Г.Наранбаатар: Гэр бүлээс гадуурх харилцаа бол өнөөгийн нийгмийн хамгийн том эмзэглэл

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15

АНУ-д сурч, ажиллаж байхдаа Холливудын алдарт найруулагч Кен Уиллсийн анхааралд өртсөн Г.Наранбаатарын түүхийг хүмүүс мэдэх биз ээ. Кен Уиллс түүнд  “Чи хүсэл мөрөөдөлдөө үгүй гэж хэлэх ёсгүй. Битгий бууж өг. Чи сэтгэлзүйчээр сур. Би чиний бүх төлбөрийг төлье. Харин чи Монголдоо бай. Энд маш сайн сэтгэлзүйчид олон байгаа. Харин Монголд үгүй байх гэж бодож байна. Чиний зүрх сэтгэл, хандлага надад таалагдаж байна” гэж хэлсэн гэдэг. Улмаар тэрбээр  АНУ-д  2012 онд докторын зэрэг хамгаалсан юм. Өдгөө сэтгэлзүйчээр Монголдоо ажиллаж, амьдарч байгаа билээ. Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатарыг манай Zindaa.mn сайт урьж ярилцлаа.

- Та Америк болон Солонгост байгаа Монголчууддаа лекц уншсан гэсэн. Лекц ямархуу болж өнгөрөв. Таныг хэрхэн хүлээж авсан бэ?

- Сайхан асуулт байна. Баярлалаа. Энэ оны аравдугаар сарын 1-21 хооронд Америкт байгаа Монголчууддаа сургалт хийсэн. Учир нь Америкт байгаа Монголчууд маань “Гадаадад байгаа Монголчуудынхаа гэр бүлийн боловсрол сэтгэлзүйд нь яагаад анхаарал хандуулахгүй байгаа юм бэ. Сэтгэлзүйч Наранбаатараар илтгэл тавиулахыг хүсч байна” хэмээн хувийн болон төрийн байгууллагуудад хандаж, хүсэлтээ илэрхийлсэн байсан.  Гэвч төрөөс “төсөв байхгүй” гэсэн хариултыг өгсөн гэсэн. Энэхүү хариултад залуус бухимдан, өөрсдөө сургалтын зардлыг босгож эхэлсэн юм байна лээ. Америкт байгаа залуус маань 7-10 дугаар сарыг хүртэл хуушуур хийж зарж, мөнгө босгосон байгаа юм. Улмаар олсон орлогоороо намайг Америкт урьж илтгэл тавиулсан. Энэ нь надад маш дотно, гайхалтай санагдсан. 21 хоногийн хугацаанд нийт 5 хотод сургалт хийсэн. Сургалт хийж байх хугацаанд хүмүүс бүгд нэг зүйлийг хэлж байсан. Тэд “Дуучид, жүжигчид, хошин шог, урлагийнхан ирээд тоглолт хийнэ. Мэдээжийн хэрэг үзэж, сонсоход сайхан. Гэвч миний амьдралд ямар ч хэрэггүй байдаг. Харин өнөөдрийн таны хийсэн энэхүү сэтгэлзүйн сургалт нь надад маш хэрэгтэй санагдлаа. Таны энэ сургалт ирээдүйд надад тохиолдох зүйлсийг даваад гарах сэтгэлийн тэнхээ болно” гэж байсан юм. Би Америкт илтгэл тавихаасаа өмнө төрийн болон хувийн бизнесийн олон байгууллагад тэтгэлэг хүсч хандсан. Гэвч надад ч гэсэн мөн татгалзсан хариуг өгч байсан. Солонгост сургалт хийхийн өмнө ч гэсэн олон байгууллагатай уулзаж тэтгэлэг хүссэн. Гэтэл  мөн л дэмжээгүй. Надад “Наранбаатараа Солонгост байгаа Монголчууд сэтгэлзүйн сургалтанд суухгүй” гэж хэлсэн юм. Би сургалтаа Солонгост нэг хүний 30 мянган вонны такстай хийсэн. Гэтэл миний лекцийг сонсож буй хүмүүс зааландаа багтахгүй, зарим нь бүүр босож зогсоод сонсож байсан. Төрийн болон бизнесийн байгууллагууд урлаг соёлын оддыг гадаадад очиж тоглолт хийхэд дэмжиж тусалдаг. Үүнийг нь би буруутгахгүй. Гэхдээ иргэдийнхээ оюуны боловсрол мэдлэгийг дэмжихгүй байгаа нь буруу. Улс үндэстний гол суурь нь гэр бүл юм. Гэр бүл тогтвортой, элэг бүтэн, хүүхдийн авах хүмүүжил зөв байх юм бол Монголын маань ирээдүй гэгээлэг байх болно. Миний бодлоор үүнд л хөрөнгө оруулах нь хамгийн зөв болов уу гэж боддог.

