Ахмадын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ахмадын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор болсон билээ. Дээрх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байгаа юм.

 Түүнчлэн Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.  

 Мөн Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ сарын 1-нээс эхлэн 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоов. Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна. 

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг.

Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авч байна.

Энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.


Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top