Монгол хүн бүр баатар байхаа л больцгооё

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 31

Хүн болгон баатар болох гэсэн үзэлдээ дийлдсээр байгаа болохоор тамын тогоо шиг юу ч хийсэн бүтэхгүй юм. Би, би гэсэн үзэл Монголчууд бидний хамгийн том саад тотгор болоод байна. Хамтаараа, бүгдээрээ, бусдын төлөө гэсэн сэтгэл бидэнд алга.

Монголын газар нутаг том, хүн ам цөөн, байгалийн баялаг ихтэй, таван хошуу малтай. Хамгийн гол нь их том газар нутагт цөөн хэдэн хүн амтай манай улсад нөөц бололцоо их байхад яагаад хөгжихгүй байна вэ. Энэ бидний ёс, суртахуун, зан чанараас болж байна уу?
Манай улс өндөр хөгжилтэй гэгдэх Япон, Солонгосыг бодвол байгалийн баялаг ихтэй, газар нутаг томтой, мал аж ахуй, газар тариалан эрхлэх нөөц боломж ихтэй орон. Гэвч үүнийгээ бид олигтой ашиглаж чадахгүй өдийг хүрээд байна. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа боловч хамгийн ихээр саад болж байгаа зүйл бол Монгол хүний сэтгэлгээний хөгжил юм.

Монгол хүний өөрийгөө үзэх ухамсарт би гэсэн үзэл давамгайлж байдаг. Зөвхөн би л бүгдийг хийх ёстой. Миний урдуур хэн ч хөндөлсөх ёсгүй. Би чадахгүй ч гэсэн тэрнээс илүү хийж чадна. Хэрэв тэр түрүүлж хийх л юм бол би, бид үхэх гээд байна гэх зэргээр өөрийгөө хорсолд хөтөлдөг унаган чанарууд хүн болгонд нэвт шингэсэн. Энэ зан чанар нь аливаа зүйлийг хийхэд саад болж, нийгэмд хамтран амьдрах чадваргүй болгож байгаа юм. Энгийн жишээ: Машин гүйцэж түрүүлэх оролдлого хийхэд хурдаа нэмдэг асуудал авто зам дээр ажиглагддаг. Өөрийн нутгийн бөх түрүүлээгүй бол тэр наадам, наадам биш гэх үзэл бөх сонирхогчдын дунд байсаар байна. Ер нь энэ талцал би гэсэн үзлээс эхлээд дош, баг, сум, овог, аймаг гэсэн хэлбэр лүү орж байгаа юм. 2016 оны олимпод Хөдөлмөрийн баатар Д.Сумьяаг давсан Бразилын бөх Силваг Монголчууд тэр чигээрээ хараасан. Бүр тив алгасаж хэрүүл хийж, харааж зүхсэн дээ. Энэ бол нийгмийн дунд ажиглагдаж байгаа үзэл суртал юм. 
Улс төр, бизнесийн хүрээнд бол томоохон шийдэл, үйл ажиллагаанууд явц дундаа үргэлж унадаг. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 5-р цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн ажлууд яагаад явахгүй байна вэ. Эдгээр төслүүдийг бараг 15 жил үе үеийн засгийн газар лоозон мэтээр зорилго дэвшүүлэн ажилласан боловч ганц нь ч үр дүн хүрээгүй нь ямар шалтгаантай вэ. Аливаа улс төрийн томоохон төслүүдийг манай бизнесийн болон улс төрийн бүлэг фракцууд л өөрсдийнхөө ашиг сонирхлыг оруулахын тулд гацааж байна.

Магадгүй геополитикийн болоод хөрш улсуудын ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй ч байнга нөлөөлөөд байх нь юу л бол. Тодорхой жишээ дурдахад: 2010, 2011 онд олон улсад нүүрсний үнэ тэнгэрт хадаж байхад Тавантолгойн ордын гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын асуудал гацаагдсан. Таван толгойг хувийн хэвшилд өгөх нь буруу, төр өөрөө гүйцэтгэх нь зөв, нарийн цариг, өргөн цариг, танк орж ирнэ гэж гацаасаар байгаад юу ч бүтээгүй, ажлыг нь ч явуулаагүй.
Оюутолгойг ч гэсэн удаан хугацаанд улс төрийн шалтгаанаар гацаасан. Одоо ашигтай, ашиггүй нь мэдэгдэхгүй нэг юм гэлдэрсээр л байна.

