Бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх шаардлагатай

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

 Сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өсжээ. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болоод байгаа ажээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогджээ. 
Агаарын бохирдол Монгол улсын баялаг болох хүн амд ноцтойгоор заналхийлж байнa.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл энэ арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ энэхүү судалгааны тайлан нь агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлд зарцуулж буй эрүүл мэндийн зардал болон агаарын бохирдлыг бууруулахад дорвитой ахиц гарахгүй бол эрүүл мэндийн салбараас ирээдүйд чухам ямар зардал хэрэгтэй болохыг тус тус тооцон гаргасан байна. Мөн хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх дарамтыг бууруулахад чиглэсэн боломжит арга хэмжээг хэлэлцэж, түүнийг хэрэгжүүлэхэд төсвийн орон зай байгаа эсэхэд дүн шинжилгээ хийсэн байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч энэхүү судалгааг хийхэд дэмжлэг үзүүлсэн Швейцарын Хөгжлийн Агентлаг болон Нэгдсэн үндэстний байгууллагын хамт олонд талархлаа илэрхийлж байна. 

Агаарын бохирдлыг бууруулан, улмаар хүн амын амьдрах орчныг сайжруулах чиглэлээр баримталж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин, олон улсын байгууллагуудын техник болон санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг уялдуулах, хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаарх туршлагыг судлан мэдээлэл солилцож, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үнэтэй санал, зөвлөмж гаргана гэдэгт итгэлтэй байна гэлээ.


“Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн. Эдгээр эрсдэлүүдэд амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай төрөлт, хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин болон хүүхдийн нас баралт зэрэг багтана. Агаарын бохирдол Монгол Улсын хүн амд ноцтойгоор заналхийлж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэмдэглэв. 

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшнийг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны цорын ганц шийдэл юм. Гэвч агаарын бохирдлын түвшнийг дорвитой бууруултал ойрын жилүүдэд мянга мянган хүүхэд агаарын бохирдлын улмаас өвдсөөр байр болно. Тиймээс бид эрчим хүчний цэвэр шийдэлд хөрөнгө оруулаад зогсохгүй хүүхдийг агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, агаарын бохирдлын улмаас өвдсөн хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх, тэдний өвчлөх эрсдэлийг бууруулахын тулд хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах зэрэг мөн хөрөнгө мөнгө зарцуулах нэн шаардлагатай гэдгийг онцолж байгаа юм” гэж Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв. 

Энэхүү тайланд дараах боломжит арга хэмжээг санал зөвлөмж болгож байна. 
-    олон нийтийн зан үйлд тасралтгүй нөлөөлөх мэдээлэл сурталчилгааны аян зохион байгуулах 
-    пневмококкийн вакциныг хийх
-    цэцэрлэг, сургууль, эмнэлэгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
-    олон нийтийг шаардлага хангасан амны хаалтын (N95/N99) хэрэглээ, хүртээмжийн талаар зааварчилгаа мэдээллээр хангах
Тайланд мөн эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлэх, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар илүү судалгаа, баримт нотолгоо бий болгох зэрэг дунд болон урт хугацааны зөвлөмжүүдийг оруулжээ.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page