- Сүүлийн үед хүний санаанд багтамгүй хэргүүд гарах болсон. Энэ хэрээрээ нийгэмд сэтгэлзүйн сургалтууд хэрэгтэй мэт санагдах юм. Гэтэл бодит байдал дээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд сэтгэлзүйн сургалтаас татгалзаж байх гэж?

- Би хувьдаа гарч буй хэргүүдийг нийгмийн асуудал, сэтгэлзүйтэй шууд холбож хүлээж авдаг. Энэ нь гэр бүлийн хүмүүжил, хаалганы цаана байгаа бүх зүйлтэй холбоотой. 21 аймгуудад тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг сэтгэлзүйн төв алга. Би “Хүрээлэн” гээд нэвтрүүлэг үздэг. Энэхүү нэвтрүүлэг нь “Монголынхоо ан амьтны зургийг байгаа дээр нь зургийн хальснаа буулгая” гэдэг уриатай. Тэгвэл үүнтэй ижил уриаг би сүүлийн 5 жилийн турш баримталж байна. Монголынхоо нэг ч гэсэн хүүхдийг амиа хорлож, хагас өнчрөхөөс нь өмнө 21 аймаг, 9 дүүргээр гэр бүлийн сургалтыг цогцоор хийх хөтөлбөр гаргасан. Үүнд маш бага төсөв орно. Би санхүүжилт хүсч төрийн байгууллага, бизнесмен, эрх баригчид хувийн хэвшлийнхэнд хандсан. Гэтэл бүгд төсөв байхгүй гэсэн шалтгаанаар татгалзсан. Тэдгээр татгалзсан хариуг өгсөн байгууллагууд өнөөдөр уриагаа “Хүчирхийллийн эсрэг нүдээ нээе” гэж өөрчлөөд байна. Энэ уриаг би дэмждэг. Гэвч зөвхөн фэйсбүүкийнхээ зургаа л “Хүчирхийллийн эсрэг нүдээ нээе” гэж өөрчлөөд ямар ч үр дүн гарахгүй. Өнөөдөр нийгэм яагаад ийм байгаа вэ гэдэг дээр асуулт тавих шаардлагагүй гэж боддог. Учир нь Монголчуудын сэтгэлзүйн боловсрол маш их хоцрогдсон. Сургалтанд сууж буй 200 хүнээс “Та өмнө нь сэтгэлзүйн сургалтанд сууж байв уу” гэж асуухад  5-6 хүн л гараа өргөдөг. Нэг удаа хорооллын “Номин” худалдааны төвийн гадаа гуйлга гуйдаг өвөө өөрийгөө саванд тосоод бие засаж байхыг харсан. Тэр өвөө гудамжинд биш саванд бие засаж байсан юм. Гэтэл намайг гэрээсээ гараад явж байхад “Дархан Минж”-ийн нэхий өмссөн нэгэн залуу граш руу минь шээгээд зогсож байсан. Би зүрх сэтгэлийн боловсрол, хандлага ямар чухал болох тухай ярьж байна. Өнөөдөр хүмүүс машин барьж буй нэгнийхээ урдуур дайрч ороход “Яагаад урдуур дайраад байна” гэж уурладаг. Харин дараа нь нөгөө уурласан нэгэн өөрөө машины урдуур дайрч орохдоо “Сүртэй юм” бэ гэдэг. Энэ л өнөөдрийн нийгмийн дүр зураг.

