БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүндэтгэлийн хурал болов

Монгол Улсад байгаль орчны нэгдсэн бодлогыг хариуцсан БОАЖЯ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр хүндэтгэлийн хурлаар эхэллээ. Баярын хуралд тус яамны үе үеийн сайд, удирдлагууд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон ахмад, гавьяат ажилчид, хөдөө орон нутгийн байгаль орчны салбарт хамтран ажилладаг үе үеийн төлөөллүүд оролцов. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын илгээлт, мэндчилгээг холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж уламжилсан юм.

Хурлыг нээж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Эх орныхоо байгалийг ариун дагшнаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгаль орчинд ээлтэй Монгол зан заншлаа дэлхий дахинаа таниулан сурталчлах нэр төртэй үүргийг хүлээсэн салбарынхаа үе үеийн ахмадууд, залгамж халаа болсон дунд үеийнхэн, ажил, амьдралынхаа гарааг энэ салбараас эхлүүлж буй залуучууддаа байгаль орчны яам байгуулсны 30 жилийн ойн халуун баярын мэндийг хүргье” хэмээн ирсэн зочдод баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Одоогоос 30 жилийн өмнө буюу БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1987 оны 12 сарын 09-ний өдрийн 169 дүгээр зарлигаар  Монгол Улс түүхэндээ анх удаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, Байгаль орчныг хамгаалах яам нэртэйгээр үйл ажиллагаагаа түүхтэй. Байгаль орчныг хамгаалах яамыг  тухайн үеийн Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газрыг түшиглэн байгуулсан гэдэг.

Улмаар 1990 оны 9 сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоох тухай хуулиар Байгаль орчны хяналтын улсын хороо нэртэйгээр ажиллаж, 1992,  1996,  2000,  2004,  2008, 2012 онуудад Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу байгаль орчны салбарын бодлогыг тодорхойлж ирсэн билээ. Одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2016  оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулийн дагуу байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг бодлогын хүрээнд удирдан үйл ажиллагаа явуулж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд одоогийн байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур орчны шинжилгээний газар (Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Нислэгийн цаг уурын төв, Аймаг, Нийслэлийн Ус цаг уур орчны шинжилгээний 22 газар), Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын 30 захиргаад, Усны сав газрын 21 захиргаад, Улсын төсөвт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”, “Ойн судалгаа хөгжлийн төв”, Төрийн өмчит “Монгол Ус”, “Монгол Кувейтийн судалгааны төв”, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” үйлдвэрийн газрууд, Байгаль хамгаалах сан ажиллаж байна.

БОАЖЯ-ны эрхэм зорилго нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх зорилготой билээ. Түүнчлэн байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд ажилладаг юм.

БОАЖЯ-ны ойн арга хэмжээний хүрээнд маргааш чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд болох ажээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page