Төв аймагт ”гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2018 оны 04 сарын 07

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлөөс санаачлан Төв аймгийн прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, сумдын салбар зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 02-ны өдөр аймгийн 27 сумдын хэсгийн төлөөлөгч, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг нийт 60 гаруй албан тушаалтнуудыг хамруулан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтанд тус Аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Аварзэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах нь” сэдвээр, хяналтын прокурор М.Гансувд “Насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан, бага насны хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл”, “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид оногдуулах хариуцлагын төрөл” сэдвүүдээр мэдээлэл хийж, сургалт явуулав.

Гэмт хэргийн хохирогч, холбогдогч нартай хамгийн ойр харилцаж, тэдгээрийн дунд урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж буй эрх бүхий албан тушаалтнуудад дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл, гаралт, шийдвэрлэлтийн талаар тодорхой мэдээлэл хийж, хууль эрх зүйн талаарх мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт болсон байна. Хяналтын прокурор М.Гансувд сургалт, зөвөлгөөний зорилго, агуулга, үр дүнгийн талаар орон нутгийн “ТВS” телевиз, тус аймаг дахь “Хэвлэл мэдээллийн алба”-нд ярилцага өгчээ гэж УЕПГ-аас мэдээллээ.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top