Б.Батхүү ”Бүсгүй хүн ном шиг юм”

2018 оны 03 сарын 20

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар МЗЭ-ийн шагналт яруу найраг Б.Батхүүгийн "БҮСГҮЙ ХҮН НОМ ШИГ ЮМ" шүлгийг сонордуулъя.


БҮСГҮЙ ХҮН НОМ ШИГ ЮМ

Бүсгүй хүн үнэндээ ном юм
Бүтэлгүй нэгний гээсэн ном юм
Бүтэлтэй нэгний нээсэн ном юм
Олсон ном юм олзны ном юм

Уншмаар байвч учир нь олдохгүй
Уранхай ном юм
Утга нь тайлагдахгүй
Уур хүргэсэн ном юм

Бүсгүй хүн ном шиг юм
Бүлэг гарчиг нь танигдахгүй
Бүгээн цагаан ном юм
Хавтас хуудас нь ялгагдахгүй
Хачин сонин ном юм

Бүсгүй хүн ном шиг юм
Эхлэл төгсгөл нь мэдэгдэхгүй
Эртний судар шиг ном юм
Эвхэж нугалж болмооргүй
Эмзэг нандин ном юм

Бүсгүй хүн ном шиг юм
Үсэг мэдэхгүй ч үргэлж хадгалмаар
Үхэтлээ хармалмаар ном юм
Үхсэнч хоргодмоор ном юм

Бүсгүй хүн ном шиг юм
Уншиж мэдэхгүй ч
Уншдаг болтлоо уншмаар
Уран яруу ном юм

Бүсгүй хүн ном шиг юм
Хадгалж гамнаж явмаар
Харамын баримтагтай ном юм
Хайрын барилдлагатай ном юм

Бүсгүй хүн ном шиг юм
Мартаж хэзээч болмооргүй
Маанийн ерөөл шиг ном юм
Молом тоймийн ном юм

Бүсгүй хүн ном шиг юм
Хагацааж зовоож гомдоовол
Хараалын тарнитай ном юм
Хатуу хавтастай ном юм

Бүсгүй хүн ном шиг юм
Хажууд нь байж жаргаавал
Мөнгөн үсэгтэй ном юм
Мөнхийн устай амь юм

Бүсгүй хүн ном шиг юм
Сүсэглэмээр ариун ном юм
Сүү шингэсэн ном юм
Сүүдэргүй цагаан ном юм...

2013-05-23 г Улан-Удэ
Хэнтийн Батхүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top