Д.Адилбиш: Ю.Цэдэнбал даргын гарыг спиртээр арчаад хүмүүстэй мэндлүүлээд байсан нь содон санагдсан

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

 

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Д.Адилбиштэй ярилцлаа

-Та төр, нийгмийн нэрт  зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нутгийн хүн юм байна. Эл эрхэмтэй амьд сэрүүнд нь уулзаж байв уу?

-Ах нь Цэдэнбал даргыг сайн мэдэхгүй, уулзаж байгаагүй ч гар барьж үзсэн хүн юм аа.

- Цэдэнбал гуайн зургийг зурсан байна?

-1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр  Ю.Цэдэнбалтай холбоотой бүхнийг харлуулах, зураг хөргийг нь устгах тийм үйл явц болсон. Зураг нь олдохгүй. Зурагтаар Маршалын хувцастай зураг нь нэг удаа гарахад би аппаратаар буулгаж аваад тэгээд зурсан юм. Бараг 20-иод жилийн өмнөх явдал. Ингэж буурал Маршалынхаа зургийг дурсгал болгож, зурж хадгалсан ухаантай.  

- Бал даргатай гар барьсан тухайгаа ярих уу?

- 1966 он. Увс нутагтаа Цэдэнбал дарга очсон юм. Ажлаар л даа. Тэгээд Баян-Өлгий, Ховд чигт явсан байх. Хоёрдугаар сарын ид хүйтэн үе. Аймаг төсвөө батлах гээд одоогийнхоор ИТХ нь хуралдах гээд завгүй байцгаасан хэрэг.

- Цэдэнбал даргын төрсөн бууц нь хилийн цаана бий л гэлцэх юм?

- Нарийн сайн мэдэхгүй юм. Буурал дарга тэр үеэр аавынхаа төрсөн  бууцан дээр очсон. “Тун-Мэнд” гэдэг газар. Өвөлжөө нь юм. Хамт суралцаж байсан, саальчин эмэгтэйтэй уулзаад явсан.  Хөөрхий аавынхаа бууцан дээр очоод л буцсан.

-Та хэдийд нь гар барив?

-Гудамжинд хүмүүстэй гар бариад. Бие хамгаалагч нар нь Цэдэнбал даргын гарыг цэнхэр спиртээр арчаад хүмүүстэй гар бариулаад содон санагдсан. Ингээд “ГАЗ-69” машинд нь суулган, машиныг нь асаахгүй түрж яваад уулзалт болох клубын үүдэн дээр аваачсан юм. Тэр үед би гар барьсан л даа.

-Та Увс аймгийн аль суманд төрөв?

-Увс аймгийн Хяргас сумаас хойшоо Тогтохын шил гэдэг газар  төрсөн юм, ах нь. Би айлын том хүүхэд. Ээж маань төрсөн өдрийг яг таг хэлж мэдэхгүй байсан. 1940 оны өвлийн эхэн сарын 30. Тэгэхээр 1940 оны 12 дугаар сарын 5 эсвэл 6 болж таараад байгаа юм.

- Баруунтурууны сангийн аж ахуйд ажиллаж байсан гэв үү?

-Баруунтуруунд сургуульд 1949 онд орсон. Дөрвөн гэртэй тийм л сургууль. Анхны нэгдүгээр анги. Хойтон жил нь Цагаанхайрхан суманд хоёрдугаар ангид орсон.

- Хүүхэд байхаасаа ураг зураг сонирхож байв уу?

-Дөрвөн настай байсан уу. Манай гэрт цулгуй улаан хүрэн хоёр авдар байдаг. Тэр авдрынхаа нүүрэн дээр  хутганы үзүүрээр элдэв морь мал зурна. Хөдөөгийн хүүхэд учраас эргэн тойрныхоо үйл явдал гэр барьж байгаа, нүүдэл суудал хийхийг хонь, ямаа зурдаг л байж. Харандаа, дэвтэр олдохгүй нүдний гэм шүү дээ.

-Хүүхэд бүр зураг зурах  дуртай байдаг болов уу. Шороон дээр зураг зурлаа гэж аав, ээждээ зэмлүүлдэг л байсан?

-Би зүгээр байдаггүй хүүхэд байжээ. Хунгар цасан дээр шилбүүрээрээ элдэв зураг, амьтан хүртэл зурна. Энэ сонирхлоо л дагажээ.

- Зураачийн гараа яаж эхлэв?

-Ховдод сургууль төгсөөд Зүүнхангай сумандаа Машинт станцын бөгөөд бригадын дарга болсон. Тэгтэл Улаангомд аймгийн соёлын өдрүүд болох чимээ гараад. Дотроо бол явах бөөн хүсэл ч бас дарга нарт хэлэхээсээ эмээнэ. Зургаан сумын нэгдлийн малчдын малын өвс, хадланг бэлтгэдэг бригад. Нэг өдөр хоёр “УАЗ-469” машинтай хүмүүс ирлээ. Дарга нартай уулзаад ажилтнуудыг дуудаж уулзаад, дуулдаг, бүжиглэдэг ер ямар авьяастайг нь асуугаад байна. Тэр үед л Адилбиш гэдэг нөхөр зураг зурдаг юм гэж хэлсэн юм болов уу даа. Тэгээд зурсан  зургаа аваад ир гэж зураг үзээд явсан. Хавар дөрөвдүгээр сард аймгаас дуудсан. Манай станцын дарга Загдаа дуудлаа. Эндээ ажиллана гэв л гэрийн бор эсгий энэ тэр  өгье гэнэ.

