Монгол Улсын Төрийн тахилгат 10 хайрхан

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

1. Говь гурван сайхан-

Говь гурван сайхан нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх гурван том нуруу. Гурвансайханы нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метр юм. Энэ ууланд алдарт Ёлын ам бий. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2.694.307 га талбайг хамруулан баталгаажуулсан.

Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайхан ууланд хавар 4 дүгээр сарын сүүлчээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг.

Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар байдаг. Аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө хүн амьтны хөдөлгөөн бага үед аргаль, янгир сүрэглэн бэлчиж байдаг. Ойр орчинд нь Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Бүгийн цав, Гурилын цав зэрэг үлэг гүрвэлийн хамгийн баялаг олбортой нутгууд бий. Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Ёлын ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байна.

Монгол-н зураг.

2.Хан-Хөхий хайрхан

Хан Хөхийн нуруу нь Монгол Улсын Увс аймгийн нутагт орших уулсын систем юм. Ноён оргил Алтан Дуулга нь далайн төвшнөөс дээш 2928 метр өндөртэй.

Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Ханхөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Алмас эрдэнээс эхлээд олон төрлийн эрдэнэс бий. Эрт дээр үеэс ургамал амьтнаар баялаг гэдгээрээ алдаршжээ.

YI-YIII зууны үед Түрэг үндэстнүүд Монгол газар нутаглаж байхдаа Отгонтэнгэр уулаас гадна Ханхөхий уулыг тахин шүтэж байсан тухай баримт байдаг. Хожим 1905 онд Жалханз хутагт Дамдинбазар Ханхөхийн тахилгат овоог шинэчилж хуучин нэрийг нь сольж, олон лам нараар ном уншуулан хуурын магнай дуугаар ая барихад тэр өдрийн үдшээс хур бууж ган тайлагдаж байсан тухай хошууны ноён Лу гүн бичиж үлдээжээ. Энэ хошууны ард түмэн Жалханз хутагт, Дилав хутагт, Нарванчин гэгээн нарыг нутагтаа морилон ирэх бүрт уул овоогоо тахидаг байв. Ханхөхий уул нь 33 овоотой хэмээн түүхчид тэмдэглэн үлдээжээ. Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор энэ уулыг дөрвөн жилд нэг удаа тахихаар болсон бөгөөд зарлиг бичигт “Элэнц хуланцаас үүсэлтэй энэ сайхан нутгийн сав шим бүхнийг сайтар тэтгэж, буян хишигт мал сүргийг маань үржүүлэн өсгөж, үйлс зорилго нэгт үндэстэн ястан ард түмний маань заяа буяныг тэгшитгэн, хорлол цээрлэл барцад саадгүй хотол даяараа энх тунх эв найртай оршин, далай мэт арвин, тэнгэр мэт тэнүүн жаргаахын өлзий хутгийг дэлгэрүүлж бүрэн улс, сүлдэт төрийг минь бат энх, өнө мөнхөд мандуулахыг сүсэглэн даатгаж айлтгая. Цаглашгүй буянт тугийг өргөн соёрхохыг цагаан тугийн их үйлсийг эзэгнэн захирагч Ханхөхий уулын тэнгэр та таалан болгоогтун. Арвандолдугаар жарны шороон хулгана жилийн зуны адаг шаргачин хонин сарын билэгт сайн шаргачин хонь өдөр” хэмээжээ.

Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгатай уул болжээ.

Монгол-н зураг.

3. Сутай Хайрхан

Сутай хайрхан уул нь цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээх нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий.

Монгол-н зураг.

4. Бурхан Халдун

Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Монголчууд тус хайрханыг "Хадун хайрхан" гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж "Бурхан Халдун" болсон бөгөөд Буддын шашины нөлөөнөөс өмнө Монголчууд "бурхан" гэдэг үг хэллэг хэрэглэдэггүй байсантай маргахгүй бизээ.

Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.

Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуйвандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” хэмээн үзэж байна. Түүхийн урт замын эхэнд Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн нэртэй 13 газар байдаг ажээ. Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. Гэвч энэ бол төрийн тахилгат уул биш юм. Харин Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан гэж мэдэгдэж байна.

Бурхан халдун нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм[1]. Түүнчлэн 2015 онд Германы Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.

 

Монгол-н зураг.

5. Богд Очирваань Отгонтэнгэр

Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн нутагт орших Хангайн нурууны хамгийн өндөр уул юм. Энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай, ариун дагшин уул бөгөөд Монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн байна. Далайн төвшнээс дээш өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас, мөстэй.

Монгол-н зураг.

6. Суварга Хайрхан

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суврага хайрхан уул нь далайн төвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтах уул юм.

Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.

Суврага хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, Хангайн нурууны усны гол хагалбар газар юм.