- Та сая Монголынхоо 21 аймгаар сургалт хийх хөтөлбөр гаргасан гэсэн. Одоогийн байдлаар хэчнээн аймгаар сургалт хийгээд байна?

- Манай сэтгэлзүйн төв байгуулагдаад 5 жил болж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 18 аймгаар сургалт хийжээ. Аймгуудад сургалт хийхэд хүмүүс маш сайхан хүлээж авсан. Баянхонгорт л гэхэд театр нь дүүрэн хүнтэй, зарим нь зогсож байгаад лекцийг минь сонсож байсан. Нэг үеэ бодвол нийгэм маань оюунлаг байдал руу шилжээд байна. Гэхдээ эрх баригчид болон бизнесийн байгууллагууд хэтэрхий хойрго байгаа юм уу даа гэж харагддаг. Орчин цагийн бизнесийн байгууллагуудын маркетинг хийх арга нь өрөвдмөөр байгаа гэдгийг хүн болгон харж байгаа байх. Тухайлбал, өсвөр насны хүүхдэд хүндлэгдэж буй хүмүүсээр архи, пиво суратлчлуулдаг. Энэ нь маш буруу. Учир нь өсвөр насны хүүхдүүд “Тэр ах, эгч энэ пиво, архийг хэрэглээд амжилттай явж байна” гэсэн ойлголттой болно. Үүнийг эмгэнэл гэж хардаг. Бизнесийн байгууллага нийгмийнхээ өмнө алхаж байж маркетинг хийх ёстой.

- Өнөөдөр нийгэм стресстэй, бухимдалтай байна гэж хэлэх хүн олон. Танай сэтгэлзүйн төвд хэр олон хүмүүс хандаж, туслалцаа авч байна?

- Хоёулаа яг одоогийн байдлаар харъя. Одоо өдрийн 12 цаг 47 минут болж байна. Миний утсанд нийт 104 мессеж чат ирсэн байна. Манай сэтгэлзүйн төв өдөрт 200 гаруй захидлыг хүлээж авдаг. Магадгүй миний сошиал орчинд идэвхтэй байдагтай ч холбоотой байж болох юм. Өнөөдрийн нийгэмд сэтгэлзүйчийн эрэлт хэрэгцээ ихэссэн. Энэ хэрээр манайд маш олон сайн сэтгэлзүйн төвүүд шаардлагатай. Сүүлийн таван жилийн хугацаанд миний хийхийг хүссэн зүйл бол сэтгэлзүйн шинжлэх ухааныг Монголчуудад таниулах юм. Үүний хүрээнд ч олон ном, гарын авлага гаргасан.  Тухайлбал, Монголын анхны аудио сэтгэлзүйн илтгэл, хүүхдийн үлгэрийн ном, насанд хүрэгчдэд зориулсан сэтгэлзүйн бүтээл гэх мэт. Мөн энэ 12 дугаар сарын 12-ны өдөр “Сэтгэлзүйн дасгалжуулагч” номынхоо нээлтийг хийсэн.

- Өдөрт та хэдэн хүнтэй уулзаж, сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг вэ?

- Би бөөрний өвчинтэйгөө тэмцээд 10 гаруй жил болж байна. Биеийн байдлаасаа хамаараад өдөрт нэг юмуу хоёр хүнтэй уулздаг. Дөрвөн цаг гэж ажлаа дуусгаад хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авдаг. Энгийн амьдралаар л амьдарч байна. Би сэтгэлзүйн шинжлэх ухааныг таниулах тал дээр хамгийн их төвлөрдөг. Энэ үүднээсээ ч ажлынхаа хажуугаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сургалт явуулдаг. Манай бусад сэтгэлзүйч өдөрт 4-5 хүнд үйлчилдэг. Энэ төвд маань надаас гадна хоёр сэтгэлзүйч ажилладаг.

