“Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно

2018 оны 03 сарын 21

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо ТББ-тай хамтран залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг 3-р сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Энэ талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд боллоо. Хуралд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, МБФХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, бодибилдинг фитнессийн Олон улсын шүүгч Ч.Ганзориг ирээдүйн мистер тэмцээнд оролцож амжилтын гараагаа эхэлсэн Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн 3 удаагийн аварга, Ази тивийн хошой аварга Г.Угалзцэцэг, ОУХМ, Ази тивийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин Г.Жамц, Ази, Дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин М.Мөнх-Од нар оролцов.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо Төрийн бус байгууллагатай хамтран залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, биеийн тамир, спорт, түүний дотор бодибилдингийн спортоор хичээллэхийг дэмжих, амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг нь энэхүү тэмцээн юм. Уг тэмцээнийг 2006 оноос Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгож зохион байгуулж ирсэн түүхтэй юм.

“Ирээдүйн мистер” тэмцээнд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчдыг оролцуулдаг онцлогтой. Тэмцээн 10 ангилалтай. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө. Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 3 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт 15:00 цагаас нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top