Энэ бүх улс төржилт, үнэн худал нь мэдэгдэхгүй үзэл суртлыг хэрхэн ялгаж салгаж, үнэн зөвийг дэмжих вэ гэсэн асуулт тавигдаж байгаа юм. Нэгдүгээрт нийгмийн талцал, ард иргэдийнхээ мэдээллийн орчин, мэдэгдэхүүнийг дээшлүүлэхэд нэг шугаманд оруулах хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэдийгээр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч гэсэн үндэсний эрх ашгийг дээдлэж энэ эрх ашгаас хэтийдсэн суртал ухуулгыг нам дарах ёстой. Өөрөөр хэлбэл аливаа улс төрийн, болон бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг үндэснийхээ эрх ашгаас дээгүүр тавьж олон нийтийг турхирах үйл ажиллагаануудад хяналт тавьж хариуцлага тооцдог байх. Хоёрдугаарт улс төрийн хийрхэл, популизмийг ялгаж салгахын тулд Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого зорилтоо хөдлөшгүй тогтоож, түүнийг нь дараа дараагийн Засгийн газар, эрх мэдэлтнүүд нь тууштай хэрэгжүүлдэг баймаар байна. Энэ шугам буюу зорилтоос гарсан, гажсан, эсрэг үзэл суртлыг илэрхийлээд байгаа бүлэг, фракц, хүмүүст тодорхой хариуцлага хүлээлгэж нийтэд мэдээлмээр байна.

Оюутолгой, Тавантолгой бол манай улсын хөгжлийг хурдасгах хамгийн дөт буюу хурдан гарц. Эндээс бид үр ашгаа хүртэж, нийгмийн өмнө тулгамдаад байгаа утаанаасаа салж, бусад томоохон төслүүддээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Гэвч бид дотроо учраа олоогүй байхад гадныхан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах нь юу л бол.

Төрийн үйлчилгээний нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой гааль, мэргэжлийн хяналт, худалдан авах ажиллагааны газрууд бол ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашгийг сахин хамгаалах үүрэгтэй. Гэвч тэнд ажиллаж байгаа хүмүүс хувийн эрх ашгаа дээгүүр тавьснаас болоод Монголд хүнсний аюлгүй байдал алдагдаж, дотоодын зах зээл сүйрч байна. 
Аливаа улс орны хамгийн их анхаарах асуудал бол хүнс, эмийн асуудал юм.
Өнөөдөр Монгол улсад хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдсан гэж хэлж болно. Энэ нь юугаар илэрч байна вэ гэхлээр өвчний улмаас нас барсан иргэдийн тоо жилээс жилд ихсэж байгаагаар харуулна.
Хүний биед агаар дуслаар дамжин халдварласан хор хохирлын ирээдүйд учруулах эрсдэл маш их. Эмийн зохисгүй хэрэглээнээс үүдсэн өвчлөл, генийн өөрчлөлтэй хүнсний бүтээгдэхүүнээс гаралтай эмгэгүүд сүүлийн үед тоогоо алдлаа.
Манай улсад импортоор саадгүй орж ирж байгаа химийн бордоогоор бордсон, шавьжны хороор утагдсан, генийн өөрчлөлттэй хортой хүнсний ногоо, жимс жимсгэнэ, элдэв амттан, тахиа гахайны маханд хэн хяналт тавьж байгаа юм бэ.

Мэргэжлийн хяналтын улсын төв лаборатор уу? Үгүйэ тэд чинь саяхан авилга авч импортын бүтээгдэхүүнд худал шинжилгээний дүгнэлт гаргаж өгсөн байна лээ. Тэдэнд итгэж болохгүй. 
Манайд мөнгө байвал импортын бүтээгдэхүүнийг хилээр оруулахад саад тотгор огт учрахгүй. Хор ч байсан оруулна. “Бузарыг бүү оруул буяныг бүү гарга” гэх сургаал эртнээс эдүгээд ирсэн сэн.
Мах нядалгааны дөнгөж 10 хувь нь л үйлдвэрийн аргаар боловсруулагдаж байна. Сүүг одоо хүртэл гар дээрээс борлуулсаар байна. Хуванцар цэнхэр саванд сүү, цагаан идээгээ нөөшилсөөр байна.

