Г.Мэнд-Ооёо ”Ертөнцийн явдал”

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх  “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Чингис хаан одонт, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбосүрэнгийн Мэнд-Ооёогийн "Ертөнцийн явдал" шүлгийг сонордуулъя.

 

 

ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ

 

Үүрийн бялзуухайтай цуг морь мориндоо мордоцгооно

Үдшийн шаазгайтайцуг уяа уяандаа бууцгаана

Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж, сэлэм давтана

Зул бөхөж, бас мандаж, дараачин хүмүүс түүхийг давтана

 

Голын ус булингартаж нэг, тунгалагшиж нэг урсана

Галын цучил мөрний хөвөөнд нэг унтарч, нэг асна

Жил жилийн явдал суудалдаа дэлхийн чулуу элэгдэнэ

Жирийн л нэг өдрүүдийн тоосондоо хүний явдал булагдана

 

Ялан мандахын өглөөгүүр морь мориндоо мордоцгооно

Ядарч сульдахын үдшээр уяа уяандаа бууцгаана

Мянга мянган жил сэлэм ирлэж, булш малтан, зул барина

Маргааш болоход сурсан зангаараа мориндоо мордоцгооно

 

Хот балгад нэг нь байгуулна. Хорссон нөгөө нь галдан шатаана

Хоёулаа дайтаж жанжид болно. Хожим нь зөвхөн домог л үлдэнэ

Ертөнцийн явдал энэ мэт, элэрсэн сэлэм шиг давтагдаж

Ердийн оройн хоолны даруугатай цуг мартагдана...

 

Г.Мэнд-Ооёо гуайн дээрх шүлэг дэлхийн олон хэлэнд бууж олон хүнд хүрсэн юм билээ. Бид бас сонссон уншсан байх ёстой болов уу...

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

tomoo [ 66.181.179.191 ]      |     2018 оны 1-р сарын 21 -нд, 05:37 минутанд

wow

Go to top of page