийн хашааг өдрийн 10000 төгрөгөөр түрээсэлдэг-

"Эмээлт" зах нь 16 га талбайг хамран байрладаг ба малчдад хашаагаа түрээслүүлэн амьд мал худалдаалдаг юм. Зуд болохтой холбогдуулан малчид малаа худалдаалах нь нэгэн үе ихэссэн аж. Харин мал тооллого эхэлсэнтэй холбогдуулан малчид малаа борлуулах нь багассан тухай малын худалдаа эрхлэгчид ярьж байлаа.

Малын худалдаачин “Махны үнэ буусан. Эм хонь 50000-70000, эр хонь 140000 төгрөгийн үнэтэй байна. Би малчдаас мал худалдаж авсан үнэн дээрээ 5000 төгрөг нэмж зардаг. Баруун аймгаар цас ихтэй, зудтай байгаа. Тиймээс малчид онд орохгүй малаа зарах нь ихэссэн. Гэхдээ сүүлийн үед мал тооллоготой холбогдуулан малчид малаа худалдаалах нь багассан байгаа. Иргэдийн худалдан авалт ч бага байна” гэв.

Малчин “Би хувьдаа хэдэн үхрээ зарахаар энд ирээд байна. Шүдлэн үхэр 550 мянга, бяруу 450 мянга, үнээ 650000-700000 төгрөгийн үнэтэй байгаа. Тарга тэвээргээсээ хамаараад хамгийн үнэтэй үхэр сая төгрөг гэж байна. Надад хашаа түрээслэхээс эхлээд мал зарахад хүндрэл учирч байгаа юм. Зарж байгаа үхэртээ тэжээл өгөхгүй байж болохгүй. Өвс худалдаж авахаас эхлээд зарлага гарна. Нэг боодол өвс 9000 төгрөгийн үнэтэй байна. 6000 төгрөгөөр жил өнжсөн хуучин өвс авч болно. Энэ жилийн хувьд махны үнэ ханш уначихсан. Малчид бид малаа зарж л хоолоо олж иддэг. Орлого муу болохоор амьдрахад хэцүү. Би хоёр оюутны сургалтын төлбөр төлдөг. Одоогийн байдлаар долоон үхэртэй ирснээс нэгийг нь л зараад байна. Эмээлтйин хашааг өдрийн арван мянгаар түрээсэлдэг. Шууд ченжид малаа бөөнөөр нь зарсанд орвол, өөрөө сууж зарах нь 30000-50000 төгрөгийн ашигтай. Энэ жил ихэнх газар зудтай байгаа гэж сонссон. Манайхаар ч гэсэн ялгаагүй байна” гэлээ.

Энэ үеэр бид худалдан авагчтай таарч түүний сэтгэгдлийг сонслоо.

 Худалдан авагч “Эмээлт зах дээр амьд үхэр зарж байгаа гэж сонсоод ирсэн. Амьдаар нь гаргуулаад авбал илүү хямдхан тусахаас гадна, сайн мах авна. Үнэ ханшийг нь судлаад үзэхээр 500000-700000 төгрөгийн үнэтэй байна. Ер нь махны үнэ энэ жил хямдхан байна” гэсэн юм.

-Адууны махны үнэ өссөн-

Эмээлт захыг тойрон хувь хүмүүсийн олон бой байрладаг аж. Хүйтний улирал эхлэхээр бойн үйл ажиллагаа ерөнхийдөө зогсдог байна. Энэ жилийн хувьд махны үнэ буурсан ч зөвхөн адууны махны үнэ өсчээ

Махны худалдаачин “Манайх зөвхөн адууны мах борлуулж байгаа. Энэ жилийн хувьд махны үнэ ханш буурсан боловч, ганцхан адууны махны үнэ өссөн. Учир нь Хятад руу их хэмжээгээр адууны мах гаргаж байгаатай холбоотой. Ноднин жил адууны мах нэг килограмм нь 3000 төгрөгийн үнэтэй байсан. Энэ жил 4000-4400 төгрөгийн үнэтэй байна. Үнэтэй байгаа болохоор иргэд адууны мах худалдан авах нь бага байгаа. Ямааны мах нэг килограмм нь 2600 төгрөг, хонины мах 2800 төгрөгийн үнэтэй байна. Адуунаас бусад малын махны үнэ буурсан нь зуд болохтой холбоотой гэж бодож байна. Малчид хүртэл “Миний малыг хямдхан авах уу. Бид өөрсдөө гаргаад өгье. Оторт яваад ч хэрэг алга. Өвсний гарц муу байсан” гэж хэлэх малчид олон ирж байна. Одоогийн байдлаар бой зогсчихсон байгаа. Иргэдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Ченж нар малчдаас мах аваад үнийг хэд дахин нэмж зардаг гэсэн ойлголт. Бодит байдал дээр бид малчдаас авсан махан дээр 1000 төгрөг нэмж зардаг. Харин дэлгүүр болон захын лангуун дээр махны үнэ хэд дахин нэмэгддэг” гэсэн юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.45) 2023 оны 11 сарын 14

Цахим мэдээлэл хөгжихөөд байхад энэ байж бхйгаагий нь хаоаарай.2017 оны байж байдаг үнэн завхарсан хоцрогдсон газао юмаа

0  |  0
(103.10.22.157) 2018 оны 03 сарын 03

2018 оны үнэ ханш байна уу

0  |  0
оюунаа(103.10.22.157) 2018 оны 03 сарын 03

энэ хзээний үнэ ханш вэ

0  |  0
trtr(202.9.40.215) 2017 оны 12 сарын 14

huurhii chenjuud une nemdeggui yum baina.evii evii

0  |  0
Top