- Танай төвөөр олны танил хүмүүс үйлчлүүлдэг үү?

- Та бид хоёрын уулзаад сууж байгаа энэ төв маань тэдгээр хүмүүст зориулагдсан. Энэ төв рүү ороход камер нэвтрүүлдэггүй. Мэдээжийн хэрэг олны танил хүмүүс надтай уулзвал хэцүү шүү дээ. Хүмүүс дор нь өлгөж аваад л ямар нэгэн асуудал гарч гээд ярьж эхэлнэ. Манай нөгөө салбар маань 13-р хороололд байрладаг. Сэтгэлзүйч хүмүүсийн өргөсөн тангараг бий. “Үйлчлүүлэгчийнхээ нууцыг чандлан хадгална” гэсэн. Миний хувьд хэн нэгэн үйлчлүүлэгчийнхээ нууцыг алдах нь амьдралаа алдахаас ялгаагүй. Энэ хэрээрээ ч эрсдэлтэй мэргэжил. Сэтгэлзүйч хүн нууцыг чандлан хадгална. Сэтгэлзүйчид хоёр төрлийн хүн ханддаг. Нэг нь өөрөө өөртэйгөө харилцах харилцаандаа асуудалтай, нөгөө нь нийгэмтэй харилцах харилцаа нь асуудалтай хүмүүс ханддаг. Би нэг зүйлд талархдаг. Нэг үе хүмүүс үсчинд ороод л өөрийн хувийн амьдралыг ярих эсвэл үзмэрч дээр очдог байсан. Энэ байдал өнөөдөр өөрчлөгдөж хүмүүс мэргэжлийн хүнд хандахыг эрмэлздэг болж. Сошиал медиа хөгжихийн хэрээр хүмүүсийн аливаа зүйлийг харах өнцөг нь ч өөрчлөгдсөн. Хүмүүс өөрийнхөө төлөө мөнгөө зарцуулж, таамагт итгэхээсээ илүүтэй бодит зүйлд итгэдэг болсон. Үүнийг би дэвшил гэж хардаг.


- Ямар асуудлаар хүмүүс хамгийн их хандаж байна?

- Нас наснаасаа хамаараад өөр өөр байдаг. Залуу гэр бүл, өсвөр насны хүүхэд, хадмуудтайгаа харилцаа гэх мэт олон асуудлаар ханддаг. Гэхдээ гэр бүлийн асуудлаар хамгийн их ханддаг.

- Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдлээ гэж яриад байгаа. Гэр бүл салалтын гол  шалтгаан нь юу вэ?

