Улс байвч эзэн байхгүй, өв байвч залгамжлагч үгүй

2018 оны 01 сарын 10

...Эд хөрөнгөнд нь шунасан хоёр хүү аавынхаа бурхан болохыг хүлээнэ. Гэвч санасных нь зоргоор "явахгүй" байсанд тэд тэвчиж ядлаа...

Эмгэнэлтэй мэт боловч инээдмийн "Өв залгамжлагч" киног DOZ PLUS энтертайнментийн захирал, найруулагч Ш.Доржсүрэн бүтээжээ. Энэхүү богино хэмжээний кино нь "БУМЕРАНГ" антологи кинонд багтсан зургаан бүтээлийн нэг билээ.

 

Тус киноны найруулагч Ш.Доржсүрэнтэй ярилцлаа. 

-Инээдмийн жанр сугалаад үйлийн үрийг хошин байдлаар харуулна гэдэг хүндрэлтэй байх гэж та өмнө нь хэлж байсан. Харин одоо ард нь гарчихаад сууж байна?
-Үйлийн үр сэдвээр инээдмийн кино хийж, хошигнох нь надад ээдрээтэй санагдсан учраас санаагаа ёгтлолоор илэрхийлэхээр шийдэн, Монголд төдийлөн байдаггүй dark comedy жанраар хийлээ. Энэ кинонд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА Ц.Баясгалан болон хошин урлагийн бусад жүжигчид тоглосон.

Эргэн тойронд аймшигтай зүйлс болж байхад нүдээ аньсан мэт явж байгаа хүмүүс Монголд амьдарч л байна. Хэчнээн ядуу амьдарч байгаа ч сэтгэл нь сайхан маш олон хүн байна. Үйлийн үр бол хүн зөвийг харж зөв рүү тэмүүлж явбал сэтгэлийн зовлон амсахгүй байх юм гэсэн бурхны шашны сургаалиас гадна өвөг дээдсийн маань уламжлан хэлж ирсэн үгсэд агуулагддаг гүн гүнзгий философи юм.

Үүнийг ойлгохын аргагүй хэцүүгээр биш, хүмүүст ойлгомжтой, сэтгэлд хүрэхээр төрөл төрлийн жанраар хийлээ.

Найруулагч Ш.Доржсүрэн

-Өнгөц харахад таны кинонд эд хөрөнгөнд шунасан хоёр хүүгийн үйлийн үрийн тухай гарч байна. Харин далд санаа нь юу вэ?
-Инээдмийн урлаг нь хүнийг инээлгээд стресс тайлсан байдаг ч гүн утга агуулсан байдаг. Ухаж ойлговол далд утга агуулга бас бий. Үзэгдэх байдал нь инээдэм боловч гол дүрийн Улаанаа, Хөхөө хэмээх хөрөнгийн хойноос хэтэрхий их улайран хөөцөлдөж байгаа хоёр хүүгийн тухай илэрхийлнэ. Өвгөн эцгээр магадгүй бидний өвөг эцгийг төлөөлүүлсэн гэж бодож болох юм.


Улс байв ч эзэн байхгүй, өв  байв ч залгамжлагч үгүй юм. Энэ бол карма. Өв залгамжлуулж чадахгүй, үхэж ч чадахгүй байгаа өвгөний түүх бол Монгол Улсын түүх.  Маш их байгалийн баялагтай хөрөнгө чинээтэй хэрнээ ядуу амьдралтай,  өв залгамжилж өөрсдөдөө өвлөж авч чадахгүй байгаа хоёр зүйлийн тарчлаан юм л даа. 

Нэг талаас 15 минутын богино хэмжээний кино гэж байгаа ч нөгөө талаас найруулагчдын нийгэмдээ санаа зовнисон сэтгэлгээ юм. Үйлийн үр сэдвээр кино хийх нь ховор. Нийгмийн үзэгдлүүдэд хүчтэй дуугарахыг уриалсан төслийн санаачлагч О.Намжимбаатар болон хамтран ажиллаж буй "Монгол Контент" ХХК-д талархаж байна.

"БУМЕРАНГ" -аас ЗУРГААН ӨӨР МЭДРЭМЖИЙГ...

2018.01.26-ны өдрөөс КИНО ТЕАТРУУДЫН ДЭЛГЭЦНЭЭ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.172) 2018 оны 01 сарын 10

Энэ төрийн эмэгнэлтэй байдлыг хошин шог,жүжиг киногоор боловч гаргаж тавьж үнэнийг өгүүлэх нь манай урлагын байгууллагын ур чадвараас шалтгаална.Увайгүй улс төрчид хараад ичихээр уран бүтээл гаргавал үр дүнд хүрч нийгэм цэвэршэхэд нөлөөлнө гэж бодож байна

0  |  0
зочин(202.179.25.176) 2018 оны 01 сарын 10

Битүүхэндээ гэж хэлхэд одоогийн бидний амьдарч байгаа үеийг хэдхэн үгээр тодорхойлсон юм шиг байна дөө, Мунхаг миний бодол

0  |  0
Top