Баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах зүйлс

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

Монгол түмний уламжлалт сар шиний баяр дөхөж байгаатай холбоотойгоор дараах мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Өнгөрөгч 2017 оны сар шинийн баяраар буюу Битүүн, Шинийн 1,2,3-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нийт 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн хоёр хэрэг бүртгэгджээ.

Иймд өмнөх жилүүдэд гарсан зам тээврийн осол, хэргийг дахин гаргахгүй байх, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1.   Сар шинийн баярын өдрүүдээр жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгсэлээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байршуулах, давхардуулж зогсох, гарц, уулзвар хааж тавих гэх зэргээр зөрчил гарган, хотын зах, гэр хороолол, орон сууцны хороолол дундах замуудын ачаалал эрс нэмэгдэж, зохиомол түгжрэл саатал ихээр бий болж замын хөдөлгөөнд оролцогч иргэд бухимдах асуудал гардаг. Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

3.      Тухайн жилийн анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс Шинийн нэгний өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг зорьдог. Энэ үед замын цагдаагийн алба хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж ажиллана.

Иймд иргэд зохицуулагчийн дохио, заавар, замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

4.   Мөн Сар шинийн болон амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос гадагшаа буюу орон нутаг руу зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед Замын цагдаагийн албанаас олон улсын болон Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж  хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллана.  

Иймд хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та найдвартай, албан ёсны гэрээтэй тээврийн хэрэгслээр зорчиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, цаг агаарын мэдээг сайтар сонсохыг зөвлөж байна.

Мөн орон нутагт Засаг даргын захирамжийн дагуу хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг хориглосон боловч иргэд БНХАУ-д үйлдвэрлэсэн зориулалтын бус мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, тэрч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна. Учир нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдгийг санах хэрэгтэй. Иймээс иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө сонголтоо зөв хийж, аюул ослоос ангид байж, баяр амралтын өдрүүдэд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна. 

Баярын өдрүүдийг угтаж  иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар тогтмол өгч ажиллана.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top