Суврага хайрхан уулсын салбар уулсын нутагт амьдарч байгаа зон олон идээ, малаар элбэг, дэлбэг, ус голоор хэзээ ч гачигдахгүй, элдэв өвчин, ган, зуд, байгалийн аюулт гамшиггүй, энх тунх, элбэг хангалуун амьдарч байх хувь тавилантай юм гэнэ билээ хэмээн нутгийнхан ярьдаг, хойч үедээ захидаг юм.

Монгол-н зураг.

7. Богдхан уул

Богд Хан Уул бол Хэнтийн нурууны ай савд багтдаг Монголын түүхэн тахилгат, дархан цаазат уул юм. Газар зүйн нөхцөл, газрын гадаргын хувьд Богд Хан Уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрдэнэ. Богд Хан Уулын хамгийн өндөр оргил нь далайн төвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ Гүн, 2256 метр өндөрт орших Түшээ гүн хэмээх оргилууд болно. Ер нь Богд Хан Ууланд 2000 метрээс дээш өргөгдсөн эртний тэгшрэлийн гадарга голлоно. Тэгшрэлийн гадаргын үнэмлэхүй өндөр 1800, 2000, 2200 метрийн төвшинд гурван үндсэн шатлал үүсгэсэн байна. Ойн хилээс дээш гарсан Цэцээ Гүн, Түшээ Гүн болон бусад өндөрлөгт хүйтний өгөршлийн нөлөөгөөр тагт чулуун нуранги үүссэн газар олонтой. Газрын хэмжээнд Чулуун нүүрсний галавын үед (350-205 сая жилийн тэртээ) хуримтлагдсан тунамал чулуулаг, Мезозойн эриний Триасын галавын сүүлч, юрийн галав (T3-J1) ын эхээр (130 сая жилийн өмнө) үүсч бүрэлдсэн боржин чулуу, мөн уулын бэл, хормой, гуу жалга орчимд сэвсгэр хурдас тархаж байдаг. Тогтцын хувьд Богд Хан Уул Хангай, Хэнтийн атираат бүсийн Хэнтийн хэсгийн баруун өмнөд талд оршдог. Богд Хан Уул нь Хэнтийн нурууны ай савд багтах боловч гол нуруунуудаас саланги орших бөгөөд өндрийн болоод уулархаг хотгор гүдгэрийн нөлөөгөөр тэнд ой, тайгын ландшаф голлох байр эзлэж, Монгол орны ойн тархалтын хамгийн өмнөд зах нь болно. Чухамдаа Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр орших босоо бүсшил бүхий уулсын тогтоцтой ажээ. Богд Хан Ууланд таг, уулын тайга, уулын ой, уулын хээр, уулын хуурай хээр зэрэг бүслүүрлэг хэв шинжээс гадна бүслэг шинжтэй умардын хуурай хээр, бүсийн бус татмын нуга тус тус тархжээ. Энэ ууланд мөстлөгийн буюу мөсөн галавын ул мөр ховор, зөвхөн хамгийн өндөрлөг хэсэгтээ бага зэрэг мөстөж байжээ.

 

Монгол-н зураг.

8. Алтай Таван Богд

Монгол алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.

Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна[1].

1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон

Монгол-н зураг.

9.Алтан хөхий Хайрхан

 Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна. Төрийн тахилга тайлахаас бусад үед гадаад, дотоодын иргэд төдийлөн очоод байдаггүй байжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлыг дамнан нүүдэллэх нутгийн малчдаас өөр хүний хөл хүрээгүй газар гэж хэлж болно. Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм.

Монгол-н зураг.

10. Алтан-Овоо

Алтан овоо нь Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөрт оршдог. Дарьганга сумын төвийн дэргэд орших уг уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн зургаан суманд амьдардаг иргэдийн шүтээн юм.

XVII зууны үеэс нутгийнхан өөрсдийн хүчээр тахиж ирснийг 1913 оноос Богд хааны зарлигаар албан ёсны тахилгатай болгосноор өргөн олныг хамарсан их тахилгат уулын нэг болжээ. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан боловч 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ.

2004 онд оройд нь байх ганжирыг бүрэн алтадсан байна. Алтан овоо нь зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо бөгөөд эрчүүд л гарч сүслэн мөргөж, сархадын дээжээ өргөж, арц хүжээ аравнайлдаг. Харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг байна. Алтан овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, зүүн талд Шилийн богд уул байдаг.

Алтан овооны амин мод буюу сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Уг модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавьж байж авдаг. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод аж. Алтан овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрсөн байна.

Монгол-н зураг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энхлэн(192.82.68.149) 2023 оны 12 сарын 12

гоё байна ү

2  |  0
Зочин(59.153.115.226) 2023 оны 12 сарын 12

По богд, А богд, Га богд 3.

4  |  0
MGL нэр NO юм уу(202.21.100.210) 2023 оны 12 сарын 12

... Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд... НУТГИЙН МАЛЧИД МААНЬ ЮУ ГЭЖ НЭРЭЛДЭГ ЮМ БОЛ ДОО? АРАЙ ОРОС НЭР ХЭЛЭЭД ЗОГСОЖ БАЙДАГГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ

2  |  2
Top