Нийгэмд амин хувиа бус бие биеэ бодох ухамсар тогтсон цагт хөгжлийн талаар, баялгийн дахин хуваарилалтын талаар ярьвал зохих байх. Үндэсний баялгийн 90 хувь нь олигархиуд буюу хүн амын 2 хувьд нь төвлөрч байхад юуных нь ардчилал, тэгш хуваарилалт байх вэ дээ. Гэвч нийгмийн хөгжил хувь хүний хөдөлмөрөөр хэмжигдэж байна. Аль ч улсын хүн ам арай илүү хөдөлмөрлөж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэн, мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна, тэр улс орон илүү хөгжингүй байна. Хөгжингүй орнуудын салбар салбарын мэргэжлийн байгууллага, холбоод хамтарч ажиллан төрийн үйл ажиллагаанд ард түмний өмнөөс хяналт тавьж чадаж байна. Төр нь дотоодын хувийн хэвшлийн компаниудаа бүх нөхцлөөр нь хангаж, татварын тогтвортой уян хатан бодлого явуулж, зээлийн хүүг бууруулж, хяналт шалгалтанд нь зөвлөгөө өгч тусалж, зах зээлд байр сууриа олоход нь дэмжиж ажиллаж байна. Харин хүчээ авсан томоохон корпорациуд нь жижиг компаниудаа нэгдсэн зохион байгуулалтаар хангаж санхүүжүүлж, хооронд өрсөлдүүлэн кластрын системээр бизнесээ ахиулж байгаа юм. Эцэст нь ард түмэн нь үндэсний бүтээгдэхүүнийг худалдан авалтаараа дэмжиж зах зээлээ хамгаалж төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо гэсэн системээр хамтран ажиллах зарчмаа тодорхой болгосон байх жишээтэй. Манайд бол хувийн хэвшлийг татвараар боомилж, бүрдүүлсэн хөрөнгийг нь үр ашиггүй зарцуулж, нам, эрх баригчид нь зөвхөн өөрсдөө дахин сонгогдохын тулд ард түмэнд таалагдах ажлыг сонгож хийдэг төдийгүй, мэргэжлийн холбоод нь хамтарч ажиллаж чаддаггүй бөгөөд өөр өөрсдийгөө бүх зүйлийн туйл гээд бодсон үзэл сурталтай, хувийн хэвшлүүд нь цэвэр өрсөлдөөнгүйгээр эрх мэдлээр далайлгах хэлбэрээр хөгжөөд байгаад л гол шалтгаанууд байна.
Өнөөдөр Монголд ганцхан дээдсүүд хулгайлаад буй бус, төвшин төвшиндөө боломж боломжоороо хулгайлж байна

Эцэс төгсгөлгүй эд баялагийн төлөөх үхэн хатан тэмцэл, эд агуурсын шунал, хувийн хэрэгцээ, эрх мэдлээр хөрөнгөжих үзэл, би гэсэн төв үзэл суртахуун нийгмийг бүхэлд нь нөмөрсөн.

Ямар ард түмэн байна, тийм төр байна гэж цэцэрхэх боллоо. Өөрөөр хэлбэл та нар тэнэг болохоор ийм төртэй байгаа юм, хохь чинь гэж байна. Ард түмэнд сонголтгүй сонголт тулгачихаад “Та нар сонгосон” гэж тавлаж байна.

Одоо шүүмжилж, хэрэлдэж, талцаж, нутгархаж, амин хувиа хичээж ханалаа. Хийцгээе !!! Үндэсний эрх ашгийн төлөө эвлэрч ажиллах цаг болсон.

Монголчууд бидэнд хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол эвлэрэл, нэгдэл, хамтын ажиллагаа юм. Бидэнд баялаг байна, мэдлэг байна, байгалиас өгөгдсөн бие бялдарын чадавхи байна. Үүнийгээ л ашиглья. Монголчууд талцал, хуваагдал, жагсаал цуглаанаар асуудлыг шийдэхгүй.

Улс түмнээрээ нэг зорилго, нэг итгэл үнэмшил дээр суурилаж тэрнийхээ төлөө хөдөлмөрлөж, суралцаж, хөгжих цаг болсон.

 

Э.Баатарцогт


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.57.95.228) 2018 оны 01 сарын 31

Орчин үед би баатар гэдэг хүмүүс олширчихоод хэцүү юм аа

0  |  0
ЧИНГИСИЙН МОНГОЛ(202.179.25.229) 2018 оны 01 сарын 31

БИД ЧИНГИСИЙН МОНГОЛЫН БААТРУУД.БИД ДЭЛХИЙГ БӨХИЙЛГӨЖ БАЙСАН.

0  |  0
ББ(202.55.191.205) 2018 оны 01 сарын 31

ҮҮНИЙГ БИЧИГЧ НИЙГМИЙН ГАЖУУДАЛ, БУРУ НИЙГЭМ ХӨГЖҮҮЛСЭНЭЭС БОЛЖ БАЙГААГ ЕР ОЙЛГОДОГГҮЙ ХҮН БАЙНА .. НИЙГЭМ НЬ БОЛОХГҮЙ БАЙНА .. УРЬД НЬ СОЦИАЛИЗМЫН ҮЕД ИЙМ ЗҮЙЛ ЕР БАЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ

0  |  0
Top