Нийгмийн даатгалын талаар заавал мэдэж байх 20 зүйл

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

Нийгмийн даатгалын тухай ойлголт, түүнтэй холбогдох хууль журмын талаар нийтийн дунд мэдээлэл их дутагддаг. Тиймээс дараах 20 асуултын хариултыг хүргэж байна.

Асуулт-1. Нийгмийн даатгалын тухай ойлголт, түүний төрөл ямар байдаг вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 3-р зүйлд зааснаар Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн. Нийгмийн даатгал дараахь төрлөөс бүрдэнэ.

1/ тэтгэврийн даатгал;

2/ тэтгэмжийн даатгал;

3/ эрүүл мэндийн даатгал;

4/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;

5/ ажилгүйдлийн даатгал

Асуулт-2. Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хурээг хэрхэн ойлгох вэ?

-Нийгмийн даатгал нь заавал даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.

Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан заавал даатгуулна:

- Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн,

- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн

- Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч

- Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн

- Тэтгэвэр авагч ажилгүйдлийн болон эруул мэндийн даатгалаас бусад төрлийн даатгалд даатгуулна.

Асуулт-3. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад ямар төрлийн даатгалд даатгуулж болох вэ?

-Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь

a) Тэтгэврийн

b) Тэтгэмжийн

c) Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэсэн төрөл тус бүрт даатгуулна.

Асуулт-4. Сайн дураар даатгуулагч ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй вэ?

-Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй.

а. Тэтгэврийн даатгалын сангаас:

-Өндөр настны тэтгэвэр

-Тахир дутуугийн тэтгэвэр

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

b. Тэтгэмжийн даатгалын сангаас:

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны

-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

-Оршуулгын тэтгэмж

c. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:

-Тахир дутуугийн тэтгэвэр

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

-Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж

D.Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр

-Тэтгэврийн даатгалын шимтгэл

-Рашаан сувилалд эмчлүүлсний зардал

Асуулт-5. Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар болзол хангасан нөхцөлд авах бэ?

-Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн, түүний дотор сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 6 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх нь дахин үүснэ.

Асуулт-6. Сайн дураар даатгуулагч нь үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд ослын актыг ямар байгууллагад хандаж тогтоолгох бэ?

- Сайн дураар даатгуулагч нь осолд өртсөн тухайгаа оршин суугаа аймаг, сум дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан/-т мэдэгдэнэ. Ослын актыг аймаг сум, дүүргийн Засаг даргын томилсон байнгын комисс судлан тогтооно.

Асуулт-7. Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар хугацаанд авах вэ?

-Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг Хөдөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олдоогүй бол оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсний дараагийн өдрөөс тус тус эхлэн ажлын 126 өдөр дуустал хугацаанд олгоно.

Асуулт-8. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хэрхэн олгодог вэ?

-Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудсыг үндэслэж олгодог.

Асуулт-9. Түр ажиллаж байгаа ажилчинд олгож байгаа цалингаас хүн амын орлогын албан татвар, шимтгэл тооцож авах уу?

-Түр ажиллаж байгаа эсэхээс үл хамааран байнгын ажлын байранд ажиллуулж байгаа ажилтнаас НДШ, ХХАОТ-ыг хуулийн дагуу суутгаж авна.

Асуулт -10. Нийгмийн халамжийн тэтгэврийг хэн авах эрхтэй вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авна. Үүнд:

1) 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй

2) 16 насанд хүрсэн одой иргэн

3)Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэршээлтэй иргэн

4) Тэжээгч нь нас барсан 18 хүртлэх насны хүүхэд

5) 18 хүртлэх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг

Асуулт-11. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжээс өөр иргэдэд зориулсан халамжийн үйлчилгээ байдаг уу?

Хариулт-11. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжээс өөр иргэдэд зориулсан халамжийн дараах үйлчилгээ байна. Үүнд:

-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

-Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна.

1) Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах,

2) Зөвлөгөө өгөх,

3) Сэргээн засах үйлчилгээнд хамруулах,

4) Түр байрлуулан асрамжлах,

5) Өдрийн үйлчилгээнд хамруулах,

6) Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах,

7) Иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх,

8) Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах,

9) Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах,

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна.

1) Ахмад настны асрамжийн үйлчилгээ,

2) Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ,

3) Хүнд нөрцөлд байгаа 18 хүртлэх насны хүүхдийн асрамжийн үйлчилгээ,

4) Гурав ба түүнээёс дээш ихэр хүүхдийн асрамжийн үйлчилгээ

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг ямар тохиолдолд дуусгавар болох вэ?

Хариулт-12. Нийгмийн даатгалын тухай хуулийн 18-р зүйлд зааснаар

1/ даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон;

2/ ажил олгогч татан буугдсан, дампуурсан;

3/ даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон;

4/ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно.

Асуулт-13. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тахир дутуугийн тэтгэвэр тогоолгоход дараах бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх

2.Нийгмийн даатгалын дэвтэр

3.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт зэрэг болно.

Асуулт-14. Тэтгэвриин даатгалын шимтгэлийг 20 хүрэхгүй жил төлсөн даатгуулагч эмэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох уу?

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 хүртлэх жил төлсөн бол нийт шимтгэл төлсөн хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН тогтоолгож болно.

Асуулт-15. Сайн дураар даатгуулагч ямар тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцлах вэ?

Хариулт-15. Сайн дураар даатгуулагч нь дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцална.

- Аж ахуйн нэгж, байгууллагад ажилд орох

- Тэтгэвэр тогтоолгох

- Нас барах

Эдгээр тохиолдолд шимтгэлийн тооцоог дуусгаж, аймаг, сум, дуургийн нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан/ сайн дураар даатгуулагчийн гэрээг цуцалсан тухай шалтгааныг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичиж баталгаажуулж өгнө .

Асуулт-16.Тэтгэвэр тэтгэмж тогтоолгох өргөдлийг ямар хугацаанд шийдвэрлэх вэ?

- Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

Асуулт-17. Ямар тохиолдолд тэтгэвэр , тэтгэмжийг зогсоох вэ?

-Нийгмийн халамжийн тухай хуулийн 30-р зүйлийн 1-д Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсооно гэж заасан байдаг.

Асуулт-18. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авах эрх хэдийд үүсэх вэ?

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авах эрх нь ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Мөн хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн эмэгтэйчүүд /даатгуулагч/ хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Асуулт-19. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хэрхэн тооцох вэ?

-Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно. Харин тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно

Асуулт-20. Оршуулгын тэтгэмжийг хэрхэн авах вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгохоор харин даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгохоор мөн нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр,тэтгэмж авч байсан иргэн нас барвал, түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно гэж заасан байдаг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top