Хөгжил хөдөлгөөнийг нь ажихаас аргагүй бас нэг түнш

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 24

  Манай Улсын  гадаад харилцаа өргөжин тэлж байгаа. Олон улсын тавцанд  нэр хүнд маань хэр өндөрт яваа талаар хэлэхэд хэцүү. Хэцүү ч гэж олон шалгуур үзүүлэлтийн хариу энд хэрэгтэй болно. Хоёр талын их хөршүүдээс гадна Бүгд Найрамдах Казахстантай харилцаагаа хэрхэн улам өргөтгөх вэ гэдэг чухал байх. Тиймийн тулд тэр гүрэнд юу , яаж өрнөж байна. Тэдний хандлага ямар байна вэ гэдгийг та ,бид анзаарах учиртай  буй биз ээ.  Дэлхийн казах түмний тэн хагасаас илүү нь амьдардаг энэ улс орны хөгжил хөдөлгөөнийг анхаарахын нэг том шалтгаан бий. Тэр нь манай Улсад казах зон давамгайлсан нэгэн аймаг байдаг. Монгол Улсын маань  нэг хэсэг Баян-Өлгий шиг тийм онцлогтой аймаг манайд өөр байхгүй. Бусад 20 аймгаасаа онцгой Өлгийн тэр бүрэлдэхүүн нь Монголын түүхийн олон содон өрнөлийн тодотгол болдог билээ...

 Монгол –Казахстаны харилцааны нэгэн шинэ үйлс удахгүй өрнөх аж. Ирж буй гуравдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Түүнийг угтаад гэхээсээ илүү Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын ард түмэндээ хандсан илгээлтийн тухайд энгийн үеийн мэдээллийн хэм хэмжээнд хүргэж байна. Казахстанаас манай Улсад суугаа Элчин сайдын яамныхан Монголын хэвлэлийнхэнд  уг илгээлтийн талаар мэдээлэл өгсөн юм. Түүнээс эш барин энд бичиж байна. “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын нөхцөл дэх хөгжлийн шинэ боломжууд “ гэж Нурсалтан Назарбаев илгээлтээ нэрлэжээ. Энэхүү илгээлтэд  улсынхаа хөгжлийн 10 зорилтыг тодорхойлжээ. Тэдгээр нь аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын эрин зуунд амжилттай явах, дасан зохицоход зориулагдсан чиг хандлага гэж болох аж.     Зорилтуудын хувьд :

                 -Аж үйлдвэржүүлэлтэд шинэ технологиудыг  ашиглах

              - Улсын нөөц баялгийг цаашид хөгжүүлэх

              - Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн цогцолборт “ухаалаг технологи “ нэвтрүүлэх

              - Тээвэр-логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх

             - Барилга, нийтийн аж ахуйн салбарт орчин үеийн технологиудыг ашиглах

            - Санхүүгийн салбарыг  “дахин ачаалах”

            - Хүний нөөц

           - Төрийн үр ашигтай удирдлага

          - Авлигатай тэмцэж, хуулийг дээдлэх

          - “Ухаалаг хот” буюу орчин үеийн хот байгуулалтад хүрэх   гэсэн нэр бүхий эдгээр 10 юм.

“Пост социалист” орнуудын нэг болох Казахстан нь тусгаар тогтносон улс болоод бүтцийн өөрчлөлт хийсэн.  Шинэчлэлийн амар биш замыг туулж байж,  улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд тодорхой үр дүнд хүрэн хөгжсөн байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд Казахстаны  ДНБ дөрөв, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн долоо хувиар өсчээ. Мөн ажилгүйдлийн түвшин 4.9 хувиар буурсан байна. Эндээс харахад аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг  хийхэд эдийн засаг, нийгмийн үндэс суурь бий болж буй гэх аж. Илгээлтийн бас  нэг гол үзэл санаа нь дан ганц байгалийн баялгаас хараат бусаар улсынхаа хөгжилд шинэ зам , шинэ чанар эрэлхийлэхийг  чухалчилжээ.

Энэ бүхнээс гадна Казахстаны гадаад улс төрийн томоохон үйл явдал болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Ерөнхийлөгч Н.Назарбаев нь тэргүүлсэн.  / 2018 оны нэгдүгээр сар /. АНУ-д Н.Назарбаев албан ёсны айлчлал хийсэн зэргийг нь ноён Элчин сайд онцолж байв. Нью-Йорк хотод НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлөөс  энэ оны нэгдүгээр сарын 18-нд  уулзалт зохион байгуулжээ. “Үй олноор устгах зэвсгийг үл дэлгэрүүлэх: Итгэлцлийн арга хэмжээ “ нэртэй уг уулзалтыг  Н.Назарбаев тэргүүлжээ. Түүнчлэн НҮБ дахь Казахстаны оролцоотойгоор  дараахь үйл явцууд өрнөжээ.

-       Төв Азийн орнууд болон Афганистаны Гадаад хэргийн сайдуудын оролцоотой болсон “Аюулгүй байдал ба хөгжлийн шууд харилцаа холбооны загварын хувьд Афганистан болон Төв Азид бүс нутгийн түншлэлийг байгуулах” сэдэвт хэлэлцүүлэг.

-       Афганистан / Талибан, Исламын  Улс / ДАЙШ,  Аль –Кайда болон Сомали / Эри-трейн асуудлаар хороодын уулзалтууд

-       Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх журмыг  батжуулан НҮБ-ын ээлжит тогтоол батлагдсан

-       Африк, Сири, Кипр, Колумб зэрэг ээдрээтэй бүс нутагтай холбоотой нөхцөл байдлын хүрээнд НҮБ-ын комиссын тэргүүнүүдийн тайланг сонссон.

Ийнхүү Казахстан нь дэлхий дахины их үйл хэрэгт оролцсоор л   байгаа аж. Энэ оны эхэнд хийсэн Н.Назарбаевын айлчлалыг   АНУ нь 2018 онд  гадаад улс орны төрийн тэргүүнүүдээс анхных нь айчиллаа гэж онцолжээ. Айлчлалын талаар ноён Элчин сайд К.Кобландин  “Манай орны олон улсын геополитикийн чухал байр суурийг харуулж, аюулгүй байдал болон хөгжлийн төлөө хэрэгжиж байгаа бодлого, чиглэл маань зөв замд явж байгааг батлан харуулсан “ гэж тодотгосон юм.


Б.Цогзаяабаатар

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top