Зуух тараах уу, яндан цөөлөх үү

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

 

Олон жил яригдсан утаа, агаарын бохирдлын асуудал нь сүүлдээ УИХ-ын бүрэн эрхийг хөндөх эсэх, Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд тулаад буй. Энэ нь үнэн хэрэгтээ “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгч л болж байна. Утаа бол гамшгийн хэмжээнд очсон учраас үндэсний хэмжээний томоохон бодлогоор “намнах”-аас өөр аргагүй. Түүнээс бус өнөөх л ярьж байсан зүйлээ яриад, бизнесээ хийгээд явахаар ямар ч хэрэггүй. Бидний хувьд өнгөрөгч жилүүдэд 260-300 шахам тэрбум төгрөгийг утааг бууруулах үйлсэд зарцуулсан гэх авч утаа огт буурсангүй. Эсрэгээрээ нэмэгдсэн.

Өнөөдөр ч том агуулгаар нь аваад үзвэл өнөөх л зуух тараах, утаагүй түлш гэх мэт 20 жил ярьсан зүйлээ ярьж байгаа нь харамсалтай. Сүүлдээ яндангийн тоо цөөлөх тухай ихээхэн ярих болжээ. Хөхөө өвлийн тасхийсэн жавар дор яндан цөөлөх тухай эрхмүүдийн яриа улам л газар аваад байгаа нь сайшаалтай. Яндан цөөлөх асуудал нь нэлээд дээд хэмжээнд яригдаж эхэлсэн нь бас горьдлого төрүүлнэ. Тухайлбал, Засгийн газраас гаргасан чиг үүрэгт яндан цөөлөх асуудал тусгагджээ. Мөнхүү нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хороолол хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч дарга П.Баярхүү гэр хорооллыг хаус хороолол болгох “Сервис центр” төслийг эхлүүлснээ ярьжээ. Тэрбээр гэр хорооллын айлууд удахгүй хашаандаа дэд бүтэц, төвийн шугам татуулан өөрийн эзэмшлийн газартаа орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Эхний ээлжинд “Сервис центр” ирэх 11 сард Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд ашиглалтад орохоор ажиллаж байгаагаа дуулгажээ.

Нөгөө талаас Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө Засгийн газар үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 194 арга хэмжээ хэрэгжихээр байгаа. Утааг бууруулахын тулд тодорхой зорилтот хэсэгт утаа бага гаргадаг зуух түгээх өөр замгүй” хэмээсэн нь УИХ-ын гишүүд болон шийдвэр гаргах түвшинд маргаан дэгдээсэн. Байгаль орчны сайд маань үүнээсээ болж, “Зуух” хоч хүртэл зүүгээд авсан.

Яндан цөөлөх тухайд өнөөдөр гэнэт яриад шийдсэн хэрэг огт биш. Нийслэлийн өмнөх удирдлагуудын үед ч яригдаж эрх биш гэр хороололд дэд бүтцийг шийдэхээр төлөвлөсөн зүйл ч чамгүй байсан. Гагцхүү яндан цөөлөх ажил нь цаасан дээр төдий үлдсэн. Олон мянгаар тараасан зуухыг одоо дахин тараах хэрэггүй гэдэгтэй олон хүн санал нийлж байна. Харин гэр хорооллын янданг цөөлөх ажлыг шат дараалалтайгаар хийх нь хамгийн зөв гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж буй. Өнөөдөр гэнэт гэр хорооллын янданг олон мянгаар нь нэг дор цөөлчих боломж бол үгүй байх. Тэгэхээр тодорхой үе шаттайгаар цөөлөөд явахад давхар олон асуудал шийдэгдэнэ. Барилгажих, инженерийн шугам сүлжээнд холбох гээд дэд бүтцийн асуудал давхар шийдэгдээд явна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нар(103.229.122.219) 2018 оны 01 сарын 23

Zuuhnii asuudlaa boluoch. Mongo idehiin hyslen МАН- хан Залхмаар юм.

0  |  0
Хаха(202.179.31.70) 2018 оны 01 сарын 23

Зуух Цэрэнбат яндангүй зуух тараах юм уу

0  |  0
zochin(103.26.195.59) 2018 оны 01 сарын 23

yandangui zuuh taraaval taarna.

0  |  0
Зочин (59.153.112.157) 2018 оны 01 сарын 23

Утаа гаргаж байгаа яндан бүрт утаа шүүгч санаачлаад хийж болмоор санагдах юм.Энэ олон эрдэмтэн докторууд байхад хийж болох л ажил юм.Гэр хорооллын айлуудын янданд бол бүр амархан юм биш үү.Тэгвэл УБ - ын утаа зохих хэмжээгээр багасаж болно.

0  |  0
Top