Осол гаргасан тохиолдолд хэргийн газрыг орхиж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотод зам тээврийн осол төдийлэн гараагүй амгалан тайван байсан нь цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласантай холбоотой.  Нийслэлийн Баянзүрх дүүрэгт үдшийн цагаар 45 настай эмэгтэйг дайрч амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж явсан үйлдэл гарсан.Цагдаагийнхан шуурхай ажиллаж сэжигтнийг илрүүлжээ. Хэргийн газрыг орхиж явахгүй,  хохирогчид түргэн тусламж үзүүлэх ёстой ч хэрэгт холбогдогч айж, сандарсны улмаас хэргийн газрыг орхиж явсан гэжээ.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хамгийн багадаа 384 мянган төгрөгөөр торгуулж, 6-24 сарын хугацаагаар эрхээ хасуулна. Цаашлаад 30 хоног баривчлагдаж, 768 мянган төгрөгөөр торгуулна. Замын хөдөлгөөний тухай хуулийн 27 дугаар зүйлд Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодоход авах хариуцлагыг заажээ. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэжээ.

Гадаад улс орнуудад  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хэрхэн шийтгэдэг вэ?

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад автотээврийн осол их гардаг. Осол гаргагсдын, нас барагсдын 58 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг ажээ. 11 ам.доллараар торгох буюу 10 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг.

Канадад зам тээврийн ослооор нас барагсдын 34 хувь нь согтуугаар тээврийнхэрэгсэл жолоодсон байдаг. Зөрчил гаргасан жолоочод 1-10 жил хорих ял эсвэл мөнгөн торгууль ногдуулдаг.

Австралид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон тохиолдолд орон нутгийн хэвлэл мэдээллээр зураг, овог нэрийг нь олон нийтэд зарладаг байна.

Франц улсад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан бол 130 еврогоор торгуулна. Мөн хоёр хүртэл жил шоронд хоригдоно.

ОХУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасна.

БНХАУ-д ч мөн адил. Согтолтын зэргээс хамаарч 2000 юаны торгууль, хоёр жил хүртэл хорих шийтгэл, бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд 3000 юаны торгууль, гурваас дээш жилийн хорих ял шийтгэж, бүх насаар жолоо барих эрхийг нь хасна.

Норвеги улсад согтолтын зэрэг, давтан үйлдэл зэргээр хамаарч ялгавартайгаар шийтгэнэ. Давтсан үйлдсэн тохиолдолд гурван долоо хоног нийгмийн тустай хөдөлмөр хийлгэх  буюу жолооны эрхийг нь хасдаг ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.31) 2018 оны 02 сарын 21

Манайд бол согтууруулах ундаа,мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үед мөнгөн торгуулийн зэрэгцээ жолоо барих эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй,ингэж байж л хир баргийн жижиг дайнаас илүүтэйгээр хүний амь сүйдэх,тахир дутуу,эрэмдэг болох,эд материалын асар их хохирлыг багасгах нөхцөл бүрдэнэ.

0  |  0
кхүн(122.201.20.190) 2018 оны 02 сарын 21

Арабын зарим улсад цаазын ялтай

0  |  0
Top