- Сэтгэлзүйч хүний үүднээс таны асуултад хариулъя. Энэ асуултын дэлгэрэнгүй хариулт нь миний “Сайн нөхөр, аав болох” гээд номонд дэлгэрэнгүй  байгаа. Гэр бүл салах шалтгаан нь гэр бүлийн боловсролгүй байдлаас л үүдэлтэй. Та өөрийн ээж, ааваас эсвэл уншигчид маань өөрөөсөө асуугаарай. Таны ээж, аавыг 60 нас гарсан хүмүүс гэж төсөөлье. Та ээж ааваасаа “Таныг гэр бүл болох үед ээж, аав чинь эхнэр, нөхөртэйгөө тэгж харьцаарай. Эсвэл хүүхдээ ингэж хүмүүжүүлээрэй гэж зааж өгсөн үү” гэж асуу. Ихэнхи нь үгүй гэж хариулна. Та өөрийнхөө хүүхдийг өрх тусгаарлаад гэр бүл болоход нь “Миний хүү айлын охинтой ингэж харьцаарай, эрэгтэй, эмэгтэй хүүхдийг тэгж хүмүүжүүлээрэй. Асуудал гарвал тэгээрэй” гэж зааж өгч байсан уу. Олонхи нь л мөн үгүй гэж хариулдаг. Эсвэл өөрөөр “Та гэр бүл болсноосоо хойш парк, үсчин орж найз нартайгаа боулинг, бильярд тоглосон уу” гэж асууя. Энэ асуултад бүгд л тийм гэж хариулна. Тэгвэл “Та гэр бүл болсноосоо хойш хэдэн удаа сэтгэлзүйч дээр очсон бэ”, “Та гэр бүл болсноосоо хойш эхнэр, нөхрийн харилцаа, хүүхэд хүмүүжлийн талаар ном уншсан уу” гэж асуухад “Тийм” гэж хариулах хүн хэр олон бол. Уншигч та ч гэсэн өөрөөсөө асуугаад үзээрэй. Өнөөдөр хүмүүст гэрлэлтийн талаарх бүрэн ойлголт байхгүйн улмаас гэр бүл салж байна. Сайн өдөр хуримаа хийлээ гээд гэр бүлийн амьдрал сайхан болох уу. Үгүй. Гэрлэлт гэдэг нь мэдрэмж биш шийдвэр. Үргэлж эхнэр, нөхрөөсөө сайхан мэдрэмж аваад байхгүй. Заримдаа муудалцаж, хэрэлдэнэ. Гэхдээ хэрэлдлээ гээд салж болохгүй. Харин ч тэрхүү асуудлаа засаад, цааш нь явах нь зөв. Гэрлэлтийг нэг байшин гэж үзье. Нэг гэрлийн чийдэн нь шатлаа гэхэд байшингаа сольё гэх үү. Үгүй. Харин эвдэрсэн гэрлээ засна. Үүнтэй адил аливаа асуудлыг цааш нь засаад явах нь зөв. Өнөөдөр хүмүүс олон шалтаг хэлдэг. Тухайлбал, “Эхнэр юмуу нөхөр архи ууж байна. Хадам аав, ээж гэр бүлийн асуудалд оролцох юм. Манай эхнэр, нөхөр намайг хуураад байна. Эсвэл цаг гаргахгүй байх юм” гэсэн олон асуудал ярьдаг. Үүнд л гэр бүлийн боловсрол хэрэгтэй. Эхнэр, нөхөр хоёр бие биетэйгээ хэрхэн харилцахаа мэдэхээс эхэлнэ. Өнөөдөр хүмүүс гэр бүлийн амьдралаар амьдардаг боловч нөгөө хүнээ өглөөний, өдрийн, оройны хүн үү гэдгийг мэддэггүй. Ямар цагт идэвхтэй, идэвхгүй, хэзээ яаж ярилцвал үр дүн гарах эсвэл хэрүүл болох вэ гэдгийг судалдаггүй. Энэ болгоныг гэр бүлийн хосууд судлах ёстой байдаг. Судлах боломжгүй бол сэтгэлзүйч дээр очих хэрэгтэй. Гэхдээ тэр сэтгэлзүйч нь заавал би биш. Өөр олон сэтгэлзүйн төв, чадварлаг сэтгэлзүйч байгаа. Тэдэнд хандахыг зөвлөе.

- Монголд хэчнээн сэтгэлзүйч, сэтгэлзүйн төв байдаг юм бол. Үнэ ханшны  хувьд хэр боломжийн бэ?

- Яг тоог нь сайн мэдэхгүй юм. Хэдэн жилийн өмнө 60 гаруй сэтгэлзүйн төв Монголд үйл ажиллагаагаа явуулдаг гэж сонсож байсан. Одоо энэ тоо нэмэгдсэн байх. Би өөрийн мэргэжлээ хэн нэгэнтэй өрсөлдөх зүйл болгож хардаггүй. Аль болох сэтгэлзүйн төвүүдийг идэвхтэй ажиллаасай. Нийгмийн стресс, бухимдлын эсрэг тэмцээсэй гэж боддог. Олон сайн сэтгэлзүйн төв гарч ирж байгаа гэдэгт итгэхийг хүсдэг.  Тухайлбал, “Сэтгэлийн Учиг”, “FM 104.5”, сэтгэл судлалын үндэсний төвүүд олон бий. Үнэ ханшийн хувьд сэтгэлзүйн төвөөсөө хамаараад өөр өөр байх. Манай сэтгэлзүйн төв зэрэглэлээсээ шалтгаалаад гурван өөр үнэтэй. Бакалавр 15000, магистр 25000, доктор зэрэгтэй нь 50000 төгрөгөөр зөвлөгөө өгдөг. Зарим газар  200 мянга гаруй төгрөгөөр зөвлөгөө өгдөг гэж сонсож байсан юм байна.  Бусад сэтгэлзүйн төв 25000-60000 төгрөгийн хооронд зөвлөгөө өгдөг байх. Хүн өөрийнхөө төлөө цаг, мөнгө гаргах хэрэгтэй. Уншигчдадаа хэлэхэд хэрэв тухайн хүн үнэхээр мөнгөний бололцоогүй байна гэвэл манай төв үнэгүй зөвлөгөө өгдөг.