-Таныг явуулахгүй л санаа байж. Эсгий гэдэг одоо бол авлига юм уу?

-Хэ цэсс. Бараг тийм ч юм уу. Ингээд би явна л гэж хэлсэн. Ийнхүү явсан түүхтэй ах нь. Анхны зураг Буурын ноцолдоон нэртэй  байсан. Буур ч их сүртэй амьтан. Ялангуяа ороо нь орохоороо шавж байгаа нь барилдах гэж буй бөх шиг. Ээ мөн сүртэй сайхан шүү. Дараа нь, “Гүү саалт” гэдэг зургийг хуулбарлаж зурсан. Яг өөрөө бол “Уургач” гэдэг зурагтай. Г.Занабазарын музейн хоёрдугаар давхарт зургийн үзэсгэлэн гарсныг тодхон санаж байна.

-Та Дөрвөд, Баядын уртын дуунуудыг сэргээж ном болгосон байсан?

-Тийм мартагдаж байна. Тухайлбал, Баянцагаан нутаг гэж дуу байна. Одоогийн ӨМӨЗО-ны Их зуугийн аймагт байдаг Баян уул  хэмээх нэртэй газар зохиогдсон гэсэн  эх сурвалжийг би гаргаж ирсэн. Тэр орчмоор эртний Монголын Баяуд аймгийнхан нутагладаг байж. 2200 жилийн тэртээ  Модун Шаньюу  Баяуд аймгийнхныг эрхшээлдээ оруулж, Гурван голын бэлчирт авчирсан. Ингээд баядууд баруун тийшээ л нутаглаад яваад байсан. Отгонтэнгэр орчмоор, Алтайн уулс орчимд, эргээд Хөвсгөлийн чиг рүү гэхчлэн. Ийнхүү нүүдэллэх бүрд дууны үгэнд гардаг уулын нэр өөрчлөгдөөд явсан. Анхны хувилбар нь

Баянцагаан нутаг

Бахтай сайхан нутаг

Баян уулд л  лүшээ гэж эхэлдэг.

-Лүшээ гэж юу гэсэн үг вэ?

-Биш үү л гэх утга агуулдаг юм билээ. Тэгээд Бурхан Халдун, Очирваань, Алтайн уулс, Хөхий нутаг гээд үргэлжилдэг.

Дээр таны яриад гарсан. Хутга,  шөвгөөр авдрынхаа нүүрэнд дээр зураг сийлэхээр аав, ээж зэмлэх үү?

- Би дүүгээ харна.  Одоо 70 нас хол давсан нутагтаа бий. Аав, ээж ажилихтэй анзаардаггүй байсан уу. Надад бол их  л гоё зурагнууд харагдана шүү дээ.

а бид хоёрын яриа Ю.Цэдэнбалын гуайн тухай эхэлсэн. Энэ яриагаараа л дуусах бололтой.  Ю.Цэдэнбал гуайг тэгтлээ их тахин шүтэж байсан юм уу?

- За юу  л бол доо. Ямар ч гэсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зураг шиг дарга нар нь өрөөнийхөө хананд Бал даргын зургийг байршуулж, шүтдэггүй л байсан байх. Майн баяр, Октябрийн баяраар Ленин, Маркс, Энгельс нарын зургийг барьж жагсана. Мөн Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг зургийг. Гэхдээ Ю.Цэдэнбалын зургийг барьж жагсч байсныг нэг л сайн санахгүй юм. Хожим Сталины зургийг барьж жагсахаа больсон. Ямар нэгэн шалтгаан байсан биз. Харин Улс төрийн товчооны гишүүдийн зургийг ч барьж жагсдаг л байв.

 

Д.Дамдиндорж 

Эх сурвалж: www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Medeh(103.229.121.11) 2018 оны 04 сарын 19

Bayaduud uvur mongolood irsen, hunnu munnu geed undeslelgui yum yarjee

0  |  0
Zochin(66.181.176.221) 2018 оны 04 сарын 19

Тэр үёд 69 гэж байсан шүү ачаа суудлын 2 загвар байсан харин газ69 үү уаз69 үү гэдгийг санахгүй байна

0  |  0
mongol(27.123.214.108) 2018 оны 04 сарын 17

1966 ond UAZ 469 garaagui baisan l daa. GAZ AA baisan baih.

0  |  0
zochin(202.9.40.250) 2018 оны 04 сарын 17

””Ингээд “УАЗ-469” машинд нь суулган, машиныг нь асаахгүй түрж яваад уулзалт болох клубын үүдэн дээр аваачсан юм””. ЭНЭ ИХ СОНИН СОНСОГДОЖ БАЙНА. СУРВАЛЖЛАГЧ УЧРЫ НЬ САЙН АСУУХГҮЙ ДЭЭ ЭНЭ БУУРАЛААС. ТАНЬД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭЕ!

0  |  0
Top