ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн химич-судлаач, ахмад П.Чимэдцэрэн “Химийн хорт бодисоос үүсэх эрсдэл, түүнийг бууруулах арга зам” сэдвээр докторын зэрэг хамгааллаа.

Түүний энэхүү судалгаа нь химийн хорт бодисын эрсдэлийг бууруулах арга замыг нэг сэдэвт бүтээлийн түвшинд анх удаа судлагдсанаараа онцлог бөгөөд химийн хорт бодисын эрсдэлийг үнэлэх ерөнхий загварчлалыг анхчлан  боловсруулжээ.

Мөн химийн хорт бодисын эрсдэлийг бууруулах зорилгоор ашиглах шинэ төрлийн цеолитон шингээгч материалыг гарган авч, туршилтаар баталгаажуулснаараа онцлог юм.

Судлаачийн хувьд гадаад, дотоодын эрдэм, шинжилгээ судалгааны 150 гаруй бүтээлийг судлан, судалгааг өргөн хүрээнд ашиглан дэвшүүлсэн санаа, шийдлээ лабораторийн болон практик туршилтаар нотолсон, химийн хорт бодисын эрсдэлийг бууруулахад ашиглах шинэ шингээгч материал үйлдвэрлэх аргыг боловсруулж, ашигтай загварын гэрчилгээ авсан байна.

Химийн хорт бодисын эрсдэл нь химийн хорт бодисын аюулын эрсдэл, химийн хорт бодисын болзошгүй ослын эрсдэлийн харилцан хамаарлаар тодорхойлогддог болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоон, химийн хорт бодисын эрсдэлийг бууруулах чиглэл боломжийг Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд тодорхойлж, гамшгийн эрсдэлийг ойлгох таван хэмжээст нийцүүлэн тодорхойлсон зэрэг онолын ач холбогдолтой байлаа.

Судалгааны ажлын үр дүнгээр Монгол Улсын болон Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 29 өгүүлэл нийтэлж олны хүртээл болгосон судлаач юм.

Судалгааны ажлын хүрээнд боловсруулсан аргачлалаараа Улаанбаатар хот дахь химийн хорт бодисын эрсдэлийг үнэлж, зураглал боловсруулан нь химийн хорт бодисын эрсдэлийн үнэлгээний уг аргачлалыг практикт шууд нэвтрүүлэх боломжтой болохыг харуулж байна. Мөн Химийн хорт бодисын ослын үеийн газар дээрх аюулын үнэлгээг түргэн шуурхай хийхэд олон улсад ашиглагдаж байгаа ALOHA CAMEO – онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авах аюулын бүс тодорхойлох систем, WISER – онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авах, утасгүй интернетийн системийг нэвтрүүлэх, эх орны эрдэсийн түүхий эдээс гарган авсан цеолитон шингээгч материалыг химийн хорт бодисын аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, ослын үед хоргүйжүүлэх, саармагжуулахад ашиглах асуудлыг туршилтаар баталсан нь химийн хорт бодисын эрсдэлийг бууруулахад практик ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн химич-судлаач, ахмад П.Чимэдцэрэн нь Онцгой байдлын салбараас төрж буй гурав дахь эмэгтэй доктор юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.