- Гэр бүл салах шалтгаан нь гэр бүлийн боловсрол байхгүйгээс гэж хэллээ. Гэхдээ бас нэгэн шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа  байдаг гэдэг. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх гол шалтгаан нь юу вэ?

- Эхнэртээ юмуу нөхөртөө байхгүй байгаа зүйл дээр төвлөрөх үед асуудал үүснэ.  Хэн нэгэндээ байхгүй зүйлийг бусдаас хайж эхэлнэ. Улмаар гэр бүлээс гадуурх харилцаа үүсдэг. Жишээ нь: Эхнэр нь саяхан төрсөн байлаа гэж бодъё. Хөхүүл учир үнэртэй ус цацаж, үсээ будуулж, өндөр өсгийтэй гутал өмсөж чадахгүй. Гэтэл нөхөр эхнэрээсээ өндөр өсгийтэй гутал, тачаангуй байдал зэргийг хүснэ. Гэвч тэр зүйл нь эхнэрт нь байсангүй. Харин эхнэрт байхгүй зүйл ажил дээр нь байлаа. Бага зэргийн ил задгай хувцас, өндөр өсгийтэй гутал өмссөн, сайхан үнэртэй нэгэн байна. Залуу түүнд анхаарлаа хандуулснаар амьдралынхаа 80 хувь дээр төвлөрөхгүй, 20 хувьдаа төвлөрч эхэлж байгаа хэрэг юм. Улмаар эхнэрээ хуурч эхэлнэ. Ингэснээр амьдралын 80 хувь буюу босгосон амьдрал сүйрнэ. Өнөөдрийг хүртэл босгосон харилцаа, амьдрах орчин, үр хүүхдээ хаяад ердөө л эхнэртээ байхгүй байсан 20 хувь руу тэмүүлж байгаа юм. Эхнэр ч мөн ялгаагүй нөхөртөө байхгүй зүйл дээр төвлөрөхөд гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх магадлалтай. Гэрлэлт бол мэдрэмж биш шийдвэр. Сэтгэлзүйн төв дээр маань ирж байгаа хүмүүс ч энэ чиглэлээр хандах нь олон. Уншигч танд миний хэлэх гээд байгаа гол санаа бол таны амьдралын 80 хувь нь эхнэр, нөхөр, бүтээн босгосон гэр бүл чинь юм. Харин бусад зүйлс нь 20 хувьдаа орно. Аль болох өөрийн гэр бүлдээ, ханьдаа сайшаалтай ханд. Хэрэв та сэтгэл хангалуун биш байгаад, гэр бүлээс үгүйсгэж өөр хэн нэгнийг сонсголоо гэхэд хэзээ ч таны сэтгэл ханахгүй. Дараа энэхүү үйл явдал давтагдахад та ахиад л өөрийг эрэлхийлнэ. Хүн төрөлхтөн үргэлж байгаагаасаа илүү зүйлийг хүссээр ирсэн. Гэвч та байгаа зүйлдээ л ханах хэрэгтэй. Та эрүүл байгаадаа, хань ижилтэй байгаадаа таларх. Амьтнаас ялгарах бидний гол шинж нь гэр бүлдээ үнэнч байх юм.

