Отгонтэнгэрийн харъяат гэж андуурагдам Дорно зүгийн хүмүүн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Сар шинийн баярын өмнө төр, нийгэмдээ хөдөлмөр, авьяас билгээ зориулсан олон хүнийг төрийн одон медалиар шагналаа. Хөдөлмөрийн баатар, Гавьяатуудыг “нүдээ олсон шагнал” хэмээн ард түмэн алга ташин хүлээж авав. Тэдний дунд яруу найрагч Намсрайн Лутбаяр ах байлаа. Түүнийг Сүхбаатар аймгийнх гэхээс илүүтэй “Завхан гол”, “Аав уул”, “Дуут нуур”-ын Лутбаяр гэдгээр нь монгол түмэн андахгүй мэднэ. Монголын төр Н.Лутбаярыг үнслээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор хөдөлмөр, зүтгэлийг нь, авьяас билгийг нь үнэллээ. Энэ эрхэм хүмүүнийг  “ах” хэмээн дотносохын учир тал зассандаа биш юм. Шүлэг  найрагт дуртай ч учраа мэдэхгүй жаахан хүүд урам өгсөн ачтан юм. 1990-ээд оны эхэн үед Завхан аймгийн “Туяа”сонинд Н.Лутбаяр, Ц.Бавуудорж нар ажиллаж, П.Батсайхан шүлгээ бичиж, хөгжмийн зохиолч Ц.Жамъян, Д.Цэвээнравдан нар дуу бүтээж, түүнийг нь С.Батсүх, Э.Сандагжав нар ид дуулж монголын нийтийн дууны оргил үе чухамхүү Завхан аймагт чуулсан мэт  цаг байлаа. Тийм л  Завхан нутгаас ханиа сонгож, ханиа дагаж ирж нутагшсан хүмүүн бол Н.Лутбаяр байлаа. Тэр л цаг дор шүлгээр өвчилсөн, бичихийн дон туссан  тэгсэн  хэрнээ хөдөөгийн сумын хэн ч мэдэхгүй жаалыг ойшоож үг, үсгийн алдаатай мэдээг нь “Туяа” сониндоо  хэвлэж урам өгсөн хүн Лутбаяр ах байлаа. Хожим 1992 онд “Туяа” сонинд хэдэн шүлгийг минь нийтэлж баярлуулсан хүн бол өнөөх Лутаа ах. Түүний шүлгээр бүтсэн “Завхан гол” бол завханчуудын сүлд, шүтээн болсон дуу.

Ээ Завхан гол

Элсний нүүдэл шиг чимээгүй

Ай Завхан гол

Анир үргээж адуу тургилна

Энэ дууг амандаа аялахгүй, аль эсвэл эл дууг аялахад сэтгэл нь уярахгүй хүмүүн гэж ховор гэлтэй. Завханых  хэмээн эндүүрэгдтлээ Завхан нутагт ажиллаж, амьдарсан Отгонтэнгэрийн харъяат гэж андуурагдам  Дорно зүгийн хүн билээ, Лутаа ах. Завхан гол дууг мэдэхгүй жаал ч байхгүй.

Завхан нутаг, Хангайн нурууны их уулсан дунд очоод

Ургуулан ургуулан бодоход

Уул шиг нөмөртэй аав минь

Нутгийн тахилгатай овоодоос

Нуруутай жаахан Зотол мину хэмээн  уярсан найрагчийг Монголын төр үнэллээ.   

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

зочин [ 202.9.40.5 ]      |     2-р сарын 26 -нд, 05:22 минутанд

алны улаан үс

Go to top of page