Б.Баатарсүх: Амьсгалын замын болон хоол боловсруулах замын халдвараас сэргийлээрэй

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Тандалт, урьдчилан сэргийлэлтийн албаны дарга Б.Баатарсүхтэй томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа томуу, томуу төст өвчин эрс нэмэгддэг. Өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулбал, энэ жил өвчлөлийн түвшин ямархуу хэмжээнд хүрсэн бол..?

-Жил бүрийн 12, 1, 2 дугаар сард улирлын томуугийн өвчлөл ихэсдэг. Энэ жилийн хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлийн 2, 2018 оны эхний 2 долоо хоногийн хугацаанд томуу, томуу төст өвчин /ТТТӨ/ хамгийн өндөр түвшинд байлаа. Тухайлбал,  нийслэлийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байсан. Өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулбал, энэ жил өвчлөлийн түвшин харьцангуй бага буюу 1.5-2.5 хувиар буурсан түвшинд байна.

-Тэгвэл томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахад Нийслэлийн эрүүл мэндийн газраас ямар ажлуудыг авч хэрэгжүүлсэн бэ?

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахын тулд эмч, мэргэжилтнүүдийнхээ хүчин чармайлтаар маш олон тооны ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын А 577 дугаар захирамжаар батлуулж, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж ажилласан нь чухал арга хэмжээ байлаа. ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх үндсэн гол аргуудын нэг бол томуугийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах явдал юм. Тус газраас 2017 оны арав, арваннэгдүгээр саруудад 108.000 гаруй эрсдэлт бүлгийн хүн амыг вакцинжуулалтад хамруулсан нь урьд өмнө байгаагүй томоохон үзүүлэлт болсон. Мөн мэдээлэл сургалт, сурталчилгааг маш өргөн хүрээтэйгээр зохион байгуулж, хэвлэл мэдээллийн олон сувгийг ашиглан цаг үеийн мэдээлэл болон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд, гэрийн нөхцөлд хийх асаргаа сувилгаа зэрэг чухал зөвлөмжүүдийг иргэдэд хүргэлээ. Иргэдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх утсыг бүх дүүргийн Эрүүл мэндийн төвд 09-22 цаг хүртэлх хугацаанд нээлттэй ажиллуулсан нь олны талархлыг хүлээгээд байна. Мөн дүүргийн ЭМТ-ийн Хүүхдийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдыг уртасгасан цагаар ажиллуулж, ӨЭМТ-ийн эмч, ажилчдын гэрийн үзлэг эргэлтийг сайжруулсан нь дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн Хүлээн авах тасгийн ачааллыг бууруулахад ихээхэн нөлөөлсөн. Түүнчлэн дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМТ-ийн хүүхдийн орны ачааллыг бууруулах, орны зохицуулалт хийх, ТТТӨ-ний үед ажиллах эмч, мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.

-Сүүлийн үеийн мэдээллээс үзвэл томуу, томуу төст өвчний тохиолдол тодорхой хувиар буурсан байна. Эмнэлгүүдийн ачаалал ч энэ хэрээр багассан байх..?

-Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээс үзвэл, нийслэлийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 4.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн сарын дундаж үзүүлэлтээс нэлээд олон хувиар буурсан үзүүлэлт юм. ТТТӨ буурсантай холбоотойгоор дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМТ-ийн хүүхдийн орны ачаалал ч буурсан байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар /2018.02.13/ нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлгүүдийн 869 хүүхдийн орон дээр 678 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь хүүхдийн нийт орны ачаалал хэвийн байгааг харуулж байна.

-Амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилсөн хүүхдийн дийлэнх хувийг бага насныхан эзэлдэг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Энэ нь хүүхдийн биеийн бүтэц, үйл ажиллагаа, насны онцлог, дархлаа бүрэн хөгжөөгүйтэй шууд холбоотой юм.

-Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа болон эцэг эхчүүдэд зориулсан ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хэд хэдэн зүйл дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Манай эмч нар хоёр төрлийн зөвлөмжийг өгдөг. Тухайлбал томуу, томуу төст өвчнөөс хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх вэ. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн үед ямар тусламж үзүүлэх, эмчлэх, хүндрүүлэхгүй байх вэ гэх мэт. Хамгийн гол нь, хүүхдийг улирлын байдалд нь тохируулж дулаан хувцаслах, амин дэмээр баялаг, илчлэг хоол хүнсээр тогтмол хооллох, С аминдэмээр баялаг ундыг халуун бүлээнээр нь уулгах, шингэн их уулгах, хүүхдийг сайн амраах, ажил, амралтын дэглэмийг зөв зохицуулах, гэрийн эрүүл ахуйг зөв сахих, гарыг нь халуун бүлээн савантай усаар тогтмол угаалгаж хэвшүүлэх, хүүхдийг олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг байнга зүүж хэвшүүлэх, өвдсөн үед гэрт нь тусгаарлан эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх, дур мэдэн эмчлэхгүй байх, ялангуяа антибиотикийн хэрэглээнд маш их анхаарах ёстой.

-Өвчилсөн тохиолдолд дур мэдэн антибиотик хэрэглэх нь ямар сөрөг үр дагаварт хүргэх талаар хэлж өгнө үү?

-Өвчлөлийг хүндрүүлэх, эмчилгээг үр дүнгүй болгоход их нөлөөлдөг юм.

-Сар шинийн баярыг тохиолдуулан иргэд бага насны хүүхэддээ хэрхэн анхаарал тавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ?

-Баяраар олон хүмүүсийн нягтрал ихсэж, амьсгалын замын цочмог болон хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор ТТТӨ, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоор өвдөх тохиолдлууд ихэсдэг. Иймээс иргэд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглүүлж хэвших, аль болох бага насны хүүхдийг үнсэж, хүрэлцэж золгохгүй, зайнаас золгохыгхичээх хэрэгтэй. Мөн хоол хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах, сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдал, шошгыг нягтлах, хоол хүнсний хадгалалт, ялангуяа өндөг, өндгөн бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдэд аливаа өвчний шинж тэмдэг /халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page