- Зарим хүмүүс гэр бүлээс гадуурх харилцааг байх ёстой мэт ханддаг. Энэ үнэхээр байж болох асуудал уу

- Шуудхан хэлье байж болохгүй асуудал. Мал, амьтдаас биднийг ялгаж байгаа ганц зүйл бол ёс суртахуун. Азарга л олон гүү хураадаг. Гэтэл хүн чинь оюун ухаант шүү дээ. Гэр бүлээс гадуурх харилцаа байх ёстой гэж хэлж байгаа хүмүүсийн үг бол тэдний өөрсдийгөө зөвтгөсөн үг. Хэн нэгний дур хүслээс болоод хүүхэд өнчрөх нь буруу. Өнөөдөр та нас биед хүрсэн аав, ээж хүн бол таны амьдрал зөвхөн таных биш болсныг ойлгох хэрэгтэй. Таны гаргах шийдвэрээс үр хүүхдийн чинь амьдрал хамаарна. Өнөөгийн нийгэм гэр бүлээс гадуурх харилцааг байх ёстой хэвийн зүйл гэж хандаж байгаа нь хамгийн том эмзэглэл болоод байна. Үүнийг ч хэвийн юм шиг харагдуулж байгаа олон уран сайхны болон хүүхэлдэйн кино гарч байгаад харамсдаг.


- Энэ нийгмийн нэг эд эс нь болж байгаа хүний хувьд юунд хамгийн их эмзэглэдэг вэ?

- Олон зүйл бий. Хамгийн их эмзэглэж явдаг зүйл маань бүх зүйл сугалаагаар шийдэгдэж байгаад харамсдаг. Тухайлбал, цэцэрлэг. Би хоёр хүүтэй. Хоёр хүүд минь сугалааны аз таараагүй. Одоо хоёулаа хувийн цэцэрлэгт явж байгаа.

- Олон хүмүүс таныг чадварлаг сэтгэлзүйч гэдэг. Энэ тал дээр таны бодол?

- Хүмүүс намайг сайн сэтгэлзүйч гэж боддог. Гэвч хамгийн сайн нь би биш. Надаас илүү чадварлаг сэтгэлзүйч нар, сэтгэлзүйн төвүүд олон бий. Тэдгээр сэтгэлзүйч болон төвүүд дээр хүмүүс минь очиж байгаарай гэж хүсье. Аристотель “Та хүүхдийнхээ тархи оюунд нь мэдлэг боловсрол эзэмшүүлсэн байж болно. Гэхдээ зүрх сэтгэлийн боловсролыг эзэмшүүлээгүй бол боловсролгүйгээс ялгаагүй” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр олон ээж аавууд хүүхдээ төгөлдөр хуур, хийл, бассейн, шатар гэх мэт дугуйланд явуулдаг. Мэдээж хэрэг энэ нь зөв. Би ч гэсэн хүүхдээ олон дугуйланд явуулахыг хүсдэг. Гэвч хүүхдийнхээ сэтгэлзүй, хандлага харилцаанд анхаарал хандуулах ёстой гэдгийг мартаж болохгүй. Өнөөдөр 21-р зуунд сошиал орчин, бизнесийн байгууллага гэх мэт олон зүйлийн хамгийн том шалгуур нь харилцаа хандлага болсон.  Тиймээс хүүхдийнхээ харилцаа хандлага дээр анхаарах цаг болсон.

- Сүүлийн үед сэтгэлзүйн өөрчлөлттэй хүмүүс олшрох боллоо гэсэн мэдээлэл гараад байгаа. Сэтгэлзүйн өөрчлөлттэй болж байгаагаа мэдэх арга бий юу?

- Хэт удаан хугацаанд айдастай,  түгшүүртэй, санаа зовсон асуудалтай явж байгаа бол яаралтай сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Уншигчдад энэ байдлыг "шаараар" тайлбарлая. Та нэг удаа бухимдахдаа шаар үлээж байна гэж бодъё. Хэрэв хийг нь гаргахгүй бол шаар хага үсэрнэ. Тиймээс та бухимдлаа гаргаж стрессээ тайлах хэрэгтэй. Хэрэв яаж гэдгээ мэдэхгүй бол сэтгэлзүйчид хандах нь чухал. Өнөөдөр хөгжингүй орны ард иргэд хийх юмгүй дээ сэтгэлзүйч дээр очоод байна гэж бодож байна уу. Үгүй. Сэтгэлзүй нь ажил мэргэжил, гэр бүл, харилцаа хандлага гээд бүхий л зүйлстэй салшгүй холбоотой гэдгийг ойлгосон болохоор юм.

- Хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг боловч, сэтгэлзүйдээ төдийлөн анхаараад байдаггүй. Хэрхэн яаж сэтгэлзүйчид ханддаг хандлагыг бий болгох вэ?

- Тийм. Хүмүүс эрүүл мэнддээ маш сайн анхаарал тавьдаг. Үргэлж өглөөний эрүүл зөв хооллолтын тухай ярьдаг. Тэгсэн хэрнээ сэтгэлзүйн эрүүл мэндийг орхигдуулдаг. Хүн байнга шарсан, хуурсан, тостой хоол идээд байвал ходоод өвдөнө. Цаашлаад хавдар ч болж болно. Үүнтэй л адил бидний хүрээлэн буй орчин, зурагт, найз нараасаа авч байгаа мэдээлэл байнга сөрөг байх юм бол бидний сэтгэлзүй сөрөг байна. Мэдээжийн хэрэг бидний авч буй ихэнхи мэдээлэл сөрөг байгаа. Тиймээс би хүмүүсийг өөртөө багахан ч гэсэн цаг гаргаад эрүүл сэтгэлзүйн хоолонд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хэлмээр байна. Байнгын улс төрийн хэрүүл, шар мэдээ уншаад байвал тэр хэрээрээ стресстэнэ. Өнөөдөр хүмүүс долоо хоногтоо нэг удаа “Шарк танк”, “Авьяаслаг Монголчууд” шоу, хошин шогийн тоглолт үзэж болоод байна. Тэгвэл яагаад сардаа нэг удаа сэтгэлзүйн сургалтанд сууж болохгүй гэж. Юуг хийхэд таны стресс тайлагдаж байна. Түүндээ л төвлөр. Мөн хайртай дотнын хүмүүстээ их цагийг гарга. Миний ажил маш хэцүү. Дандаа асуудалтай хүмүүстэй уулздаг. Гэвч гэртээ хариад хүүхдээ эрхлүүлэхэд миний ажлын хүнд бүхэн мартагддаг.


- Ярилцсанд баярлалаа.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин эхнэр(103.242.47.42) 2020 оны 02 сарын 20

Миний нөхөр намайг хуурч олон жил явжээ. Тэр хүүхэн хүүхдийг нь гаргажээ. Саяхан баригдаж баөн гомдол нус нулимс боллоо. Тэр надаас салахгүй гэнэ. Бүрмөсөн холбоогоо таслана гэсэн.\nЭнэ олон жил яах гэж юу бодож явсан юм бол???\nНөгөө хүүхэн нь миний сонссоноор 40тгарсан олон эрийн өвөр дамжсан нэр хүнд муутай нэгэн.\nМөнгөтэй хүн харвал нүдээ ухаад өгөхөөс буцахгүй нэгэн

0  |  0
зочин (202.179.3.246) 2019 оны 07 сарын 16

сайн сэтгэл зүйч байна гэж бодогдлоо уулзаж зөвлөгөө авмаар байна хаана хандах вэ

0  |  0
зочин (202.179.3.246) 2019 оны 07 сарын 16

сайн сэтгэл зүйч байна гэж бодогдлоо уулзаж зөвлөгөө авмаар байна хаана хандах вэ

0  |  0
huulch(66.181.183.57) 2017 оны 12 сарын 16

hun sadarlahaas sergiilj ger bul boldog

0  |  0
5 bogd(103.212.119.183) 2017 оны 12 сарын 15

yamar daruuhan zaluu be.5zbogdiin Baatarsaihan zahiral ajilchiddaa leks unshuulahgui yum bh daa

0  |  0
Top